Б.УРАН

 

Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүхийн нэг хэсэг болох 1920-иод оны үед Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан хоёр давхар модон байшин барилгын компанийн тракторт түрүүлж, газрын хөрснөөс арчигдсаны хоёр жилийн ой тохиож байна. Тусгай хамгаалалтад байх ёстой түүх соёлын үл хөдлөх дурсгал бизнесийнхний гарт нураагдсан түүх ийм. 15х10 метр хэмжээтэй, чулуун суурь, дүнзэн ханатай, адрын модон хучилттай, төмөр дээвэр, модон шалтай хоёр давхар байшин 104 жилийн түүхтэй байсан юм. Одоогийн Чандмань төвийн ард талд байсан тус байшинг түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэж, нийслэлийн хамгаалалтад авсан юм. Үүнийг гэрчлэх Засгийн газрын 2008 онд баталсан 175 дугаар тогтоол бий. Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр ширхэг чулуун арслангаас эхлээд нийслэлийн хамгаалалтад орсон түүх соёлын үл хөдлөх дурсгалаас нэг нь устсанаар одоо ийнхүү 10 үлдлээ. Үл хөдлөх дурсгал хэмээн тусгайлан зааж, хуулиар хамгаалагдсан түүхэн байгууламжийг дур мэдэн газартай нь тэгшилсэн компани бол “Бамбар инж”. 1992 оноос тус барилгыг хэний зөвшөөрлөөр гэдэг нь тодорхойгүй байдлаар эзэмшиж, бизнесийнхэнд түрээслүүлж ирсэн энэ компани яг хоёр жилийн өмнө буюу Ардын хувьсгалын 90 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойн баяр наадмын шөнө чимээгүйхэн нурааж орхисон юм. Тухайн үед ард талынх нь 15 дугаар байрны оршин суугчид эсэргүүцэж байсан ч хүч хүрээгүй гэдэг. Одоо энэ талбайд 13 давхар орон сууцны барилга барихаар хэдийнэ хашаа татчихаад бэлтгэж байгааг байрны оршин суугчид хэллээ. Түүхийн дурсгалт газрыг устгачихаад бас болоогүй ар талынх нь байрны нар ордог цонхыг хааж өндөр барилга барих гэж байгааг тэд эсэргүүцнэ гэлээ. Хамгийн гол нь тус компанийн энэхүү үйл ажиллагаа эхнээсээ дуусан дуустлаа хууль бус замаар явж иржээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2007 онд “Бамбар инж” компанид компанийн өргөтгөлийн барилгын зориулалтаар 840 метр квадрат газар олгосон байна. Үүний дараа Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2007 оны ЧД/59/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт 3-7 давхар барилга барихаар боловсруулж баталжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2011 онд оршин суугчдын гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Бамбар инж” компанид газар олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн зургаан заалтыг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн таван заалтыг, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байгааг тогтоожээ. Ингээд тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байж. Хууль ёсны байгууллагаас ийм дүгнэлт гарсаар байтал  20 хоногийн дараа тус компанийнхан хүч түрэмгийлэн шөнийн цагаар түүх соёлын дурсгалыг устгаж орхисон юм. Цагаандаа гарсан газрын дээрэмчид 2011 оны долдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө буюу баяр наадам далимдуулан “Зүүн хүрээний нууц бүлгэмийн байр”-ыг нурааж орхисон. Бодвол энэ байшинг нь нураачихвал тэртэй тэргүй захирамж нь гарчихсан газар биднийх болно гэж бодсон бололтой. Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байгаа түүх соёлын өвийг мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн устгаж газрыг нь улайм цайм дээрэмдчихээд байхад өдийг хүртэл хариуцлага тооцсонгүй.

 

ХУДАЛДААЧИН КОПЫТОВ БАРИУЛЖЭЭ

Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан энэхүү байшин нь нийслэл хүрээнд хоёр давхар байтугай дан модон байшин нүдний гэм байсан үед олны хараа булааж, хүрээний өнгө төрхийг чимж байжээ. Орос худалдаачны төв нэртэйгээр 1907 онд дүнзээр зааж барьсан, цэнхэр цонхтой, цонх хаалгандаа орос маягийн гоёлтой, дээврийн доод ирмэгийг модон хажаар чимэглэсэн тэр байшинг анх Оросын худалдаачин Копытов гэдэг хүн бариулжээ. Тухайн үедээ Хүрээний иргэд түүнийг Баруун дамнуурчны өндөр ногоон гэж нэрлэж байсан ч зарим нь “Орос чоортын пүүс” гэдэг байв. Худалдаачин Копытов монголчуудын авчирсан ноос ноолуур, арьс шир, ангийн арьсыг голж шилэн “чёрт” хэмээн чулуудчихаад хямдхан авчихдаг байснаас ийм нэр авсан хэрэг. Худалдаачин байшингийнхаа дээд давхарт гэр бүлээрээ амьдарч, доод давхартаа пүүс, дэн буудал ажиллуулдаг байжээ. Орос орон 1917 онд улаан, цагаан хэмээн хоёр хуваагдахад тэр худалдаачин улаантныг дэмждэг байснаас Зүүн хүрээний нууц бүлгэмийн гишүүдэд байшингаа ашиглуулдаг байсан гэх юм билээ.1950-иад оноос уг байшинг  “Ленин” клубийн мэдэлд шилжүүлж, 1971 оны арванхоёрдугаар сарын 28-нд Намын төв хорооны 420 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хамгаалалтад авсан түүхтэй юм.  “Бамбар инж” компани байшинг нурааж хашаалсан газраа суллаж өгөхгүй өдийг хүрлээ.

Тэд одоо боломжтой цагийг тааруулан, хэн нэгэн эрх мэдэлтэнд мөнгө атгуулж байгаад барилгын ажлаа эхлүүлчих биз. Үр дүнд нь нийслэлийн түүхийг гэрчлэх соёлын өв нэгээр хорогдлоо. Хууль ёс бизнесийнхэнд үйлчилдэггүйг энэ явдал тод харууллаа. 104 жил эвдэрч гэмтэлгүй байж, түүхийн үнэнийг гэрчлэн харуулж байсан тэр барилга өдгөө зурганд л үлдэв.