Л.ЭНХТУЯА

Ирэх лхагва гаригт Монгол Улсын Ерөнхий­лөгчийн тангараг өргөх ёслол Сүхбаатарын талбайд, Чингисийн хөшөөний өмнө болно. Монгол Улс ардчилсан сонгуулиар, төрийн тэргүүнээ сонгодог болсон цагаас хойш Ерөнхийлөгч анх удаа ард түмнийхээ өмнө тангаргаа өргөх гэж байна. Энэ тухай Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжавтай ярилцлаа.

 

-Удахгүй болох гэж бай­гаа Ерөнхийлөгчийн тан­гараг өргөх ёслол Сүх­баатарын талбайд болно. Ёс­лолын бэлтгэл ажил хэр өрнөж байна?

-Энэ жилийн хувьд Мон­­гол Улсын төрийн тэр­гүүний тангараг өр­гөх ёслол олон сайхан онц­­логтой болно. Юуны өм­нө энэ жил Хүннү гү­­рэн байгуулагдаж, Мон­голд тулгарт төрт улс байгуулагдсаны 2222, Их Монгол Улс бай­гуулагдсаны 807 жилийг ойг Үндэсний их баяр наа­дам­тайгаа хамтатган тэм­дэглэх гэж байна.

Бид өмнө нь 80, 90 гаруйхан жилийн түүх­тэй улс орон юм шиг баяр наадмаа хийдэг бай­сан. Жилээс жилд төрт ёс, тусгаар тогт­но­лынхоо түүхийг тодот­гож баярладаг болж бай­на. Их Монгол Улс бай­гуулагдсаны 800 жилийн ой, цаашлаад Хүннү гүр­ний 2222 жил гэж өвөг дээдсийнхээ түүхийг тод­руулан тэмдэглэж байгаа нь бидний бахархал, Мон­голын ард түмэн төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй улс гэдгээ дэлхий нийтэд харуулах, хүүхэд залуучууддаа эх орон, түүхээрээ бахархах, эх оронч хүмүүжил олгох чухал үйл явдал юм. Энэ сайхан түүхт ойн жил Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаагаа ард түмэнтэйгээ хамт тангаргаа өргөх болж бай­гаа юм. Мөн долдугаар сарын 10-ны өдөр Төрийн далбааны баярын өдөр. Ийнхүү баяр наадмын өдөр ард олонтойгоо хамт­даа Ерөнхийлөгч маань тангарагаа өргөх гэж байна. Энэ үеэр ёс­лол хүндэтгэлийн олон сайхан арга хэмжээнүүд болно.

-Ерөнхийлөгч тан­га­раг өргөхдөө өмсөх дээл, малгайн хэлбэр заг­вар, өнгө ямар байх вэ. Бэлгэдлийн тухайд тод­руулаач?

-Монгол Улсын Ерөн­хийлөгчийн дээл хув­цас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг. Үе үеийн Ерөнхийлөгчийн хүн­дэтгэлийн хувцсыг монголдоо нэртэй ур­чууд урлаж байсан. Анх­ны Ерөнхийлөгч П.Очирбатын тангараг өр­гөхдөө өмссөн хувцас төрийн түүхийн музейд байдаг. Төрийн ёслол, төрийн хүний хувцасны өнгө, загварын бэлгэдэл мон­голчуудын хувьд асар их агууламж утгатай, зан­шилтай. Үүнд сайн, сайхан, ариуны бэлгэдэл цагаан, мөнх тэнгэрийн хөх, дүрэлзэн бадамлах га­лын улаан, эрдэм ухаа­ны шар өнгө байнга хад­галагдан ирсэн. Тэр л ёсоор Ерөнхийлөгчийн хүн­дэтгэлийн хувцасны өнгийг сонгосон. Ерөн­хий­лөгч яг ямар өнгө, заг­вартай дээл өмсөхийг одоо хэлчихвэл ёслол болох үеийн бас нэгэн сюрприз задарчихна. Та бүхэн ёслолын үед Ерөн­хийлөгчийнхөө дээл малгай, хувцасны бэл­гэдлийг харж өөр өөрийнхөөрөө дүгнэнэ биз. Тангараг өргөх ёс­лолын үед Төрийн есөн хөлт цагаан туг, тө­рийн тамга, Үндсэн хуулийн уг эхийн төрийн хүндэт харуул, төрийн орд­ны хамгаалалтын дор зална. Энэ үед хэв­лэл мэдээллийнхэн маань төрийн бахархалт өвүүдийн зургийг авч олны хүртээл болгох боломжтой болно. Мөн төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эс­гий дэвссэн байна.

-Таны хэлж байгаагаас Ерөнхийлөгчийн хүндэтгэ­лийн дээл хувцас Хүннү гүр­ний үеийн загвартай байх болов уу гэж таа­маг­лаж байна. Ямар урчууд загварыг нь гаргасан, ур­ласан бэ?

-Одоо чинь баяр наадам болох гээд хэн хүнгүй уран гартнуудыг тойглож байгаа. Төрийн хүндэтгэлийн дээл хувц­сыг урладаг урчуудын нэ­рийг одоо зарлачихвал хүмүүс шаваад ажлыг нь хийлгэхгүй байх. Тэгэ­хээр тэдний нэрийг  дараа хэлэх нь зүйтэй болов уу.

-Тангараг өргөх ёс­лолыг иргэд гэртээ, аж­лаа хийж байхдаа үзэх боломжоор хангах талаар та бүхэн хэр анхаарал тавьсан бэ?

-Гадаад, дотоодын хэв­лэл мэдээллийн нийт­дээ 200-гаад сур­валж­лагч, зураглаач, зу­раг­чид сурвалжлах хү­сэл­тээ ирүүлсэн. Хэвлэл мэдээллийн олон төлөө­лөл сурвалжлах учир тэ­дэнд зориулсан гурваас дөрвөн цэгийг тусгайлан гаргаж байна. Ийм хүсэл­тийг тэд их ирүүлж байна. Бид боломжтой бүх арга хэмжээг авч бай­гаа. Үндэсний их баяр наадам болж бай­гаа­тай холбогдуулан наа­дам үзэхээр ирсэн олон жуулчин ёслолыг үзэж сонирхоно. Цахим мэ­дээлэл хөгжсөн өнөө цагт энэ жуулчид өөр өөрсдийнхөө сувгаар мэ­дээллээ тараана гээд бодохоор энэ ёс­лол Монголын төрт ёсыг сурталчлах сайхан боломж болно.

-Гадаадын зочид, тө­лөө­лөгчид хэр олон ирэх бол?

-Бид 50 гаруй орнуу­дад оролцох урилга хүр­гүүл­сэн. Хугацаа тун ша­хуу байна. Одоогоор орол­цох төлөөлөгчдийн тоо эцэслэн гараагүй байгаа. Улаанбаатарт суугаа  дипломат төлөөлөгчийн газ­рууд болон Бээжин, Моска зэрэг улсуудад Мон­голыг хавсран сууж бай­гаа Элчин сайдууд ирнэ.

-Тангараг өргөх ажил­лагааны дэг жаяг өөрч­лөгдөж илүү нээлттэй бол­сон. Магадгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр төрийн дууллыг алдарт дуучин Бионсе дуулж байсантай адил сюр­приз байгаа юу. Хүмүүс Төрийн соёрхолт дуучин Д.Болд төрийн дууллыг дуул­на гэж таамаглаж байна?

-Манай урлаг соёлын­хон төрийн дуул­лаа өөр өөрийн уран бү­тээл туурвидаг төрөл жан­раараа дуулсан бай­даг. Тэр өдөр УИХ-ын хүн­дэтгэлийн чуулган хуралдана. Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн тан­гараг өргөх ёслол, хүн­дэтгэлийн чуулган нь төрийн хүндэтгэлийн ёс­лол. Тиймээс энэ өдөр Батлан хамгаалах яамны үлгэр жишээ үлээвэр най­рал хөгжим гуулин хөгж­мөөр төрийн дууллыг тоглоно.

-Ёслолын зардал хэдий хэмжээтэй болж байна?

-Өмнөх тангараг өр­гөх ёслолд зориулан цэргийн жагсаал, хүчит бөхийн барилдаан, хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалтыг зохион байгуулдаг байсан. Энэ удаагийн тангараг өргөх ёслол наадамтай хамт болж байгаа учир бөхийн барилдаан, хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалт, дайллага зэрэг арга хэм­жээг хамтатган хийгээд, тодорхой хэмжээний зардлыг хэмнэж байна.

-Хөдөө орон нутгаас ирэх хүмүүсийн зардлын асуу­дал шийдэгдээгүй гэж байсан?

-Монгол Улсын Ерөн­хийлөгч бүх ард түмэнтэйгээ хамт тан­гаргаа өргөх шийдвэр гарсан. Тиймээс энэ ёс­лолд 21 аймаг, 333 сум бүрийн төлөөлөл бо­лох 400 орчим иргэ­дийг урьж ирүүлнэ. Мон­гол Улсын дөрвөн зүг, найман зовхист ажил­лаж, амьдарч байгаа ол­ны төлөөлөл ирнэ гэд­гээрээ онцлог юм. Бүх ард түмэнтэйгээ гэж шийд­вэрлэчихээд зөвхөн Улаанбаатар хотын ир­гэдийг л оролцуулаад хийж болохгүй. Би дээр хэл­сэн, тодорхой зардал хэм­нэж байгаа гэж. Нэг талдаа хэмнэлт гарч бай­гаа ч нөгөө талаасаа шинэ хуулийн дагуу ёслолыг хийх учир нэмэлт зардлууд гарна. УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдааныг Чингисийн хөшөөний өмнө хийх­тэй холбогдуулан тайз засалт, техник то­ног төхөөрөмжийг суу­рилуулах гэх мэт. Хөдөө орон нутгаас ирэх тө­лөө­лөгчдөд зориулж зар­дал гарна. Зардлын асуудлыг шийдэж байгаа.

-Энэ үеэр хадгаламж, зээлийн хоршооны хо­хи­рог­чид жагсаал зохион бай­гуулна гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл байгаа юу?

-Албан ёсоор жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдээлэл байхгүй байна. Үндэсний их баяр наадам бол Монгол түм­ний баяр цэнгэл. Үүнээс гадна монголчууд та бид Төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийсэн. Энэ сонголтоор олны итгэлийг хүлээсэн Ерөн­хийлөгч маань тан­­гаргаа өргөх гэж бай­на. Улс төрийн сон­гуу­лийн кампанит ажил, улстөржилт бол нэг асуу­дал. Иргэд үзэл бо­дол, намын гишүүнч­лэлийнхээ хувьд ямар ч байж болно. Нэгэнт олонхоороо шийдвэр гаргасны дараа бид нэгдэх ёстой. Энэ сонголтдоо, төрдөө хүндэтгэлтэй хандах учиртай болов уу гэж бодож байна. Бид эх орон, төрт ёс, ирээдүйгээ бодолцож намаараа тал­цах хэрэггүй биз ээ. Мон­гол­чууд бид чинь эрт дээр цагийнхаа түүхээс өнөөд­рийг хүртэл төрдөө хүн­дэтгэлтэй хандаж ир­сэн. Тиймээс төрийн тэр­гүүний тангараг өргөх энэ чухал үйл явдалтай зэрэгцэн жагсаал цуглаан зо­хион байгуулахгүй гэ­дэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан наа­дамчин зон олондоо баяр наадмын мэнд дэвшүүлье.