Д.ОДОНТУНГАЛАГ

~Аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр шүүхийн шинэчлэлийн асуудал нэлээдгүй яригдаж, шүүхийн үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлж байхыг зорилгоо болгож байгаа. Энэ шинэчлэл Сэлэнгэ аймагт хэрхэн өрнөж байна вэ?

-Баярлалаа. Шинээр батлагдсан Шүүхийн багц хуулиуд болон шинэчлэлийн талаар аймгийн  шүүхээс шүүхийн багц хуулиудын үзэл баримтлал, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэх, хууль сурталчлах, сургалт хийх зэрэгт чиглэсэн олон төрлийн ажиллагааг хийж  байна. Аймгийн Давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх,  Захиргааны хэргийн шүүхээс Шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд “Шүүх эрх мэдэл ба шинэчлэгдсэн шүүх” сэдэвт  нээлттэй шүүх өдөрлөг, шүүхтэй танилцах аян болон сургалтуудыг дэс дараалалтай хийлээ. Мөн аймгийн төвөөс алслагдмал байршилтай Мандал сум дахь Сум дундын хоёрдугаар шүүх, Сайхан сум дахь Сум дундын гуравдугаар шүүхүүдээс Шүүхийн багц хуулийг сурталчлах, сургалт хийх чиглэлээр төлөвлөгөө гарган сумдын аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сургалт хийнэ.

-Иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болон Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд зохион байгуулсан нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллагын удирдах ажилтны “Иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлье” сэдэвт  нэгдсэн  зөвлөгөөнд оролцлоо. Тэр үеэр Шүүхийн тухай хуулийн шинэчлэл, багц хуулийн үзэл баримтлал, хуулийн хэрэгжилтийн талаар Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батзориг  илтгэл тавьж, тус шүүхээс шүүхийн шинэчлэлийн талаар хийж буй ажлын мэдээллээ.  

Төлөвлөгөөт ажлын хүрээнд  шүүхийн сургалтын алба нь тодорхой сэдвээр мэдээлэл өгөх, шүүхийн талаархи иргэдийн сэтгэгдлийг сонсох хэлбэрээр орон нутгийн “Таны Сэлэнгэ”, “Миний Монгол“ телевизүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 

Хилийн цэргийн 0243 дугаар ангийн бие бүрэлдэхүүний сургалт, мэдээллийн цагаар Сэлэнгэ аймгийн шүүхийн сургалтын албанаас Шүүхийн багц хуулиудаар болон “Гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?, Нийгэмд хувь хүн хэрхэн биеэ зөв авч явах вэ? гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.

Шинээр батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэдэг талаар ойлголт өгөх зорилгоор Сүхбаатар сумын найман баг тус бүрээс 15-20 иргэнийг урьж ирүүлэн 2013 оны гуравдугаар сарын 12-нд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрхэн оролцох вэ?” гэсэн сэдвээр Шүүхийн тамгын хэлтэс сургалтын албатай хамтран дөрвөн цагийн сургалтыг амжилттай   зохион байгууллаа. Сургалтад 180 иргэд хамрагдлаа.

Шүүхийн Тамгын хэлтсээс шүүхийн багц хуулийн талаар холбогдох  мэдээлэл бүхий зурагт  хуудас бэлтгэн харьяа 17 сумын Засаг даргын Тамгын газар хүргүүллээ. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, Гэрлэлт цуцлах журам, Гэр бүлийн холбогдолтой нэхэмжлэлийн талаар, нэхэмжлэл хэрхэн гаргах вэ?, Хариуцагч гэж хэн бэ?, Өмгөөлүүлэх эрхийн талаар, Давж заалдах гомдол гаргах журам болон  Шүүхийн багц хууль тус бүрээр нугалбар  бэлтгэн иргэдэд хүргүүлээд байна.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилго оршиж байгаа юм. Энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар заасан нь ач холбогдолтой. 

-Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгчийн нэгэн адил эрхтэй оролцох болж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог үндэслэн баталсан жишиг тоог харгалзан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн орон нутгийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэнийг энэ хуулийн тавдугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг хуралдаанаараа батлана. Ингэснээр иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнд багтаж аливаа хэрэг маргааныг таслах эрхтэйгээр оролцоно.

 Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнө тангараг өргөж мөн тухайн шүүх хуралдаанд шүүгч нартай нэгэн адил шийдвэр гаргах эрхтэй оролцож, зөвлөлдөх тасалгаанд саналаа гаргаж, хамтын зарчмаар хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Үүгээрээ өмнөх иргэдийн төлөөлөгчөөс эрс ялгаатай болж байгаа юм. Энэ хуулиар иргэнийг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход хориглох зүйл, иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал, цалин хөлс, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн.

-Аймгийн шүүхээс өнөөдрийг хүртэл хэчнээн хэргийг шийдвэрлээд байна вэ. Ер нь ямар төрлийн хэрэг зонхилон гарч байгаа талаар тодруулахгүй юу? 

-Эрүүгийн 134 хэрэг, иргэний 535 хэрэг шийдвэрлээд байна. Эдгээрээс бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүд зонхилон гарч байна. Мөн 305 хүнд захиргааны арга хэмжээ авснаас 296 хүнд баривчлах, есөн хүнд торгох арга хэмжээ авсан.