Б.ЭНХЗАЯА

Хүүхдийн урлан бүтээх төвийн үүдээр оронгуут хоёр өөдөсхөн охин гартаа улаан, шар өнгийн шаартай гүйлдэн өнгөрөх сацуу гол танхимын багана, түүнд шигтгэсэн зүмбэр хээтэй том том зургууд, алтан шар өнгөт хээ угалзан хана, тааз, шат, шатны бариул нь хүртэл харц булаалаа. Танхимын хоёр талаар сүрлэн наамал бүтээлүүдийг дэлгэсэн нь төгс зохицжээ. Хоёр давхарт гарахад мөн л өөдөөс өнгө бүрийн хүүхэлдэйн чихмэлүүд шилэн хоргон дотроос “ширтэж”, хаашаа л харна сийлбэр, уран хайчилбар, сүрлэн наамал амьтад, эд зүйлс тавиастай байв. Эдгээр бүгд хүүхдийн гараар бүтсэн гэхээр яалт ч үгүй бахархал  төрөх юм билээ. Тэр жил Ленинградын алдарт Эрмитажийн дэд захирал Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд зочлохдоо “Бага Эрмитаж” хэмээн дуу алдаж байсныг тус төвийн сийлбэрийн дугуйлангийн багш, соёлын тэргүүний ажилтан С.Энхбаатар ярьсан нь түүхэн үнэн ажээ.

Хүүхдийн урлан бү­тээх төв 27 настай. Тэнд­хийн он онд суралцсан хүүхдүүдийн бүтээл дэндүү арвин ажээ. Арга ч үгүй юм. Хаалгаар нь ороход л зөөлөн дулаан мэдрэмж төрөхөөр орчныг төвийн үе үеийн багш нар бүрдүүлсээр ирсний дундаас Ардын багш Цэрэндоржийг онцлох. Сүрлэн наа­мал, сүлжмэлийн урла­гийг Монголд анх дэлгэрүүлсэн энэ гавьяатын ачаар тус төвд дөрвөн анги дагнан хичээллэж байна. Түүнээс гадна уран зураг, сийлбэр, хүүхэлдэй бэлэг дурсгал, хувцас дизайн, уран хайчилбар, баримал, авто загвар, нисэх онгоц, усан онгоцны загвар зэрэг 16 төрлийн 23 дугуйланд 1415 хүүхэд албан ёсоор хичээллэж байна. Нэг ангиас жилд гэхэд л 100-150 бүтээл төрдөг болохоор эдний бүтээлийг тоолоод баршгүй. Гэнэн томоогүй, тогтворгүй насан дээрээ тэд яаж ийм нарийн урлалыг хийж чаддаг юм бол гэмээр. Мэргэжлийн чадварлаг багш нар хүүхдүүдэд хөгжиж, дэвшихэд гол гүүр нь болж байгаа нь илт. Хүүхдүүд эндээс л бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, даль жигүүрээ дэлгэн нисэхийг хүсч хаа холоос ч зорин ирдэг ажээ. Нийслэлийн захын дүүрэг Багануур, Налайхын сурагчид хичээлийнхээ зав чөлөө, амралтаар төвийг зорьж ирэн өөрсдийгөө хөгжүүлж байгааг багш нар нь бахархан ярьж байлаа.

Гэвч тэд сүүлийн өдрүүдэд айдастай байна. Долоо хоногийн өмнө НИТХ-ын Тэргүү­лэгчдийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах шийдвэр гаргасан учраас тэр. Тэрхүү шийдвэрт хувьчилсан эрхэм тус байгууламжийг ямар ч зориулалтаар ашиглаж болно гэсэн утга бүхий шийдвэр байгаа гэх. Гэтэл энд 1400 гаруй хүүхэд өдөр бүр сэтгэл, зүрхээ зориулан шинэ бүтээл урласаар байдаг. Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг газар цөөрсөөр байна гэж өөрсдөө цамнах хэрнээ яагаад амлалтаасаа буцах болов. Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьчлалын цаана хэн нэгний ашиг сонирхол байна уу гэдгийг олон нийт одоо ч ярьсаар хувьчлалыг эсэргүүцэж байна. Эрхмүүдээ. Хүүхдийн төлөө “За” гэж хэлэхээ мартсан уу.

[caption id="" align="aligncenter" width="645"] Урлан бүтээх төвийн музейгээр очсон бүхэн Монголын хүүхдүүд ийм уран юм аа гэсэн сэтгэгдэлтэй буцдаг .[/caption]

Хаалгаар нь орохуйд ийм таатай орчин угтдаг. Яг л Ленинградын уран зургийн Эрмитаж шиг. Тийм ээ. Хүүхдийн урлан бүтээх төвийг “Бага эрмитаж” гэхэд болно биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин