Д.БОЛОР

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр өнгөрсөн мягмар гаригт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Ямар шалтгаанаар ажлаа өгсөн нь тодорхойгүй. Түүнтэй албан үүргээсээ чөлөөлөгдөхөөс өмнөхөн хийсэн ярилцлагаа хүргэе.
-Саяхан сонгуулийн өмнөхөн н.Амарсанаа гэдэг иргэн таныг өөрийг нь залилсан, байшин бариулчихаад мөнгөө өгөөгүй гэж мэдэгдэнэ лээ. Бодит байдалд ийм асуудал үүссэн юм уу гэдгээс яриагаа эхэлье?
-Ерөнхийлөгчийн сонгууль болж таарсан болохоор тэр иргэний ярьсан, хэлсэнд нь тайлбар хийхийг төдийлөн хүссэнгүй. Угаасаа улс төрийн явуулга учраас би нэг иргэнтэй очиж хэрүүл зарга хийгээд байгаа мэт харагдахыг хүсэхгүй байна. Яах вэ, иргэн Н.Амарсанаа, иргэн Х.Түмэнбаяр хоорондын хувийн хүний асуудал байсан бол өөр хэрэг. Бүхэл бүтэн аймгийн ИТХ-ыг тэргүүлдэг, аймгийн намын хороонд дэд дарга хүний хувьд өмнөх багтаж ядсан их ажлаа умартаад миний тухай худлаа ярих бүхэнтэй очиж мэтгэлцээд баймааргүй байна. Төрийн ажил цаг нартай уралдаж явдаг байтал өөрт төдийлөн ач холбогдолгүй зүйлд цаг нараа зарцуулах нь утгагүй. Намайг юу гэж худлаа гүтгэж гүжирдэнэ тэр хэмжээгээрээ эргээд хариуцлагын асуудал сөхөгдөх учраас тэр мэдэгдэлд нь төдийлөн цочирдоогүй. Үнэн юм үнэнээрээ байх сайхан шүү дээ.
-Ер нь та хоёрын дунд ямар харилцаа үүссэн юм бэ. Таныг хэд, хэдэн байшин бариулсан гэх юм билээ?
-Ийм учиртай. Би өөрөө орос найз олонтой хүн л дээ. Найзууд маань зуны улиралд манай улсад ирж зочилдог болохоор тэдний ая тухыг бодож Өлзийт хороололын лагерийн байшиндаа саун бариулахыг хүслээ. Тэгээд саун барих зар өгөхөд тэр н.Амарсанаа гэдэг залуу ирсэн юм билээ. Би ямар саун барьж байна гэж шалгаад явах биш. Гарсан бүх зардлыг өгсөн. Тэгсэн “Тавантолгой” компанид гүйцэтгэх захирлаар ажилладагийг маань мэдсэн юм уу, яасан Өмнөговь аймагт очоод “Би нүүрс тээвэрлэмээр байна. Ах та туслаач” гэж байна. Тэгэхээр нь “Нүүрс тээвэрлэхийг нь би мэддэггүй. Нүүрсний гэрээ аймгийн ИТХ мэднэ. Түүний дараа компанийн ТУЗ-ийнхан хэлэлцэнэ. Гүйцэтгэх захирал гэдэг чинь ерөөсөө хөлсний ажилтан. Надад ийм эрх мэдэл байхгүй” гэдгээ учирлаад хэлсэн. Тэгээд сауныг маань барьж өгсөн багахан ч атугай танилцсан эр улс болохоор “Манай эгчийн бааз нь байшин бариулах юм байна. Чи бариад өгөөч” гэхэд өнөөх нь зөвшөөрөөд барьсан. Бид ч гарсан бүх зардлаа өгсөн. Үүнээс өөр ямар ч харилцаа байгаагүй. Нэг үгээр хэлэхэд, байшин барихыг захиалсан. Тэр барьсан. Би бүх зардлаа төлсөн. Үүнээс ямар ч харилцаа байхгүй. Тэр хүний мэдээлж байгаачлан гарсан зардлыг нь өгөхгүй луу унжсан юм ердөө байхгүй. Надад байшин бариулахад зарцуулсан бүх тооцоо нь байна. Мөнгийг нь ажиллаж, хөдөлмөрлөж олдог учраас гэнэт олсон мэт хамаагүй үрж таран зарцуулна гэж байхгүй биз дээ. Гарсан зардал мөнгийг нь төлсөн байтал намайг ямар ч хамаагүй асуудалд холбогдуулъя гэсэн шиг баримтгүй юм ярьж яваад гайхаж байна. Тэр ч бүү хэл, тэр нөхөр өдөр бүр шахам “Надад өргөдлөө татах боломж бий. Ярилцах хэрэгтэй юм биш үү” гэхчилэн шантаажилсан агуулгатай мессеж бичсэн. Би ямар буруу зүйл хийсэн биш юу гэж түүнтэй харилцах ёстой гэж. Үүнээс нь би юу ойлгосон гэхээр ажил хийхийн оронд шантаажилж амьдардаг залуус нь олшроо юу гэж харамсч суусан. Ид хийж бүтээх насан дээрээ байтал “Би таныг олон нийтэд ингэж мэдээлнэ. Үүнээс өмнө ярилцах боломж байна” гэж шантааж хийж байгаа нь харамсалтай. Түүнээс гадна өөрийнх нь эд хөрөнгийг ломбардад тавиулж байгаад л байшингаа бариулсан гэж хэлнэ лээ. Энэ ч бас арай дэндэнэ. Ямар сургуулиа дөнгөж төгссөн оюутан амьдралаа зохиох гээд явж байгаа биш хувь, хувьсгалын ажлыг олон жил хийж амьдарсан хүний хувьд байшин барих мөнгө надад байх ёстой шүү дээ. Хүнийг муухай харагдуулахын тулд ингэж арай гүжирдмээргүй юм даа.
-Таныг АТГ, УМБГ-т шалгуулсан байх аа?
-Өө, шалгасан шалгасан. Дуудаж байцаалт авлаа. Хөрөнгө орлогод ч шалгалт хийлээ. Яаж ухаж сэнтийчээд асуудал гараагүй болохоор арга буюу хэрэгсэхгүй болгосон. Үүнийг нь намайг цагдаа, шүүхийн байгууллагыг атгасан гэнэ. Харин ч хуулийн байгууллага ч бусдын ятгалгад өртдөггүй буруутай гэсэн хүнээ хайр найргүй шалгадаг биз дээ. Намайг буруутгахын тулд төрийн байгууллагыг хүртэл гоочилж яваа нь харамсалтай. Ер нь надаар оролдсон бол хамаа алга. Гэтэл гэр бүл рүү маань хүртэл дайрч байх юм. Энэ бүхнийг сонсоод суухад жаахан хэцүү юм. Би яах вэ. Гэр бүлийнхэн маань эмзэгээр хүлээж авч байна.
-Нэр хүндээ сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандах уу?
-Тэр ойлгомжтой. Хүнийг муухай харагдуулахын тулд ямар ч баримтгүй зүйл ярьж явааг нь зүгээр хараад суухгүй. Үнэн юм үнэнээрээ тогтоогдох байлгүй.
-Өмнөговь аймгаар сонин сайхан юутай байна. Уул уурхай бол танай аймгийн хөгжлийн үүд нь болж байна уу?
- Өмнөговь аймгийн тухай ярихад уул уурхайн талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Өмнөговийн тэргүүлэх чиглэл бол уул уурхай биш. Ер нь улс орны ч гэсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл бол уул уурхай биш. Манай аймгийн тэргүүлэх чиглэл бол аялал жуулчлал, мал аж ахуй. Одоогоор энэ чиглэл рүү түлхүү анхаарч байна. Түүнээс биш газар нутгаа ухаад суугаад байна гэж юу байх вэ. Цаашид Өмнөговьд лицензийн асуудал ярихгүй. Зарим сум маань лицензгүй болохоор уриалж байна. Энэ ч зөв. Байгаль орчин, аялал жуулчлалаа бодсон ч лицензийг сайшаагаад байх нь оновчтой сонголт биш.
-Уул уурхай дагасан сум нь хөгжиж, бусад нь хөгждөггүй гэдэг юм билээ?
-Эх хүн дэрсхэн хүүхдүүдийнхээ заримынх нь нүүрийг угаана. Үлдсэнг нь угааж өгөхгүй гэдэггүй шүү дээ. Түүнтэй адил уул уурхай дагнаагүйг нь хөгжүүлэхгүй гэж байхгүй. 14 сумынхаа хөгжилд адилхан анхаарч байна. 2007 онд Цогтцэций суманд өдөр бүр цахилгаан нь тасардаг байлаа. Энэ үед “Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал байхдаа өөрийнхөө компанийг шөнө унтрааж тосоо хэмнээд маргааш нь сумын цахилгааны станцад өгч байсан юм шүү дээ. Сумын хөгжилд олон хүн амьдарч байгаадаа асуудал нь байгаа юм биш. Хамгийн гол нь сэтгэл зүтгэл байх ёстой.
-Тусгай хамгаалалтын газраар нүүрсний зам тавихыг танай аймгийнхан хориглосон. Энэ юу болж байна?
-Орон нутгийн тусгай хамгаалалтын газар дээгүүр нүүрс тээвэрлэх зам гаргана гэж хэзээ ч байхгүй. Цөлжиж байгаа дээр нь дахин цөлмөөргүй байна. Баянхонгорын Шинэжинст сумаас Гурвантэс сум дахь хилээр нүүрсний зам тавих нь тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа юм. Ийм асуудал гаргахгүй. Ийм ч учраас хориг тавьсан байгаа. ТЭЗҮ нь батлагдаагүй байхад л хөрсийг нь ухаад эхэлсэн юм билээ. Үүнийг манай аймгийнхан хүлээн зөвшөөрөхгүй.
-Уурхай байгуулагдаад улс оронд тодорхой өөрчлөлтүүд гарч байна. Яг Өмнөговийн иргэдийн амьдрал, ажил байдлын тухайд авч үзвэл?
-Хамгийн гол нь нутгийнхаа ард иргэдийг ажлын байртай болгох асуудал. Уул уурхайн томоохон компаниудад Өмнөговь аймгийн засаг захиргааны зүгээс иргэдийг ажлын байртай болгох асуудлуудыг тавьж ирсэн. Жишээ нь, Оюутолгойд л гэхэд ажлын байрууд хэдэн арваараа бий болж байна. Гэхдээ энэ ажлын байранд голчлон Өмнөговийн ард иргэдээс түлхүү оруулах болон тодорхой төвшинд байх хэрэгтэй. Ажлын байр болгон дээр хүмүүсийг мэргэшүүлж ажиллуулах боломж байна. Өмнөговийн ард түмэн бол хамгийн түрүүнд 100 хувь ажлын байртай болох ёстой. Чиглэл бүрт л ажлын байраар жигд хангагдах ёстой гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө манай аймгийн хувьд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн төвшин-гөөрөө харьцангуй гайгүй шүү дээ. Цаашлаад бид бүхэн өнөөдөр уул уурхайгаас олж байгаа хөрөнгө болон уул уурхай руу чиглэсэн бүтээн байгуулалтыг хийж тэр бүтээн байгуулалттай уялдуулж ажлын байр бий болгох тал руу чиглэж ажиллана.
-Уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниуд хэр их хариуцлагатай байна. Та бүхэн хариуцлагатай байхыг бас шаардаж байгаа байх?
-Мэдээж хариуцлагатай уул уурхайг байгуулах тал дээр ажиллаж байгаа. Хариуцлагатай уул уурхай дотор олон зүйл яригдах ёстой. Эхний ээлжинд тухайн ард түмэн, бүс нутаг баялгийн хараал хүрэхгүй байх шаардлагатай. Баялгийн хараал гэдэг бол байгаль орчинтой холбоотой асуудал. Тэгэхээр уурхайнуудад байгаль орчинтой холбоотой асуудлуудыг нэн тэргүүнд тавьж байна. 2008 онд байгаль орчинтой холбоотой асуудлаар ажиллаж байгаа компани болгонтой байгаль орчны эрүүл ахуйн бодлого тэр хариуцлагын асуудал дээр нэлээд анхаарч ажилласан. Энэ жилээс эхлээд байгаль орчинд ээлтэй, эко орчинг бий болгох хатуу гэрээ байгуулан ажиллаж байна.