Б.МӨНХБАТ
Ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадамд шандас сорих хурдан хүлгийн дунд сунгаа өчигдөр боллоо. Уяачдын галууд хэд гурваараа нийлж хамтран зохион байгуулсан учраас сунгааг хэд хэдэн газар зохион байгуулсан юм. Хүй долоон худаг, Төв аймгийн нутаг Долоон, Налайх, Гачууртад болсон сунгаанд тус бүр 70-80, нийтдээ 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөв. Харин морь дагасан жийпний тоо түүнээс хэд дахин илүү, тоос шороо ихтэй байснаас тэнд очсон үзэгчид хурдан хүлгийн бус машины сунгаа боллоо хэмээн шүүмжилж байсан юм. Хамгийн олон хүн очиж сонирхсон сунгаа Хүй долоон худагт болсон азарга, их насны морьдынх байлаа. Их насны сунгаанд Увс аймгийн уяач Д.Сайнбаярын хонгор морь саахалтын зайтай тасархай ирж хурсан олныг шуугиулсан бол морь сонирхогчдын дотор энэ жилийн наадамд шинэ уяач, битүү морьд өнгөлөх нь гэсэн яриа хөөрөө өрнөж байна.









