Б.ЗАЯА

Нийслэлийн авто замын газраас өчигдөр нийслэлд өрнөж буй зам барилгын ажлын талаар танилцууллаа. Энэ жил нийслэлд улсын төсвөөр 14, нийслэлийн төсвөөр он дамжсан дөрөв, энэ онд 15 төсөл хэрэгжиж байна. Шинээр 17 км замыг барих бол 5.1 км замыг шинэчилнэ. Түүнчлэн автомашины нүхэн гарц, зургаан дүүрэгт явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Өнгөрсөн оны дөрвөн сараас эхэлсэн зам барилгын ажил эрчимтэй явагдаж буйг албаныхан онцлон, энэ эрчээрээ явбал төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломжтой гэв.

Өнөөдрийн байдлаар засвар шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад орсон дөрвөн зам байна. Он дамжин өрнөсөн 120 мянгатын уулзвар буюу Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км замыг “Наранбулаг Хан” компани шинэчилж хугацаандаа хүлээлгэн өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамж буюу Гадаад хэргийн яамны уулзавраас ЗЦГ хүртэлх 1.1 км, Цагаан давааны хогийн цэг хүртэлх хайрган хучилттай 1.66 км замыг ашиглалтад оруулав. Түүнчлэн  Дархан болон баруун аймгууд руу салдаг чиглэлд шалган бүртгэх хоёр товчоо байгуулж замын хучилт, тэмдэглэгээг хийж гүйцэтгэжээ. Олон улсын жишигт нийцсэн товчооны замыг “Өргөн говь” компани нэг тэрбус 596 сая төгрөгөөр хийжээ.  Харин зорчих хэсгээ бүрэн нээсэн ч зам барилгын ажил үргэлжилж буй хэд хэдэн цэг байна. Тухайлбал, БЗД-ийн 16 хороо Улаанхуаран чиглэлийн 1.5 км авто замын шинэчлэлийн ажил өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Газар чөлөөлөлтийн улмаас ажил удааширсан, ажлын явц 95 хувьтай. СХД-ийн 25 дугаар хороо Зүүн салааны 3.6 км замыг шинэчилж, үргэлжлүүлэн 1.2 км замыг зам барилгын  “ОДНД” компани гүйцэтгэсэн. Замын хөдөлгөөнийг нээсэн ч одоогоор явган хүний зам, гэрэлтүүлэг тавьж байгаа аж. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад шилжихэд хүргэсэн “Бэрх зараа” компанийн эхлүүлсэн “22-ын товчоо”-ны замыг “Тэгшт Плант”,  “Эрдэнэ зам” компани хамтран гүйцэтгэж ашиглалтад өгөөд байгаа. Одоогоор явган хүний зам, ногоон байгууламж барих ажил үлджээ. Энэ мэтчилэн есөн цэгт дагуул ажлууд хийгдэж буй гэнэ. 

Замын ажилд 600 тэрбумыг зарцуулжээ

Нийслэлийн авто замын газраас замын засвар шинэчлэлийг гурван үе шатаар хэрэгжүүлж байгаа аж. Эхний үед улсын баяр наадмаас өмнө замын хөдөлгөөнд түгжрэл болохуйц замуудыг нээсэн. Харин дараагийн хэсэгт хичээлийн шинэ жилээс өмнө нийслэлийн төв цэгүүдийг шинэчилж, засварлаж дуусна. Түүний хэлж буйгаар есдүгээр сарын 1-нээс өмнө ихэнх замууд ашиглалтад орох гэнэ. Одоогоор ажил үргэлжилж байгаа 21 цэг байгаа юм байна. БГД Шүүхийн гудамжнуудын нэг км замын ажлын явц таван хувь. Ирэх аравдугаар сарын 14-нд ашиглалтад өгнө. Сөүлийн гудамж Гранд плазагийн уулзварыг гурван замын уулзвар болгоно. Одоогоор хуучин хашлага хуулах, уулзвар орчмын инженерийн шугам сүлжээг янзлах ажлыг хийж байна. Гэрээ ёсоор ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгнө. Түүнчлэн олон улсын стандарт нийцүүлэхээр гурван эгнээгээр хоёр урсгалтай зорчих Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замыг өнгөрсөн онд эхлүүлсэн. 28.2 тэрбумын хөрөнгөөр бүтэж буй уг замын ажил 40 хувьтай явж байгаа аж. Урд урсгалд суурь асфальтан хучилт хийсэн. Түүнээс гадна Сэлхийн зуслангийн 4.5 км, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх зургаан км зам, БЗД Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км замын ажил үргэлжилж байна. Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км автозамын өргөтгөл шинэчлэл хийгдэж буй. Зам засварын ажилд энэ жил 600 тэрбум төгрөг зарцуулаад байгааг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хурлын үеэр дуулгалаа. Хурдны замын ажил эрчимтэй явбал нэг их наяд төгрөгийг нэг жилийн дотор замын ажилд зарцуулах аж. Жилийн жилд хөрөнгө мөнгө зарцуулан байж зассан зам нь жил хүрэхгүй хугацаанд эвдэрдэг түүх нийслэлд бий. Энэ жилээс эрчимтэй эхэлсэн замын ажлын чанарын талаар Нийслэлийн авто замын газрын удирдлагууд амлалт өгч байна. Тэрээр “Замын насжилт хоёр жилээс дээш байх ёстой. Богино хугацаанд эвдрэх зам гарахгүй” гэлээ.