Ц.БАЯР

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг  2016 онд үргэлжлүүлэн олгох шийдвэр бий. Тэгвэл тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилан нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах боломжтой хэмээн Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлсэн. Энэ тухай Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын НХБХ-ийг зохицуулах газрын дарга М.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлээр  хичнээн хүүхэд авахаар болж байна вэ?  

- Хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх тухай  албан тоот манайд одоогоор ирээгүй байна. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл, өрхийн амьжиргааны судалгааг хийж  байна. Одоогоор 1-17 дугаар бүлэгт хамрагдаж хүүхдийн мөнгө авах 700 мянган  хүүхдийн мэдээлэл ирсэн. Шинээр төрсөн болон 18-20 дахь бүлгийн амжиргааны түвшинд хамрагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй иргэдийн өргөдөл зэргийг харгалзаж 1-17 дугаар бүлэгт шилжих магадлалтай 120 мянга орчим  хүүхэд нэмэгдэхээр байгаа. Ирэх онд нийт 820 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төсөв батлагдсан.

- Иргэд хаана бүртгүүлж судалгаанд хамрагдах вэ?

- Тухайн өрх өөрийн бүртгэлтэй оршин суугаа газрынхаа тухайлбал, аймаг, нийслэл сум, хорооныхоо Халамж Үйлчилгээний Газрын нийгмийн ажилтанд хандаж өргөдлөө гаргана. Өргөдлийг хүлээн авч тухайн хүний нэр регистерийн дугаарыг үндэслэн Үндэсний Статистикийн Газар, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгаалалын Яамнаас баталсан аргачлалын дагуу тусгай асуулттай программд оруулж бодож гаргана. Хэрэв бүртгэлд байхгүй бол судалгаанд хамрагдах ёстой. Мөн бусад ангилалд хамрагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй бол судалгааг дахин хийлгэх эрхтэй.

- Амьжиргааны түвшин тогтоох аргачлал нь хэдэн асуултаас бүрддэг вэ?

-100 гаруй асуулттай Үүнд, боловсролын төвшин, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, орон сууцны нөхцөл, газар эзэмшдэг эсэх, машинтай машингүй, удаан эдлэгддэг гэр ахуйн тавилга, печь, LED  болон хар зурагт, тоос сорогч, хөргөгчтэй эсэх зэрэг асуулттай. Асуултын дагуу  судалгааг авна.

- Өөрийн гэсэн орон сууцгүй хэрнээ машинтай түүнээс өөр орлогогүй өрх 18-20 дугаар бүлэгт хамрагдах уу?

- Машин битгий хэл хоол халаадаг печьтэй байсан ч 1-17 дугаар бүлэг руу орохгүй. Өргөдөл гаргаад ч нэмэргүй. Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохдоо орлого багатай эмзэг, нэн ядуу зорилтот бүлгийнхнийг хамруулах зорилгоор амьжиргааны төвшингийн ангилалыг тотоосон. Тухайн өрхөд 20.000 төгрөг авсан ч аваагүй ч амьдралд нөлөө үзүүлэхээргүй бол 18-20 дахь ангилад хамрагдана.

-Орлого нь амьдралд нь хүрэлцдэггүй дунджаас доогуур орлоготой өрхөд хүүхдийн 20.000 төгрөг их дэм болдог гэдэг?

- Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохдоо орлого бага, эмзэг, нэн ядуу зорилтот бүлгийнхнийг хамруулах зорилгоор амьжиргааны төвшингийн ангилалыг тотоосон. 1-17 дугаар бүлэгт ихэвчлэн захын гэр хорооллын олон хүүхэдтэй, нэн ядуу өрхийн хүүхдүүд хамрагдаж байна.

-Энэ онд амжиж өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй иргэд он гараад хамрагдлаа гэхэд өнгөрсөн сарынх нь нөхөж өгөх үү?

-Энэ талаар манай агентлаг журам боловсруулж  яаманд хүргүүлсэн. Шийдэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Нэгэнт төсөв нь 820 мянган хүүхдэд олгохоор батлагдсан болохоор дээрх тооноос хэтрээгүй тохиолдолд нөхөж өгөх боломж бий. Өнгөрсөн онуудад 930 мянган  хүүхэд энэ мөнгийг авч байсан Ирэх онд 130 орчим мянган хүүхэд хасагдаж байна.

Эх сурвалж: www.zms.mn