Ч.ЗОТОЛ

Их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт эхэлсэн ч дүн нь дуншиж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ, Засгийн газрын гишүүд, тэр байтугай Сонгуулийн ерөнхий хороо хүртэл ямар нэгэн байдлаар оролцож байгаа гэнэ.Тиймээс ийнхүү удаж, материалаа өгсөн нэр дэвшигчдийг уяж буй сурагтай.
Хэдэн хүн сонгон шалгаруулалтад орсон, хэн хэн байгаа болон дүн хэзээ гарахыг Боловсрол, шинжлэх ухааны яам нууцалж байгаа гэнэ. Дарга, мэргэжилтнүүддээ ам чанга байхыг ч үүрэгдэж. Тиймээс энэ талаас асууж лавласан хэвлэл, мэдээллийнхний амыг “Дүн гарахаар хэвлэлийн хурал хийж танилцуулна” хэмээн амыг нь таглаж байна.
Ядаж сонгон шалгаруулалт дууссан, эсэх, дүн гарах хугацааг хэлчихээч гэхэд “Тэр нууц. Тэгээд ч дүн гарахаар бүх зүйл ил болох хойно юуг нь асуух вэ дээ. Тэр хүртэл хүлээх хэрэгтэй болж дээ” хэмээв. МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн багш нар “Та нарт хэлэх нь байтугай бид өөрсдөө мэдэхгүй байна” гэсэн бол зарим нь “АН хүнээ тавих биз, ойлгомжтой шүү дээ” гэцгээж байна. Энэ үнэн бол их,дээд сургуулиуд гэж жилээс жилд сургалтын төлбөр, бусад зардлаа нэмж байдаг нэг ёсондоо “саалийн үнээ” болчихсон газруудад эрх баригч намын “саальчин” илгээх гэж багагүй юм болж байгаа бололтой. Сонгон шалгаруулалтын дүн ч гарахгүй удах нь ойлгомжтой.
Их, дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оны эхнээс 50 орчим хүн материалаа өгч бүртгүүлсэн байдаг. Тэгвэл энэ тоо 30 орчим болж цөөрснийг сургууль тус бүрээс шалгалтад бүртгүүлсэн хүмүүсийн тоо харуулж байна. Тухайлбал, ЭМШУИС-иас 13-14 хүн өргөдлөө өгөөд байсан бол Удирдах зөвлөлийнхөө хурлаар хэлэлцээд ес болгожээ. ЭМШУИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Н.Зүмбэрзул тэргүүтэй тэдгээр эрхмүүдийн дотор тус сургуулийн Биоанагаах ухааны сургуулийн захирал доктор, профессор Г.Батбаатар, Мэргэжил дээшлүүлэх албаны дарга доктор, профессор Д.Зориг, Сургалт эрхэлсэн захирал доктор, профессор Д.Амарсайхан нарын нэр байна. Мөн ЭМШУИС-ийн Хоол боловсруулах судлалын тэнхмийн багш доктор, дэд профессор Д.Даваадорж, Эрүүл мэндийн технологийн их сургуулийн захирал доктор, профессор Д.Цэрэндагва нар материалаа өгсөн сураг дуулдлаа. Тэд одоо сургуульдаа багшлахын зэрэгцээ, удирдах албан тушаал хашиж буй. Тэгвэл гаднаас нэр дэвшин өрсөлдөж байгаа гэх тодотголтой ч эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 3-4 хүн захирлын “сунгаан”-д явж байна. Тэр талаар сураглахад Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Л.Содномцогт, Анагаах ухааны Удирдлагын үндэсний төвийн дарга Ш.Энхбат, Хувийн эмнэлгүүдийн холбооны ерөнхийлөгч, гавьяат эмч доктор, профессор З.Мэндсайхан, Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Ш.Мөнхбат нарын нэр дуулдаж байна.
Захирлын сонгон шалгаруулалтаас үүдэж байнга шахам хэл амтай явж ирсэн сургууль бол МУИС гэдгийг уншигчид санаж байгаа байх. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 10 хүн бүртгүүлснээс ес нь өрсөлдөж байгаа гэсэн сураг байна. Өнгөрсөн хавар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж байгаагаа мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгсөн С.Төмөр-Очир гуай сонгон шалгаруулалтын үеэр сургуулиараа хэдэнтээ эргэлдсэнийг олон хүн хардаж байна. “Шавь нараасаа нэгийг нь захирал болгох гэж явна” хэмээн барин тавин хэлэх нэгэн ч таарав. Түүнээс гадна 2008 онд номын сангийн газрын асуудлаар шуугиан тарьж байсан тус сургуулийн экс захирал Ц.Ганцог ч хуучин сургуулиа гороолсон нь олны нүдэнд өртжээ. Харин улс төрийн хүрээнийхэн УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг МУИС-ийн захирлын суудалд үеэлээ зүтгүүлж байгаа хэмээн ярьж байна. Гэхдээ тус сургуулийн багш нар одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Галтбаярыг “Захирал болчихсон гэнэ лээ. Сонгон шалгаруулалтын дүн ч тэгж гарна” хэмээн ярьж сууна.
Захирлын сонгон шалгаруулалтад хамгийн олон буюу 11 хүн бүртгүүлснээс нэг нь ч хасагдалгүй нэр дэвшин өрсөлдөж байгаа нь ХААИС юм. Тус сургуулийн удирдах зөвлөлд багтдаг эрхмүүд бараг бүгдээрээ улстөрчид гэнэ. УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй АН-ынхан өөрсдийн хүнийг тавина гэсэн “бор шувуу” ч нисээд амжиж. Үүнээс үүдэн “Захирлын сонгон шалгаруулалтад СЕХ хүртэл оролцохдоо яахав” гэсэн мессэж тараад буй бололтой. Үүний зэрэгцээ тус сургуулийн экс захирал Б.Бямбааг гарын хүнээ гаргаж ирэх гэж байна гэсэн яриа таржээ. Тодруулбал, тус сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн проректороор ажиллаж байгаад сонгон шалгаруулалт угтан үүрэг гүйцэтгэгч болсон Т.Хэрүүгааг Б.Бямбаагийн хүн хэмээн багш нар нь ярьж байна.
ШУТИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн материалаа өгчээ. Сонгон шалгаруулалт нь ч улстөрчдөөс ихээхэн хамааралтай болохыг олон хүн хэлж байна. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа тэргүүтэй АН-ын томчууд Удирдах зөвлөлд нь байсан, одоо ч зарим нь бий. З.Энхболд л хүнээ тавьж таарах вий хэмээн тус сургуулийнхан жиг жуг гэлцэж байгаа гэнэ.
Их, дээд сургуулийн сонгон шалгаруулалтын өмнөх мэдээлэл ийм байна. Хэдийгээр захирал сонгон шалгаруулах журамд “...Сонгон шалгаруулалтад оролцогч нь тухайн сургуульдаа 5-аас доошгүй жил удирдах ажил хийсэн, хоёроос доошгүй хэлний мэдлэгтэй, доктор, профессор байна...” гэхчлэн шалгуур тавьсан ч хэрэгжихгүй талдаа гэдгийг дээрх мэдээллүүд харуулж байна. АН-ын сайд, дарга нарын ах дүү, танил талд сонгон шалгаруулалтын босго намхан, нээлттэй бөгөөд зөөлөн байна хэмээн олон нийт үзэж байна.