Б.ЗАЯА
Их, дээд сургуульд шинээр элсэгчид Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар тус сангийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодрууллаа.
-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуульд хөнгөлөлттэй суралцах талаар судалж байгаа байх. Энэ жил танай сангаас хэчнээн хүүхдийг буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлд хамруулах вэ?
-Одоохондоо тоон мэдээлэл гараагүй байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй суралцуулах оюутнуудын тоог хүргүүлдэг. Тэр дагуу бид зээл, тусламжид хамруулах ажлыг зохион байгуулна.
-Зээл, тусламжид хамрагдах нөхцөл хэвээрээ юу. Өнгөрсөн жилээс төрийн албан хаагчийн нэг хүүхдэд хөнгөлөлттэй зээл олгохыг хүчингүй болгосон?
-Буцалтгүй тусламжид бүтэн өнчин, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эцэг эх, ар гэрийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд хамрагдана. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй ар гэрийнхний хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, эсвэл суралцагч өөрөө 50 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан байх ёстой. Харин хөнгөлөлттэй зээлд хагас өнчин, малчин, нэн ядуу өрхийн, цэргийн албыг хоёр жилээс дээш хаасан хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэ зээлийн санхүүжилт нь ангиасаа шалтгаалж 350-650 мянган төгрөгийн хооронд олгогддог. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг хамруулдаг байсныг өнгөрсөн жилээс хүчингүй болгуулсан ч хуучин оюутнууд төгстлөө энэ зээлээрээ суралцана.
-Зарим эцэг, эхчүүд, төгсөгчид энэ талаарх мэдээлэл хангалтгүй байдаг. Танайх ямар ажил хийж байна?
-Саяхан Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтарч төгсөгчдөд зориулсан үзэсгэлэн зохиосон. Энэ үеэр манайд хандаж байгаа төгсөгчдийг харахад төрийн сангийн зээл, тусламжид хамрагдах талаарх мэдээлэл тун бага байна. Хоёр, гуравдугаар курсэд орчихсон хөгжлийн бэрхшээлтэй оюутан зээлд хамрагдах боломжтойгоо мэдэхгүй байгаа тохиолдол бий. Тэр оюутан өөрөө ч мэддэггүй, сургуулийнхан хэлдэггүй төлбөрөө төлөөд суралцаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манайхаас ирж авч болно.
-Шинээр элсэгчид сурлагын төвшиндөө хэрхэн анхаарах вэ?
-Оюутнууд хөнгөлөлттэй зээлийг авахыг тулд 600-аас дээш оноо авсан, хуучин суралцагчид 2.8-аас дээш голч оноотой тохиолдолд хамрагдах эрхтэй болно. Хамгийн гол нь энэ шалгуурыг давсан байж зээлд хамрагдана гэдгийг анхаараарай.
-Тэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Өргөдлөө бичнэ, сум хорооны тодорхойлолт, хагас өнчин бол эцэг, эхийн нас барсан лавлагаа зэргийг бүрдүүлнэ.
-Оюутнууд зээл, тусламжаас гадна тэтгэлэг авах боломжтой биз?
-Тийм. Шинээр элсэгчид урамшууллын болон үндэсний тэтгэлэг авна. Үндэсний тэтгэлгийг яамны албан ёсны томилолттой оюутан авах боломжтой. Сургуулиудад хандивын анги, танил талаараа орсон, эсвэл сургуулийн дотоод томилолтоор хамрагдсан оюутан тэтгэлэг авах боломжгүй. Зохих журмын дагуу элсч байгаа оюутнууд урамшууллын 70 мянган төгрөг авна, босго 720-оос дээш оноотой оюутнууд 50 хувийн урамшууллаа авна. Мөн өвлийн шалгалтаас эхлэн 3.2 голчтой бол 50 хувь, 3.6 бол 75 хувийн урамшууллаа нэмж авна. Гадаад дотоодын олимпиадад эхний гурван байрт орсон бол 100 хувь гэх мэтчилэн урамшуулал олгоно.