
Б.ЗАЯА
Монголд анх удаа Европод хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх дээд сургууль үүд хаалгаа нээжээ. Монгол Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн элсэлтийн талаар БШУЯ-ы Дээд бололвсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Шинэбаяртай ярилцлаа.
-Монгол Германы хамтарсан Технологийн дээд сургууль энэ жилээс үүд хаалгаа нээж байна. Элсэлтийн бүртгэлийг сунгасан байсан. Бүртгүүлэгчид хэр олон байна?
-Монгол Германы хамтарсан Технологийн дээд сургууль гэх Монголын төрийн өмчийн дээд сургуулийг Германы Засгийн газартай хамтраад байгууллаа. Бүртгэл энэ сарын 1-нээс эхэлсэн. Бүртгэлийн хугацааг наймдугаар сарын 14 хүртэл сунгасан. Сонирхсон эцэг эх, хүүхдүүд олон байна. Мэдээллээ аваад бүртгүүлж байгаа.
-Элсэгчид зөвхөн энэ жилийн төгсөгчид байх уу?
-Үгүй. Бид элсэгчдээ гурван бүлэгт хуваасан. Мэдээж олонхи нь энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүд байгаа. Тэд ерөнхий шалгалтыг физик, математик, англи хэл, хими гэсэн хичээлээр өгсөн, хоёр дээр нь 600-аас дээш оноо авсан байх ёстой. Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг элсүүлж байгаа. Нийгмийн ухаан, хэлний чиглэлээр сурч байгаа оюутнууд хандах тохиолдол олон байгаа нь харагдсан. Гадаадад сурч байсан, монгол хэлний мэдлэггүй хүүхдүүд ч элсч болно.
-Энэ жилийн төсгөгчдийн шалгалтын оноо хүрэхгүй тохиолдолд хэрхэх вэ. Тийм төгсөгчид танайд олноороо хандаж байгаа гэсэн?
-Хүүхдүүд нэг хичээлдээ өндөр оноо аваад, өөр нэгэнд 600 оноондоо хүрч чадаагүй тохиолдолд яаманд өргөдөл гаргаж болно. Түүнчлэн манайд тодорхой хугацааны өмнө дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөөгүй тухайн салбартаа ажиллаж байгаа хүмүүс бий. Уул уурхай, байгаль орчны чиглэлд мэргэжлээрээ мэргэших сонирхолтой залуусыг урьж байна.
-Технологийн сургуульд ямар мэргэжлээр бэлтгэх вэ?
-Уул уурхайн механик инженер, байгаль орчны инженер гэсэн мэргэжлээр инженерийн боловсрол олгоно.
-Энэ жил бэлтгэл анги хичээллүүлнэ гэсэн. Хэчнээн оюутан элсүүлэх вэ?
-120 оюутан.
-Техник технологийн боловсрол олгох олон сургууль бий. Германтай хамтарсан энэ сургуулийн давуу талыг нэрлэхгүй юу?
-Монголын залуус Германы инженерийн боловсролыг эх орондоо эзэмшинэ. Мөн нийт төгсөгчид европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр дипломтой төгсөнө. Гэхдээ энэ диплом Германых биш, Монголын төрийн өмчийн сургуулийн харьяалалтай. Сургалтыг монгол англи хэлийг хослуулж заана. Бэлтгэл ангидаа англи хэлний эрчимтэй сургалттай. Нэгдүгээр курсээсээ монгол англи хэлээ хавсарна, хоёрдугаар курсэд англи хэлээ нэмэгдүүлэх зарчмаар төгсөх ангидаа цэвэр англи хэлээр хичээлээ заадаг болсон байна. Тэгэхээр төгсөгч маань англи хэлний өндөр мэдлэгтэй төгсөнө гэсэн үг. Мөн онол практик хосолно. Сургалтын хөтөлбөрт 20 хувиас доошгүй нь үйлдвэрлэлийн дадлага байна. Оюутан ганц нэг сар үйлдвэр дээр байхыг хэлэхгүй. Тухайн үйлдвэрийн нэг гишүүн болж ажиллана. Сургуулийн сургалтын хөтөлбөрт үйлдвэрлэлийн дадлага хийх хөтөлбөр боловсрогдоно. Мөн дадлага хийх компаниудад оюутнуудыг дагалдуулж ажиллуулах инженер багшийг бэлтгэх хөтөлбөр боловсруулна. Тэгэхээр тухайн үйлдвэрүүд ажлаа мэддэг инженерийг өөрсдийнхөө хэрэгцээнд хангаж төгсгөж чадна. Тэд төгсөөд тухайн үйлдвэрт ажиллах чадвартай хүмүүс болох ёстой. Энэ бол сургалтын чанарын гол үзүүлэлт.