Д.БАТТОГТОХ
Дэнжийн мянгаас Баянхошууны Хөтөлийн буудалд холбогдох засмал зам одоогоор Даландавхарын баруун үзүүр хүрээд дуусч байгаа. Энэ замыг Баянхошууны замд гүйцээж холбох ажил замын трасст орсон айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас хойшилсоор байгаа юм. Газраа чөлөөлж өгөхгүй байгаа нь нэг гудамжны 13 айл. Гэхдээ замын компани айлуудыг хүлээгээгүй бололтой, сайжруулсан замаа хэдийнэ тавьж газар шорооны ажил нь эхэлжээ. Айлуудын хашааны үүд хүртэл тулган замаа зассан байдалтай байв. Хашаа руу нь бүрэн тулгаж газар хуссан тул тухайн хэсгийн оршин суугчид хашаа руугаа машинаа оруулж чадахгүй, явган хаалга нь онгойж хаахад төвөгтэй байдал үүссэн байлаа. Тэр хавийн оршин суугчид газрын албаныхан газрыг нь хэтэрхий бага үнэлж байгаа тул татгалзсаар өдий хүрснээ учирлав. Амжиргааных нь гол эх үүсвэр болсон үл хөдлөх хөрөнгөө хэтэрхий бага үнээр өгчихөөд өөрсдөө нүүх нь хэцүү гэж тэд тайлбарлалаа. Хаалганд нь тултал газар ухчихаар ядаж л худгаас усаа авахад хүртэл хэцүү болсон гэнэ. Оршин суугчдын хэлснээр газрын албаныхан айл бүрийг хашааныхаа үүднээс 10 метр газрыг чөлөөлж өгөхийг хүсчээ. Ингэхдээ ам.метр газрын үнэ болох 13200 төгрөгөөр худалдаж авах санал тавьж. Энэ нь жижгэвтэр хашаатай айл ойролцоогоор сая гаран төгрөг нөхөн төлбөрт авахаар юм байна. Гэтэл хашааныхаа үүднээс 10 метр газар чөлөөлчихөөр цаана нь амьдрах газар бараг үлдэхгүй байгаа тул оршин суугчид эсэргүүцсээр байгаа ажээ. Одоогийн газрын үнэлгээ болох 13200 төгрөгийг ядаж 100 мянган төгрөг болгохыг тэд хүсч байгаа гэнэ. Энд бараг 20 гаруй жил амьдарчихсан иргэд “Амжиргааны эх үүсвэр болсон газраа ганцхан килограмм махны үнээр өгөхийг хүсэхгүй байна” гэж байлаа.
ЗАМЫГ НААДМААС ӨМНӨ ДУУСГАХ ЁСТОЙ
Уг замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” компани ажиллаж байгаа. Нийт 1.7 км замын трасст орсон газрын 75 хувь нь бүрэн чөлөөлөгджээ. Харин албаны хүний хэлснээр 700 метр газарт гурван дэлгүүр, дөрвөн айл үлдсэн гэнэ. Бусад нь ойролцоогоор 300-700 ам.метр газар чөлөөлж өгсөн гэж нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Х.Тэмүүжин хэллээ. Бүтээн байгуулалтын ажилд чөдөр тушаа болоод байгаа нь газрын үнэлгээ бололтой. Гүнтийн замд л гэхэл 48 айл трасст орчихсон. Тэднийг яаралтай газраа чөлөөлөх хэрэгтэй болсныг нийслэлийн Авто замын газраас сануулсаар байгаа. Тэдгээр айл үнэлгээгээ тохиролцож чадахгүй бол замын ажил мөн л удааширна гэсэн үг. Өөрийн хөрөнгөө үнэгүй шахам өгөхийг хүсэхгүй байгаа иргэд, дүрэм журмын дагуу шаардлага хүргүүлж байгаа газрын албаныхан учраа ололцохгүй ийн удаж байна. Олон жилийн өмнө баталсан газрын үнэлгээг шинэчлэн тогтоохгүй бол энэхүү маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилж, тэр хэрээр бүтээн байгуулалт удаашрах биз. “Нэг ам.метр газрын үнэлгээ болох одоогийн 13200 төгрөгийг шинэчлэхээр өнгөрсөн тавдугаар сард хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дахин энэ талаар хийгдсэн тодорхой ажил байхгүй” гэж нийслэлийн Газрын үнэлгээний мэргэжилтэн Г.Наранцэцэг хэлсэн юм.