Ч.ОЛДОХ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ард нийтийн санал асуулга явуулах талаар АИХ-ын орлогч дарга асан, профессор Л.Дашням, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нарын байр суурийг хүргэж байна.

Л.Дашням: ЯАРАХ ХЭРЭГГҮЙ

50Нийгмийн амьдралд гарч буй  өөрчлөлтүүд, ирээдүйн хөгжлийн шаардлагыг бодож болгоосон, боловсруулж цэгцэлсэн зүйлсээ тусган Үндсэн хуулиа чамбайруулах шаардлага бий. Гэвч өөрчлөлт, аливаа нэмэлтийг одоогийнх шиг ийм түргэн түүхий боловсруулж, яарч сандран тогтоон, батлах хэрэггүй.

Ардчилсан Үндсэн хууль  бүх ард түмний оролцоотой бүтсэн монгол түмний оюуны нандин өв, халдашгүй өмч, Монголын баялаг мөн. Ардчилсан Үндсэн хуультай болсон учраас ч бид ардчилсан нийгмээ бүтээн цогцлоож байгаа юм. Тиймээс  Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэцийг   бий болгосон. Одоо Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлт бол тэр л нандин өв, үнэт баялагаа улам сайн болгох, тэгснээр улс орноо, ард түмнээ илүү сайхан амьдруулах зорилтыг тавьж буй онцгой хариуцлагатай  ажил юм.

Гэтэл одоогоор, бидэнд мэдэгдэж байгаа хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлал, шинэ заалтууд, тэрчлэн энэ өөрчлөлтийг хийх гэж байгаа УИХ-ын гишүүдийн аль аль нь ард түмний санаанд нийцэхгүй байнаМонголын нийгмийн амьдралын болохгүй бүтэхгүй байгаа бүхэн Үндсэн хуулиас биш, төрийн эрхийг барьж буй (нарийндаа ард түмнээ хуурч эрхийг эзэгнэсэн) хүмүүсээс  хамаарч байна.

 Хүмүүсийн нүд, ухаан бодлыг амьдрал аяндаа нээдэг. Бид хүмүүсээ таньдаг, мэддэг болж байна. Монгол орон Эзэн шиг Эзэнтэй байгаасай гэж хүсч  байна. Монголын нийгмийн оюунлаг, сэхээлэг хэсэг өнгөрсөнтуршилт”-д  дүнгээ тавьчихаад, шинэ сонголт хийх хүсэл эрмэлзлэлээ хэдийнэ илэрхийлээд байгаа. Тэр шийд, тэр сонголт Үндсэн хуульд өөрчлөлт хийх эрхийг хэнд найдаж итгэхээ давхар шийдэх нь зайлшгүй. Ухаарч, сэхээрэхгүй бол улс оронгүй болох нь!

Б.Мөнхтуяа: ЗАСАХ ШААРДЛАГАТАЙ

1000-eej-Ардчиллын хамгийн үр дүнтэй  байж болох шийдлийн арга бол  Ард нийтийн санал асуулга юм. Туршлагаас харахад Монгол Улс өнөөдрийг хүртэл  Ард нийтийн санал асуулгыг  тийм ч олон явуулаагүй. Олон улсын жишигт  ард түмнээ сонсч аливаа шийдвэрийг гаргадаг улс орнууд бий. Жишээ нь Швейцарь улс байнаТус улс төвийг сахисан байр суурьтай, хөгжлөөрөө тэргүүлэгч орон. Ард түмнийх нь  дунд амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгаа талаар явуулсан олон улсын судалгаагаар  дээгүүр үзүүлэлттэй гардаг. Тэнд  асуудлыг яаж шийддэг вэ гэвэл аливаа шийдлийг гаргахдаа санал асуулга явуулдаг. Үүний дүнд  тулгамдсан асуудлаа  шийдчихдэг.

Тэгвэл  манай улсын хөгжил дорвитой урагшлахгүй байгаагийн шалтаг ч энэ байж магадгүй. Зөвхөн удирдах төвшний хэдэн хүн шийдвэр гаргачихдаг шүү дээ. Улсын шийдвэрийг хэдийгээр сонгогчдоос мандатаа авсан ч гэсэн 76 хүнтүүний 50+1  гэхээр  39 хүн суугаад шийддэг. Байнгын хороод дээр түүнээс цөөн, арван хэдэн хүн хуралдаад хөгжлийн асар том бодлогыг шийдчихдэг. Ийм байгаа учраас улс орны эцэг хууль, эх хууль гэдэг Үндсэн хуульдаа  гар хүрэхэд ард түмнээсээ асууж  шийдэх нь зөв.

Харин Үндсэн хуульд гар хүрэх тухайд нийгэм хоёр хуваагдсан байдалтай байна. Би тодорхой хугацаанд төрийн алба хашиж байсны хувьд, мөн Монгол Улсын иргэний хувьд хэлэхэд, өнөөдөр манай улсад төр, засгийн хэмжээнд хямрал үүсчихсэн байна. Үүнийг бид системтэйгээ холбож ойлгодог. Түүнээс аливаа улстөрчид, аль нэг нам, улс орныг ийм байдалтай болгочихъё гэсэн эвсэл байхгүй. Харин засаглалд  алдаа гараад байна уу. Үүнийгээ Үндсэн хуульдаа гар хүрэх байдлаар,  тодорхой заалтуудыг өөрчилснөөр залруулах боломжтой гэж байгаа бол санал нийлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин