Э.СОЛОНГО
Монголын төр ганцхан өдрийн дотор банкаа хэдэн арав дахин томруулж чадав. Ийм гайхалтай засаг, төр байдагт нь гаднынхан гайхаж байна гэнэ. АНУ-ын “Морган Стэйнли” банкныхан Монгол дахь энэ үйлдэл нь тэдний банкны салбарт итгэх итгэлийг сулруулаад зогсохгүй зээл төлөх чадварт нь эргэлзээ төрүүлж байна” хэмээн онцолсон байх юм. Төрийн гэсэн тодотголтой юм бүхэн хэрхэн дампуурч тэр газар шахааны хүмүүсээр дүүрдгийг бид мэднэ.
“Зоос” гэдэг банкны “ясыг барьж” нэг л өдөр Төр өөртөө банктай болсон. Харин дараа нь “Хадгаламж” хэмээгч топ таван банкны нэгээр “туг тахиж” 35 салбартай банкаа 502 салбартай банкаар нүд ирмэхийн зуурт өргөжүүлэх нь тэр. Дахин онцлон хэлэхэд “Хадгаламж” бол төрийн санхүүгийн үйлчилгээний 50 гаруй хувийг гүйцэтгэдэг Төрийн банктай харьцуулашгүй банк байлаа. “Хадгаламж” Төрийн банкнаас 3-4 дахин том банк юм. Тэнд цэвэр өрсөлдөөн өрнөж, чадвартай мэргэжилтнүүд өндөр цалинтай ажилладаг байв. Харин одоо төр мэдэлдээ авсан шинэ Төрийн банк шахааны хүмүүсээр дүүрдэг болов уу яадаг бол. Улстөрчдийн золиос болсон “Хадгаламж” банк, “Төрийн банк” хоёрт ямар ялгаа байсныг дор өгүүлье.