Б.НОМИН

Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сангаас “Үйлсийн титэм” ТББ-тай хамтран хүүхдүүдийг “Эко манлайлагч сурагч” нэртэй 15 хоногийн хөтөлбөрт хамрууллаа. Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв болон эко зусланд зохион байгуулсан энэхүү хөтөлбөрт дунд сургуулийн 70 гаруй сурагчийг хамруулсан юм. Тэд, “Хүн байгалийн холбоо”, “Ус”, “Цэвэр ёс суртахуун”, “Удирдагч хүний гадаад ертөнц”, “Дуулгавартай чанар”, “Агаар”, “Талархах сэтгэл” гэх мэтээр байгаль орчны болон хувь хүний хөгжлийн хосолсон лекц сонсч, илтгэлийн уралдаанд оролцлоо. Түүнчлэн хүрээлэн буй орчинтой танилцаж, байгалийн сайхныг мэдрэх явган аялал хийж, урлагийн наадам хийсэн юм.

“Эко манлайлагч сурагч” хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдлийг уншигчдадаа хүргэе.

 

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАДАГ ШИГЭЭ БАЙГАЛИА ХАЙРЛАЯ

Ж. Дүүрэнбилэг /21-р сургууль 10б анги/

Байгаль орчин, ногоон хөгжил, орчны бохирдол гээд тодорхой хэмжээний мэдлэгийг хичээл номноосоо авдаг хэдий ч амьдрал дээр ашигладаггүй, сүүлийн үеийн тоо баримттай мэдээлэл төдийлөн авдаггүй байсан.

Энэ сургалтад явснаар илүү их практикийн мэдлэгтэй боллоо. 0,5 литрийн Cola үйлдвэрлэхийн тулд 3 литр ус зарцуулдаг нь надад тун харамсалтай санагдсан. Бас нэг гулдмай алт үйлдвэрлэхэд найман сая литр ус ордог нь туйлын эмгэнэлтэй. Бид алтгүй амьд явж чадна. Харин усгүйгээр амьд явж чадахгүй ээ. Хүн анх эх дэлхий дээр мэндэлдэг. Тэгээд насан туршдаа эх дэлхий, байгаль орчныхоо агаарыг нь амьсгалж, уснаас нь ундаалж, мод, үр жимс, ургамлыг нь хэрэглэн хөрс шороог нь хөдөлгөн амьдралынхаа бүхий л хэрэгцээг хангадаг. Эцэст нь амьдралын мөнх бусыг үзэн хөрс шороог нь цөмлөн байж гүн нойрсдог билээ. Бид дэлгүүрээс хүртэл эд бараа худалдаж авчихаад мөнгө төлдөг атлаа амьдралын бүхий л чухал зүйлсээ байгаль дэлхийгээсээ авчихаад яагаад утаа тортог, хог хаягдал өгөх ёстой вэ. Тиймээс эх дэлхийдээ бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийж хогоо хогийн саванд хаяж, ус, хөрсөө хамгаалцгаая. Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг. Тийм ээ, хүнд таван цул эрхтэн гэж байдаг шиг эх дэлхий таван тивтэй. Өөрийгөө хайрладаг шиг байгаль орчноо хайрлая.

 

Ц. Оюундарь /115-р сургууль/:

Би өмнө нь цахилгаанаа хэмнэж байна гэж бодоод зурагтаа, эсвэл комьпютерээ зүгээр л товчлуураар нь дарж унтраадаг, цэнэглэгчээ залгуурандаа удаан орхидог байсан. Гэртээ байгаа цэцгийг усалж мэддэггүй байсан. Бүр ямар, ямар цэцэг байгааг нь ч ойлгодоггүй байсан. Нүүр гараа, шүдээ угаахдаа усаа хэмнэхийг мэддэг байсан ч хэрэгжүүлдэггүй байсан.

Харин энэ сургалтад сууж, “2030” киног үзээд энэ бүх дутуу дулимаг зүйлээс болоод миний эх орон, газар шороо, уул, ус минь ямар их эмгэнэлтэй байдалд орохыг хараад үнэхээр нэгийг бодсон. Тэгээд би өнөөдөр дээр өгүүлсэн дутагдлуудаа бүрэн засч чадлаа. Үүндээ баяртай байгаа.

 

М. Энхбаяр /114 дүгээр сургууль/:

Манай Монгол орны байгаль орчин маш их доройтож буйг ойлгосон. Зөвхөн Монгол орон биш, манай гаригийн байгаль орчин, экологи сүйтгэгдэж буйг мэдсэн. Үүний эсрэг зогсохын тулд бид эхлээд өөрсдөө өөрчлөгдөж, бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой. Бусдыг байгалиа хамгаалах үйлсэд уриалан дуудах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

 

Ц. Билэгсайхан /21-р сургууль/:

Байгаль орчин, ногоон төглийнхөө талаар маш их зүйлийг сурч, мэдлээ. Жишээ нь, ус бидний амьдралд ямар чухал ач холбогдолтойг, мөн усанд ямар бодисууд агуулагддаг, усыг хэрхэн  ангилдаг, хэрхэн хайрлаж гамнах ёстойг сурч мэдэж авсан. Тоочоод байвал бидний сурч мэдсэн зүйлс маш их. Бид агаар, ус, хөрс, ургамлыг өмнө нь мэддэг байсан төвшингөөсөө илүүт гүнзгийрүүлж судалсан юм. Бас  бид сонирхолтой мэдээллүүд болон илтгэх урлагт, бусдыгаа хэрхэн хайрлаж хүндлэхэд суралцсан. Эцэст нь хэлэхэд бид сурч мэдсэн зүйлсийнхээ ачаар байгаль орчноо хайрлан хамгаалах болно. Найз нар, аав, ээж, ах эгч нар маань биднээр дамжуулан их зүйлийг ойлгож авах болно гэдэгт итгэлтэй байна.

 

М. Эрдэнэ- Амгалан /18-р сургууль/:

Бид байгаль орчноо бохирдуулж зүй бусаар хандсанаар өөрсдийнхөө амьдрал, болон ирээдүйгээ устгаж байна гэсэн үг юм байна. Тиймээс бид чадах хэрээрээ ногоон хөгжилд туслах хэрэгтэй. Гадаа гудамжинд байгаа ганц ширхэг хогийг ч зориулалтын саванд хийх хэрэгтэй.