З.Хүрэл

“Сонгуулиас өмнө МИАТ-ийн хэрэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг таслах гэнэ” гэсэн яриа аль тавдугаар сард гарч байв. Улстөржсөн өнгө аястай, Ардын намын үеийн даварсан авлигачдыг илрүүлэн устгаж байна гэсэн далд PR-тайгаар дээрх хэргүүдийг шалгаж, хянаж, эцэст нь шүүхээр болсон нь тэр. Төлөвлөгөө ёсоор шүүх хурал хийж, МИАТ-ийн хэргийн холбогдогч Ч.Хоролсүрэн нарын зургаан эрхэмд 10-14 жилийн хорих ял оноосноор энэ хэрэгт эхний цэгийг тавиад байна.
Харин Н.Түмэндэмбэрэлийн хэрэгт “бяцхан” эндүүрэл гарсан учир шалгаж тодруулах шаардлагатай болоод төлөвлөгөө тасарсан сураг байна.
МИАТ-ийн хэргийн хувьд шийдвэрийг дараа дараагийн шүүх энэ хэвээр нь батлаад үлдээвэл энэ зургаан хүн 10 жил шоронд сууна. Хэрэг хийснийг нь шүүх тогтооосон болохоор хариуцлага шийтгэлээ хүлээх нь зөв. Тэр утгаараа тэд суугаад л гараад ирнэ. Харин тэдний улсад, үйлчлүүлэгчиддээ учруулсан найман тэрбум төгрөгийг яах вэ? Хэн төлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Шүүхийн практикаас үзвэл бусдад их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан этгээд хорих ял авсан л бол хохирлоо төлнө гэж гонжийнжоо гэж байгаа. Ямар сайндаа л манай хуулийнхан “Эвлэрүүлэн зуучлах...” нэртэй хууль хүртэл санаачилж, батлуулах вэ дээ. Зорилго нь ердөө л хохирлыг барагдуулах шүү дээ. Дээрх хууль батлагдаж, хэрэгжиж эхэлж байгаатай МИАТ-ийн хэрэг давхцсан ч хохирол төлүүлэх талаар бодсон ч үгүй бололтой. Шууд л ял оноогоод, ачиж аваачаад шоронд хийчихлээ. Гэтэл шүүх хурлын үеэр холбогдогч /одоо ялтан болоод байгаа/ Ч.Хоролсүрэнгийн хэлсэн үг хуулийнханд сэдэл өгөх учиртай, хүлээж аваад хэрэгжүүлж болмоор санагдав. Ч.Хоролсүрэн “Би Хонконгийн иргэн Тони Ли гэдэг хүнтэй Монголд орж ирсэн 4 302 892 000 төгрөгийг Гантөмөр, Тамир, Туяа нарын дансаар дамжуулж зохих хувийг аваад буцаагаад Тони Ли-д өгч байсан. МИАТ компанийн захирлаар ажиллаж байсан Орхон, Эрдэнэбилэг, Бат-Эрдэнэ нарт энэ мөнгөнөөс хувь авдагаа хэлээгүй болохоор тэд мэдээгүй. Шүүх хуралдаанаар буруутай маань тогтоогдвол хариуцлагаа хүлээж хохирлыг төлж барагдуулахад бэлэн. Энд шүүгдэж байгаа бусад хүн энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэжээ.
Түүний “хүсэж” байснаар шүүх буруутайг нь тогтоогоод өглөө.Харин удахгүй болох давж заалдах шатны шүүх үүнд хэрхэн хандах бол?!
Өмнө нь МИАТ-ээс илүү хохиролтой “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэнгийн гэх хэрэг томоохон дуулиан тарьж байв. Тус банкны ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн хадгаламж эзэмшигчдийн 14 тэрбумаар Солонгост мөрийтэй тоглочихсон байсан. Хуулийнхан түүнийг хэдэн сар хорьсны эцэст мөн л 10 жилийн хорих ял оноож байв. Одоогоос 6-7 жилийн өмнөх явдал л даа. Гэтэл өнөөдөр Ц.Чимэдцэрэн суллагдаад хэдэн сарын нүүр үзэж байна. Тэрээр шоронгоос гаруутаа чимээ аниргүйхэн гадаадад гарсан сураг бий. Харин 14 тэрбумын хохирлыг төлөх тухайд ийм шүүхийн шийдвэр цаасан дээр л үлдсэн. Одоо тэр 14 тэрбумыг төлнө гэж байхгүй.
МИАТ-ийн хэргийг шийдсэн байдал, ер нь л энэ хэргийг ажиглавал “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэнгийн хэргийн жишгийг давтахгүй гэх газар алга.
Хэрэв ингэвэл Монголын төр, шүүх байгууллага зургаан жилийн өмнө 14 тэрбумыг төлүүлэлгүйгээр Ц.Чимэдцэрэнд “боломж” олгож байсан шиг МИАТ-ийн Ч.Хоролсүрэн нарт ч найман тэрбумыг авч үлдэх аятайхан зам гаргаж өгч байна. Тэд яах вэ, 10 жилийнхээ 6-7 жилийг биеэрээ эдлээд л гараад ирнэ. Шоронд ядрахгүй, зүдрэхгүй. Нэг үгээр хэлбэл, энэ нь учруулсан найман тэрбумын хохирлоос нь хатуу чанд шийтгэл огтоос биш.
Өнөөгийн эрх баригчид авлигын хэргээс илрүүлсэн хохирлын хэмжээг сургууль, цэцэрлэг байгуулах зардалд хөрвүүлэн “Төдөн эмнэлэг, төчнөөн сургууль, цэцэрлэг байгуулах мөнгийг авлигачдаас илрүүллээ” гэж ирээд л янзтай ойлгомжтой тайлбарладаг. Энийг нь сонссон ард түмэн алга ташин баяр хүргэдэг. Гэтэл тэр олон сургууль цэцэрлэгийнхээ мөнгийг авалгүйгээр, оронд нь 10 жил улсын зардлаар хооллож ундалж, орон байраар хангах шийдвэр гаргаж байгааг олон түмэн юу гэж байгаа бол. Лав анх сонссод алга ташин дэмжиж байхдаа ингэхийг хүсээгүй нь тодорхой.
Тэгэхээр Ч.Хоролсүрэнгээр найман тэрбумыг төлүүлье. Тэр төлөх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Эс бол шүүхийн шийдвэрт зааснаар энэ зургаан эрхмээр тус бүр 1.3 тэрбумыг төлүүлсэн ч болох юм байна. Өнөөдөр МИАТ-ийн нисгэгчийн сарын цалин 10 сая төгрөг болсон гэж байгаа. Бүгдээрээ л нисгэгчид. Тэгэхээр 10 жил цалингүй ажиллуулаад хохирлыг барагдуулж болох гарц ч байна.
Эцэст нь хорих яах вэ, хориод цагдаад, улсаас зардал гаргаж тэжээгээд байж болно. Хамгийн гол нь энэ явдал яагаад гэмт хэрэг болсон юм гэдэг л чухал. Мэдээж хэрэг, тэд бусдыг хохироосон. Тиймээс шүүх, хуулийнхны эцсийн зорилго нь ийм хэргийн гэм буруу, хор хохирлыг арилгахад л орших учиртай биз ээ.