Ч.ОТГОНСҮРЭН

Оюутнуудыг зуны амралтаараа ажиллаж, амралтаа үр дүнтэй, орлоготой өнгөрүүлэхийг Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооноос уриалж байсан билээ. Тэгвэл “Ажилтай орлоготой монгол залуус” хөтөлбөрт хамрагдсан эхний ээлжийн залуус орон нутгийг зорилоо. Аймаг бүрийн төлөөлөл болсон 1324 оюутан тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Сумын залуус” төсөлд хамрагдсан юм.  Бизнесийн удирдлага, анагаах ухаан, математик, мэдээлэлзүй, англи хэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр өөрсдийн төрж өссөн нутагт ажил хийхээр хөдөлсөн нь энэ. Эдгээр залуус аймаг, сумынхаа удирдлагуудтай хамтран хоёр сарын турш энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Тэд юу хийх вэ. Эхний сардаа өөрсдийн суралцаж байгаа мэргэжлийн онцлогийг орон нутгийнхаа иргэдэд таниулж, сургалт хийнэ. Харин дараагийн сард нь хүүхэд, хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сайн дурын ажлыг зохион байгуулах юм. Зуны амралтаараа цалинтай ажиллангаа дадлагажих боломж бүхий энэхүү хөтөлбөрт оюутан залуус идэвхтэй оролцож байгааг зохион  байгуулагчид нь сайшааж байлаа. Тэгвэл хөдөө сумынхан орон нутагтаа ийнхүү ажиллаж байна. Харин хотын оюутнууд ажил хийх боломжтой юу. Энэ асуултад зохион байгуулагчид нь тийм гэж хариуллаа. Учир нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нөгөө хоёр төсөл нь тун удахгүй эхлэх гэж байна. Амралтаа цалинтай өнгөрөөхийг хүссэн оюутнуудыг өчигдрөөс бүртгэж эхэллээ. Энэ талаар Залуучуудын хөдөлмөрийн биржийн менежер Г.Энхбаяраас тодрууллаа.

 

Г.Энхбаяр:

БИД ОЮУТАН ЗАЛУУСАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

                      

 -“Сумын залуус” төслийн залуус ажил үүргээ хүлээн аваад явлаа. Хотод байгаа оюутнуудад одоо ямар боломж байна?

-“Ажилтай орлого­той монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд нийт гурван төслийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Эхнийх нь болох  “Сумын залуус” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ. Одоо “Цагийн ажил” болон “Ажлын гараа” төслүүдэд оюутнуудыг бүртгэж эхэллээ. Энэ төсөлд хотод байгаа болон орон нутгийн оюутнууд хамрагдаж болно. “Цагийн ажил” төсөл бол ганц хоёр сар үргэлжлээд дуусчихгүй, цаашид үргэлжилж болно. Бид мэргэжил харгалзахгүй ажилд зуучлах юм. Цалингийн хэмжээ нь тухайн ажилд авах компанийн шийдэх асуудал.  Харин “Ажлын гараа” төслийн хувьд аль ч аймгийн залуус хамрагдах боломжтой. Хамгийн гол нь залуус маань өөрсдийн багаа бүрдүүлээд ирж бүртгүүлэх шаардлагатай.

-Эдгээр төслүүдэд хөдөө орон нутгийн залуучууд ч оролцох боломжтой гэж хэллээ. Хэрхэн яаж бүртгүүлэх вэ?

-Монголын залуучуудын холбооны дэргэдэх аймгийн салбар зөвлөл гэж байдаг. Тэгэхээр тухайн оюутан манай аль нэгэн төсөлд хамрагдах хүсэлтэй бол өөрийн аймгийн салбар зөвлөлийн даргатай холбогдоод бүртгүүлж болно. Тухайлбал Дорнод аймгийн оюутан бол тухайн аймгийнхаа салбар зөвлөийн даргатай холбогдоно.

-“Цагийн ажил” болон “Ажлын гараа” төслүүд хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх вэ?

- Бүртгэл эхэлчихсэн байгаа. “Цагийн ажил” төслийн хүрээнд бүртгүүлсэн залуусыг эхнээс нь зуучлаад эхэлж байна. “Ажлын гараа” төсөл энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Бэлтгэл ажил хангагдаад явж байна. Хамгийн гол нь оюутан залуус маань өөрсдөө идэвхитэй байх хэрэгтэй.

-Оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Цээж зурагтай ирнэ. Ирээд манай анкетыг бөглөх юм.

-Эдгээр төслийн талаар мэдээгүй залуус байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

-Бүх үйл ажиллагааны талаар багтаасан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цахим хуудас тун удахгүй ашиглалтад орно. Мөн Монголын залуучуудын төв бирж гэсэн facebook хаягаар орж “Цагийн ажил” төсөл гэсэн хуудсанд хандах хэрэгтэй.