Л.ХЭРЛЭН

Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн хурдан морины уралдаанд Бат-Эрдэнүүд азтай, уясан хүлгүүд нь хийморьтой байлаа. Их насанд 383 их морь бүртгэгдэж, 381 нь  уралдсанаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшин” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ. Хүрэн морь Цагаан сарын уралдаанд мөн түрүү магнайд хурдалсан юм.  Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан, айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уугуул н.Ерөөлтийн зээрд халзан, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын  Тод манлай уяач С.Ганхуягийн бор, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Б.Амарбаясгалангийн хүрэн халзан  хурдаллаа. Азарганы уралдаанд 204  хурдан хүлэг уралдсанаас  УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан  гурав дахь удаагаа түрүүлж Дархан түмний эх боллоо.  Халзан азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын унаган адуу юм. Азарганы уралдааны  аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн халтар давхилаа.  Халтар азарга  УИХ-ын гишүүн асан Р.Будын унаган адуу юм.  Айргийн гуравт Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн хүрэн, айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд, айргийн тавд Өвөрxангай аймгийн Өлзийт сумын уугуул  Д.Сугарын xул азарга хурдаллаа. 

Монгол түмэн хэзээ­нээс  соёолонгийн тоо­сонд  орж, хөлсөнд нь хүрнэ хэмээн шим­тэн сонирхдог  хурдан соёо­лонгийн уралдаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор үрээ түрүүлж наадамчин олныг баярлууллаа. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Х. Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдалсан бол айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уугуул Б.Цэндбаатарын саарал , айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул Х. Цогтсайханы хүрэн, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын бор үрээ тус тус хурдлав. Хурдан дааганы түрүүг  Говь-Алтай аймгийн уугуул Н.Амарбаясгалангийн хул хүртэж, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын сартай зээрд, гуравт Төв аймгийн Зуунмод сумын уугуул С.Батдоржийн хул, дөрөвт  Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л. Батмөнхийн сартай хүрэн, тавд  Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай зээрд хурдаллаа.   Шүдлэнгийн уралдаанд 296 хурдан буян бүртгүүлж, 266  үрээ тоосоо өргөснөөс Сэлэнгэ аймгийн Баруун­бүрэн сумын уугуул Д.Одхүүгийн хээр, хязаалан насанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга түрүүллээ. Энэ жи­лийн наадамын зургаан насанд 1700,  эрлийз гур­ван насны ангилалд 170 гаруй нийт 2000 орчим  хурдан хүлэг шандас сорилоо.