Б.ОНОН
МИАТ-ийн хэргээс тусгаарлан шалгаж буй хэдэн хүнд холбогдох хавтаст хэрэг бий. Тэдний нэг болох “Монголиан эйрлайнз” компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж, түүнийг цагаатгасан байна.
Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогч гэдэг утгаар нь түүнийг нэлээд эвгүй асуудалд холбон шалгаж байсныг шүүх нотолгоогүй гэж үзсэн байна. Тэрээр МИАТ-ийн хэргийн олон холбогдогчоос цагаатгагдсан анхны хүн нь болж байгаа юм. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар энэ хэрэгт хоморголуулан шүүхээс ял авсан нэгэн эрхэм байгаа нь МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ гэнэ. Монгол Улсын гавьяат нисэгч тэрээр цагтаа Монголын нисэхийн салбарыг олон улсад тахалж явсан. Төр засгаас түүнийгээ үнэлүүлэн энэхүү хүндтэй цолонд хүрсэн түүхтэй.
Р.Бат-Эрдэнийн хувьд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дайны эрсдэлийн даатгалын гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар энэ хэрэгт холбогдсон. Харин хэргийн гол эзэн болох Ч.Хоролсүрэн нь “Р.Бат-Эрдэнэ захирал үүнийг мэдээгүй. Энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэж мэдүүлээд байдаг. Р.Бат-Эрдэнэ өөрөө ч шүүх хурлын үеэр “Намайг Солонгост байхад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилла гээд би ажилласан. Дараа нь 2010 оны нэгдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажилласан. “Дайны эрсдэлийн сан”-гийн гэрээг НҮБ-ын конвенцийн эрсдэлийн сан байгуулах ёстой гэх заалтын дагуу байгуулсан. Тиймээс би үүнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүднээс гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байсан. Компанийн эзэдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Би хариуцлага хүлээхгүй гэж хэлэхгүй. Үүрэгт ажилдаа хайнга хандсан. Тиймээс зүйлчилж байгаа зүйл, заалттай санал нийлэхгүй байна” гэж ярьсан.
МИАТ бол манай төрийн өмчит цөөн компанийн нэг. Тэр утгаараа олон улстай холбогдох энэ мэт гэрээ конвенцийг ТӨХ зөвшөөрч, эсхүл үүрэгдэж байж явуулдаг гэж байгаа. Тиймээс гүйцэтгэх захирал тэр зөвшөөрөл, үүргийг л гүйцэтгэдэг гэсэн үг. Нөгөөтэйгүүр өөрийнх нь ярьснаар өмнөх гэрээг үргэлжлүүлж л гарын үсэг зурсан ажээ. Гэтэл тэрхүү гарын үсэг нь өнөөдөр түүнийг хэрэгтэн болгоод шоронд илгээчихэв. Энэ мэтчилэн улстөржсөн шуурган дундуур Хориод..., Шалгаад..., Шийтгээд... гэсэн командтай явсаар эцэслэсэн шийдэгдсэн хэргийн золионд гэмгүй хүмүүс яваа ч юм билүү, хэн мэдлээ.
Тэгэхээр МИАТ-ийн хэрэгт сэжиглэгдсэн бүхэн хэрэгтэн мөн үү гэдгийг бас л бодох ёстой асуудал бололтой.