Х.ХУЛАН
Хүүхдүүд Хөвсгөл нуурын эрэг дагуу 68 км замыг явган туулж аялаад ирлээ. Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас санаачилж, хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх Байгаль хамгаалах сангаас энэхүү аялалд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Аймгийн төвийн болон Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын орчны бүсийн зургаан сумын 35 хүүхэд “Хөвсгөл далай бидний бахархал”сэдэвт эко аялалд оролцохоор Хатгал тосгонд хүрэлцэн ирсэн байв. Сум тус бүрээс нэг багш хүүхдүүдээ хариуцаж иржээ. Түүнчлэн Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын дарга, албан хаагчид, Байгаль хамгаалах сангийн төлөөлөл, МҮОНТ-ийн “Ногоон хөгжил бидний ирээдүй” нэвтрүүлгийн уран бүтээлчид болон Хатгал тосгоны эмч, усчин аврагч, тогооч нар, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч миний бие гээд нийтдээ 50 гаруй хүн аяллын багт багтсан юм. Аяллын маршрутыг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын дарга Л.Даваабаяр гаргажээ.
Хатгал тосгоноос аялал эхэллээ. Мэдээж, аян замын бэлтгэлээ сайтар хангасан байх ёстой. Тиймээс аяллын удирдагч буюу Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын дарга Л.Даваабаяр аян замын хөтөлбөрийг танилцуулсны дараа аялагч бүрт хүрэлцэхүйц майхан, усны гутал, борооны цув, хөнгөн хувцас байгаа эсэхийг шалгалаа. Ингээд хүн болгоны үүргэвчинд нэг ус, ундаа хийж өгөв. Явган аяллын туршид өдөрт уух ус, ундааны норм энэ. Ус, ундааныхаа савыг хаялгүй, үдлэх газартаа очоод хураалгахыг сануулж байна. Эко аялагчид маань нийтдээ 68 км замыг гурав хоногийн дотор явганаар туулах болно.
Хатгал тосгоноос гарахын өмнө биднийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Онц тээвэрчин Ч.Үржинбадам Сүхбаатар хөлөг онгоцон дээрээ хүлээн авч, “Усан зам” компанийнхаа үйл ажиллагааны талаар бяцхан танилцуулга хийсэн юм. Яагаад гэхээр биднийг 68 км замаа туулж дуусахад буюу гурав хоногийн дараа Сүхбаатар хөлөг онгоц ирж авснаар аялагчид эргээд Хатгал тосгонд ирцгээх аж.
Ч.Үржинбадам эгч бол Сүхбаатар хөлөг онгоцны захирал гэдгийг Хөвсгөлийн багачууд андахгүй. Тэд хамтдаа “Хоймор сайхан нутаг” дууг хөлөг онгоцон дээр дуулж, бүжиглэсний дараа Ч.Үржинбадам эгч маань хүүхдүүдийн аян замд амжилт хүсч аялагчдыг үдэж өгөв.
ДЭЛХИЙН ЦЭНГЭГ УСНЫ ХОЁР ХУВИЙГ АГУУЛАГЧ
Аялагчдын хамгийн анх очиж үдлэх цэг эндээс 17 км-ийн зайд байх Жанхайн ам. Ноноон цамц, малгайгаар хосолсон эко аялагчид маань Хөвсгөл нуурын эргийг даган алхахдаа хааяа модны сүүдэрт сууж түр амсхийнэ. Ингэж явсаар Цагаан гав гэдэг өндөрлөг газарт хүрч ирцгээв. Хөвсгөл нуураас эх авч урсдаг цорын ганц гол бол Эг. Нуурыг энэ голтой холбодог урсац хэсэг Цагаан гаваас маш тод харагдаж байна. Цагаан гав нуурынхаа эргээс дээш 1750 өндөрт байдаг аж.
Цагаан гаваас цааш аялагчид далайн эрэг дагасан модот уулан дахь морин замаар алхав. Энэ дээрээс нуур руу харахад эвгүй гишгэвэл тэр чигээрээ өнхөрч мэдэхээр эгц юм. Гэвч эндээс нуурын өнгө солонгорч гайхалтай үзэсгэлэнтэй харагдах аж. Гүн, бүдэг, ногоон туяатай гээд цэнхэр өнгөний бүхий л хэлбэрийг нэг дороос харж байв. Нэг мэдэхэд Жанхайн аманд хүрчихжээ. Машинаар аль хэдийнэ түрүүлээд оччихсон тогооч нар биднийг халуун хоол, цай болсоор угтав. Хэдийгээр 17 км явган алхсан ч, сая идсэн хоол, цайндаа сэргэсэн аялагчид маань хоноглох газартаа очихоор цааш хөдөллөө.
Дахиад 12 км алхаж Хирвэстэгт хүрлээ. Цагийн баримжаа ч алдагдаж. Гэхдээ харанхуй болох болоогүй байна аа. Бид майханаа барьж тухалж аваад оройн хоолоо идэцгээлээ. Дараа нь багш хүүхдүүдэд Хөвсгөл нуурын талаар танилцуулга хийв.
“Хөвсгөл нуурыг бид далай ээж хэмээн бэлгэшээж нэрлэдэг. Далайн төвшнөөс дээш 1640 метрийн өндөрт оршдог энэ нуур уулсын оройн өндөрлөг цэгт байдаг юм. Маш цэвэр, тунгалаг цэнгэг устай нуур. Эргийн урт нь 415 км. Хамгийн гүн хэсэгтээ 264 метр. Өргөн нь 40 км орчим. Урт нь 136 км. Ус хураах талбай нь 4960 км куб. Дэлхийн цэвэр усын нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Монгол орны гадаргын цэвэр усны 68.9 хувийг эзэлж байна.
Хөвсгөл нуур маань 500 жилд нэг удаа усаа цэвэршүүлдэг маш эмзэг экосистемтэй нуур юм. Бидний өвөг дээдэс усыг эрт дээр үеэс хайрлаж ирсэн байна. Тухайлбал, Чингис хааны Их засаг хуульд голын усанд хувцсаа угаасан хүнийг бодоор торгодог байж. Сүү, цустай шанага, бохир саваар усаа хутгадаггүй байсан байна. Монголчууд амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Бас ус уух хувьтай хүн гэдэг. Яагаад сүү, эсвэл айраг, тараг гэж хэлж болоогүй юм гэдэг сонин. Ус бол хамгийн чухал зүйл болохыг монголчууд эртнээсээ мэдэж байж. Харин одоо үед бид Усны тухай хууль болон ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар усаа хамгаалж байна. Цэвэр тунгалаг усны шинж чанарыг ямар нэгэн байдлаар алдагдуулсан бол хуулиар торгож шийтгэдэг болж байна гэсэн үг.
Хөвсгөл нуурын маань усыг Японы эрдэмтэд ирж судалсан. Тэгээд үйлдвэрээс гаргадаг, савлагаатай уснаас тунгалагшилтаараа ялгаагүй байна гэсэн. Эрдэмтэд ус амьтай юм гэж ярьдаг. Бидний өвөг дээдэс ч гэсэн тэгж үздэг байсны нэг илрэл нь гол, нуурын усыг уухаасаа өмнө духандаа хүргэж хүндэтгэл үзүүлдэг явдал юм”.
Ингээд багш, хүүхдүүдийн хооронд Хөвсгөл далай, усны ач холбогдлын тухай яриа өрнөсөөр нэг мэдэхэд нар жаргачихсан байв. Тэд анх удаагаа оройн тойрог хийлээ.
“Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй...
…Тавтай нойрсоорой анд нөхөд өө…
…Тавтай нойрсоорой алтан дэлхий…”
ГАЗАР НУТГИЙГ ТУСГАЙЛАН ХАМГААЛАХЫН УЧИР
Шинэ өглөө эхэллээ. Ногоон малгайтнууд маань өглөөний цайгаа ууж дуусаад майхан, саваа хурааж машинд ачуулсны дараа өдрийн норм /ус, ундаа/-оо үүргэвчиндээ хийж аваад хоёр дахь өдрийнхөө аялалд гарлаа. Эхлээд очих газар бол Онгологийн нуур, Хөвсгөл далай хоёрын заагт далайн усны хаялгаар бий болсон сайр. Энэ хүртэл завиар явж хүрлээ. Сайран дээр бууж явган явсаар Хөвсгөл далайн эрэг рүү гараад ирдэг аж. Нуурыг яг л дундуур нь зүсээд гараад ирсэн юм шиг сайран дээр алхахад их л сонин мэдрэмж төрнө. Усанд ургасан ургамал эндээс их тод, үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.
Онгологийн сайрын төгсгөлд ирээд бид Чөчүү уулыг зорилоо. Энэ хавьдаа хамгийн өндөр буюу далайн төвшнөөс дээш 2444 метрт байдаг энэ уулнаас Хөвсгөл нуур бүтнээрээ харагддаг гэнэ.
Социализмын үед Оросын геологийн ангийн фосфоритын ордын хайгуул хийхээр гаргасан уул ороосон машин замаар алхаж Чөчүү уулын оройд гарахад нийтдээ таван км зам туулав. Өгсүүр газар, дээрээс нь халуунд нозоороод чамгүй ядрах шинжтэй. Дунджаар гурван цаг алхаж хүрнэ гэж байгаа. Уул ороож алхах замд Хөвсгөл нуурын бараа ер тасрахгүй. Гүн цэнхэр нуурын ус тэнгэртэй нийлчихсэн юм шиг харагдана. Аялагчдын зарим нь “Өө, түрүүнээс хойш тэнгэр байна гэж хараад байсан чинь далай ээж маань байсан байна шүү дээ” хэмээн нуур, тэнгэр хоёрыг андуурч харснаа ярьж инээлдсээр явна. Зарим нь гишүүний далбагар том навчыг толгой дээрээ тавиад эмийн ургамал түүж яваа харагдав. Гишүүний навчийг халуунд толгой дээрээ тавиад явахад их сэрүүхэн байдаг гэнэ. Бас иш нь чихэрлэг учраас жимсний чанамал шиг зүйл хийгээд талхтай хольж идэж болдог гэнэ. Гэдэс ходоодонд сайн л гэнэ. Бас чонын хэл, ганга, хөх дэгд, боролзгонын шар цэцэг, таван салаа гээд лав 6-7 төрлийн эмийн ургамал замд таарлаа гэж биологийн багш бүсгүй хэллээ.
Харин нэг хэсэг нь хоолой нийлүүлэн дуу аялна. Ренчинлхүмбэ сумаас ирсэн дархад охидын дуулах дуу бүр нь Хөвсгөл нуурын тухай. Далай ээжийн тухай ийм олон дуу байдаг гэдгийг энэ үед л мэдэж авсан даа.
Ингэж явсаар Чөчүү ууланд ирлээ. Хөвсгөл далайн эндээс харагдах байдлыг өгүүлэхийн аргагүй аж. Яг л алган дээр тавьчихсан юм шиг. Чөчүү уулын баруун талд Хорьдол Сарьдгийн нурууны салбар уулс, баруун хойд талд Сьяаны уулс, зүүн талд нь Сантын нуруу бүтнээрээ харагдах аж. Аялагчид маань энд дурсгалын зураг татуулаад үдэлэх газартаа хүрэхээр буцаад уруудлаа.
Үдэллэх газраа буюу Ар хилтийн нууранд ирлээ. Тогооч нар маань амтат хоолоо хийж дуусаад, аялагчдынхаа майханыг хүртэл засаад тавьчихсан нь газрын диваажин шиг л санагдах аж. Хүүхдүүд болсон хойно эрч хүчтэй юм аа. Энэ өдөр 26 км алхсан хэрнээ оройныхоо лекцийг сонсохоос огтхон ч цааргалсангүй. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын дарга Л.Давааабаяр энэ удаа “Уур амьсгалын өөрчлөлт ба газар нутгийг тусгай хамгаалалтад авахын учир” сэдвээр хүүхдүүдэд мэдээлэл өглөө.
“Манай дэлхийн70-80 хувь нь ус. 20 гаруй хувь нь хуурай газар. 80 хувь усны маань 98 хувь нь давстай буюу шорвог ус байдаг. Хоёрхон хувь нь цэнгэг ус. Үүний хоёр хувийг Хөвсгөл далай агуулдаг. Сүүлийн үед манай дэлхийн 20-хон хувийн хуурай газар дээр цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаа. Дэлхийн нийт намгархаг хөрсний 50 хувь нь цөлжилтийн нөлөөнд ороод байна. Яг энэ байдлаар явбал 2050 он гэхэд манай хуурай газрын 50 хувь нь цөлжинө гэсэн судлаачдын мэдээлэл байдаг. Дэлхийн дундаж дулаарал 1.8-2.2 хэм байдаг. Гэтэл Монгол орных 2.5 хэмээр илүү дулаарсан байгаа. Энэ бол хүний буруутай үйл ажиллагаа болон байгаль дэлхийн өөрийнх нь хувьсалтай холбоотой.
Энэ бүхний эсрэг юу хийж болох вэ гэж дэлхийн улс орнууд олон талаас нь ярилцсан байна. Ингээд уур амьсгалын өөрчлөлтийг тодорхой хэмжээнд тогтоон барихын тулд улс орнууд нийт нутаг дэвсгэрийнхээ 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар амлалт өгсөн байдаг юм. Ингэснээр байгальд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх бүх хүчин зүйлийг хуулиар хаадаг.
Дэлхийд хамгийн түрүүнд Улсын тусгай хамгаалалтад авах ёстой 25 газрын жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд Монгол орноос хоёр газрыг нэн яаралтай авах чиглэл өгсөн байдгийн нэг нь Алтай Сьяаны эко бүс нутаг буюу Хөвсгөл нуур маань бүтнээрээ орж байгаа юм. Манай улс нийт нутаг дэвсгэрийнхээ 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэсэн амлалтыг өгсөн бөгөөд одоогоор 17.4 хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Хөвсгөлд Монгол орны нийт ойн 46 хувь, гадаргын цэвэр усны нөөцийн 68.9 хувь нь бий”.
АРЛЫН АЯЛАЛ
Гурав дахь өдрийн өглөө аялагчид Ар хилтийн нуурын эргийг даган явсаар Хар усны рашаанд хүрлээ. Хөвсгөл нуурт цутгадаг 96 гол горхийн нэг нь энэ. Уулын ёроолоос, бараг газар дороос маш олон салаа рашаан урсаж нийлээд нэг гол болдог аж. Рашаан тус бүр нь хүний бүхий л эрхтэнг анагаах чадвартай хэмээн нутгийн иргэд үзэж хэдэн 100-н жилийн өмнөөс эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн байна. Бас маш олон төрлийн эмийн ургамал энэ хавьд ургадаг аж. Хүүхдүүд эндээс буцаад Ар хилтийн нууранд очлоо. Багш тэдэнд өнөөдөр зэрлэг амьтдын талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.
“Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт 63 зүйлийн хөхтөн амьтан амьдардаг. Үүнээс туруутны овгийн долоон төрлийн долоон зүйл амьтан бий. Махчны дөрвөн овгийн 11 төрлийн 17 зүйлийн амьтан байдаг. Мэргэчин амьтан таван овгийн 14 төрлийн 23 зүйлийн амьтан бий. Хөвсгөл нуур орчмын хөхтөн амьтдын ихэнх нь Сибирийн бүсийн болон сэрүүн тайгын амьтад байдаг. Жишээлбэл хүрэн баавгай. Монгол орны улаан номд орсон. Эр баавгайг шармаахай гэдэг. Эм баавгайг эвш гэдэг. Төлийг нь бамбарууш гэдэг. Өвөл ичдэг. Ичээндээ бамбаруушаа гаргадаг. Баавгайг агнавал экологи эдийн засгийн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нугалж торгодог хуультай.
Энэ өдөр хүүхдүүд аяллынхаа сүүлчийн оройн тойргийг хийлээ. Маргааш өглөө нь 10.00 цагт Сүхбаатар хөлөг онгоц дуут дохиогоо хангинуулсаар биднийг чиглэн ирж байв. Эрэгт ойртож ирэхээс нь өмнө аяллын багийнхан хамтдаа зургаа татууллаа.
Ингээд аялагчид маань Хатгал руу буцаж байна. Замдаа нэг цаг 30 минут хэртэй яваад Модонхүү арал дээр саатаж, үдийн хоолоо идлээ.
Модонхүү арал Хөвсгөл далайнхаа тэг дунд нь байдаг аж. Битүү модоор хүрээлэгдсэн энэ арал дээр Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт ургадаг бүхий л мод, жимс бий. Зуны цагт хандгай очиж зусдаг. Өвөл гөрөөс, чандага гэх мэт жижиг амьтад байдаг. Ер нь л Хөвсгөлийн байгалийн онцлогийг нэг дороос харах боломж бүрдсэн үзэсгэлэнтэй газар. Энэ арлын өргөн нь гурван км, урт нь дөрвөн км. Энд саатсаныхаа дараа бид дараагийн арал болох Хаданхүүд ирэв. 200 метр орчим өргөнтэй, 800 метрийн урттай энэ арлын хавар, зуны улиралд байгальдаа үйлдэж байгаа буян нь тун их. Цахлай энд өндгөө гаргаж, дэгдээхэйгээ өсгөөд намар болоход аян замд гарах бэлтгэлээ хангадаг. Үүнийг дагаад цахлайны өндөг иддэг хар галуу, бусад махчин шувуу ч энд цугладаг байна.
Хаа сайгүй өндөг, ангаахай, тэднийгээ харамлаж шаагилдах эх шувууд байх учраас энд хөлөг онгоцон дээрх бүх аялагчийг буулгах боломж байсангүй. Аялагчдын олонхи нь хөлөг онгоц дээрээс Хаданхүү арлыг харлаа. Ингээд аялал дуусч Хатгалын зүг жолоо залцгаав.