Д.БОЛОР
Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бүсгүйчүүд гэж атгасан гар шиг хамт олонч баг байдаг юм байна. Анги дотроо анги байгуулсан мэт зохион байгуулалтад орж эмэгтэйчүүдийн санал санаачлагыг ажил хэрэг болгоход ихээхэн анхаардаг бололтой юм. Энэ нь хэн нэгнийгээ удирдах албан тушаалд очиход нь удирдлагуудаа ятгаж нөлөөлдөг лобби бүлэг ердөө биш. Харин хугацаат цэргүүдэд нь ээж болдог, ангийнхаа өнгө үзэмжийг хариуцан ажилладаг, албан хаагчдынхаа ар талын ажлыг гүйцэтгэдэг тийм л нэг ажилласаг бүсгүйчүүд юм. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг П.Пүрэвжав гэдэг. Түүний албан ёсны эрхэлдэг ажил байлдааны хангалтын агуулахын дарга. Сонгуульт ажил нь эмэгтэйчүүдээ анги нэгтгэлийнхээ төлөө ажиллуулах, дайчлах алба. Энэ жил тус ангийн 40 жилийн ой ирэх наймдугаар сарын 14-16-нд тохионо. Ойг тохиолдуулан ангийн 75 бүсгүй нэгдэн хэд, хэдэн бүтээлч ажил хийж эхэлсэн байна. Тухайлбал, ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндтэй зочид төлөөлөгч, хамтран ажилладаг аж ахуйн нэгж удирдлага, орон нутгийнхаа дарга нарт бэлэглэхээр төрийн сүлдийг шигтгэн урлан бүтээжээ. Төрийн сүлдээс гадна хурдан хүлэг, цэцэгс, шувуудыг хүртэл өнгө, зураглалыг нь тохируулан урлан шигтгэсэн байна. Энэ бол зөвхөн ой угтсан бүтээлч ажил. Харин өдөр тутамдаа бол төрсөн өдөр нь тохиож буй хугацаат цэрэгт амтат бялуу бэлдэхээс эхлээд ангийнхаа өнгө үзэмж, ажилчдынхаа дүрэмт хувцасыг нь хүртэл урлаж байна. Ангийн тогооч, үйлчлэгч бүсгүйчүүд бүгд өөр өөрийн гэсэн дүрэмт хувцастай. Энэ ажлыг нь Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд үнэлж бүх анги нэгтгэлд энэ санааг хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн юм билээ. Нэг онцлог нь буудлагын батальонд ажиллаж байгаа бүсгүйчүүдийн цөөнгүй хэсэг нь нягтлан, багшийн мэргэжилтэй ч эр нөхрөө даган цэргийн амьдралаар амьдарч яваа нь энэ. П.Пүрэвжав эгч “Эх орныхоо төлөө зүтгэнэ. Амь насаа зориулна. Тангарагтаа үнэнч байна гэж тангараг өргөхөд эх орон атгахан зүрхэнд багтдаг юм. Нэгэнт ороод ирсэн эх орон дахиад зүрхнээс гардаггүй. Цэргийн хүн өөр ажил хийж болно. Энгийн болж болно. Тэтгэвэрт гарч болно. Гэхдээ л тангараг өргөсөн бол тангараг өргөсөн. Үүнд тангаргийн учир утга, тангаргийн төлөө амьдрахын учир утга байдаг. Тангараг өргөнө гэдэг зөвхөн мөрдөс зүүж цэргийн алба хаана гэсэн үг биш. Зөвхөн офицер болно гэсэн үг биш. Энгийн, офицер цолтой маш олон хүн өнөөдөр Монголын төрийн хуулийг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Ерөөсөө төрийн хуулийг биелүүлнэ л гэсэн үг. Түүний үлгэр жишээг үзүүлнэ гэсэн үг” хэмээн онцолсон. Ангийн ажилласаг бүсгүйчүүдийн нэг Ж.Дондогмаа эгчтэй ярилцлаа. Тэрээр ангийн гал тогоо хариуцах албан тушаалтай.
Ж.Дондогмаа: ЦЭРГҮҮДДЭЭ ЭЭЖ НЬ БОЛЖ ЯВНА
-Ангийн бие бүрэлдэхүүний хоол хүнсийг бэлтгэдэг гал тогоонд маань хэдэн хүн ажиллаж байна вэ. Өдөрт хэдэн хүний хоол бэлтгэдэг вэ?
-Бид нэг ээлжиндээ 24-үүлээ ажилладаг. Дөрвөн ээлжээр зургаан хүн ажиллана. Өдөрт 250 хүний хоол бэлтгэдэг. Мөн бид долоо хоног бүрийн мягмар гаригт цагаан хоол иддэг. Энэ өдрөөр төмстэй хуушуур, сүүтэй будаа зэргийг иднэ.
-Заалны багтаамж хэр вэ. Нэг ээлжиндээ хэдэн цэрэг хооллох уу. Цэргүүдийн хоолны хүрэлцээ хангамж ямар вэ?
-Хоолны заал 150-200 хүний багтаамжтай. Гэхдээ бид цэргүүдээ хоёр ээлжээр хооллодог. Бид цэргүүддээ хоолыг нь сонголтоор нь өгдөг. Өдөрт таван төрлийн хоёрдугаар хоол хийж өгнө. Тиймээс цэргүүд өөрсдөө хоолоо сонгож иддэг. Ер нь цэргүүд өлсдөг гэдэг бол өөрөөсгөл ойлголт. Бид нэг жилийн хугацаанд гэрээсээ хол байгаа эдгээр залуучуудад ээжийнх нь оронд ээж, эгчийнх нь оронд эгч байж тэдний санаа бодлыг нь сонсч байнга анхаарал тавьдаг. Цэрэг хоолоо идэхгүй сууж байвал ямар шалтгаан байгаа нь асууж тэдэнтэй ярилцдаг. Зарим нь бүр жаахан хүүхэд шиг уйлдаг шүү. Хоол идэх 30-40 минутын хугацаанд гэртээ байгаа юм шиг байлгахын төлөө л бид ажилладаг. Захных нь давуу урагдсан бол оёоод өгөх жишээтэй.
-Гаднаас худалдаж авахгүйгээр гал тогоондоо өөрсдөө юу, юу хийж байна?
-Бид талхаа өөрсдөө барьдаг. Гэхдээ зүгээр нэг талх хийх биш пулчок, гамбургер, сендвич, наполеон торт зэргийг өөрсдөө хийдэг. Тогооч нараа энэ чиглэлийн сургалтад хамруулж бэлтгэсэн. Цэргүүд ганцхан төрлийн талх иддэггүй. Өнөөдөр талх идсэн бол маргааш гамбургер, дараа өдөр нь гэрийн боорцог, бин зэргийг хийж өгдөг. Одоо бид бялуу хийж эхлэх гэж байгаа.
-Тогооч нарын хувьд бүгд мэргэжлийн хүмүүс ажилладаг уу. Ер нь ажиглаад байхад цэргийн хүмүүсийн гэр бүлийнх нь хүн арын албанд байх нь элбэг юм?
-Сав угаагч үйлчлэгч гэсэн найман хүнээс бусад нь бүгд мэргэжлийн хүмүүс. Нэгдүгээр зэргийн дөрвөн тогоочтой. Бусад нь хоёр болон гуравдугаар зэрэгтэй. Нэг ээлжинд хоёр бэлтгэгч ажилладаг.
И.Баттулга: АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ГЭЖ БОДОХООР БАХАРХАЛТАЙ САНАГДДАГ
Бүсгүйчдийн зөвлөлөөс гадна ангид үүрэг оролцоо ихтэй хүний нэг нь И.Баттулга хэмээх буурай. Тэрээр 2000 онд тэтгэвэрт гарсан бөгөөд одоогоор ахмадын зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байна.
-Цэргийн анги, хүчний байгууллагууд хоорондоо зангидсан гар шиг байж байж ургашаа алхдаг байх?
-Цэрэг гэдэг үгний утга учир нь аавын олон хөвгүүд нэг хүн шиг санаатай байхыг хэлж байгаа юм. Тэднийг нэг тогооноос хоол идүүлж, нэг командаар явдаг болгоход цэргийнхний хөдөлмөр, зүтгэл оршдог. Энэ хөдөлмөр хүнд харагддаггүй мөртлөө их аугаа. Цэргийн тангараг ямар учиртай вэ гэхээр, эх орондоо баталгаагаа өгч байгаа нь тэр. Би эр хүн болж эх орноо хамгаалъя, ямар нэгэн гадны нөлөө ирвэл өргөсөн тангарагийнхаа дагуу өөрийгөө зориулъя гэдгээ амлаж байгаа юм. Ингэснээрээ ард түмэн, ард байгаа үнэт зүйлсээ би хамгаалж байгаа гэж боддог учиртай. Тиймээс цэргийн хүн цоглог, аливаа зүйлээс уйдаж, шантардаггүй, хатуужилтай болдог юм.