Зунжин тоглож, зарим нь уншиж, бичих сургалтанд сууж, сурагч болох бэлтгэлээ базаасан зургаан настнууд цэцэрлэгийнхээ анги танхим, хамт сурч байсан найзуудаа үе үехэн дурсаж, үсэг нүдэлж, үг унших их ажилдаа идэвхийлэн оржээ. Анх сургуульд орохдоо аав, ээжийгээ даган уйлж, ангийнхаа хүүхдүүдтэй танилцах манатай байсан тэд есдүгээр сарын 1, хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдтэй харьцуулахад одоо жинхэнэ сурагч болжээ. Улсын хувийн гэлтгүй аль ч сургуулиар орсон тэд долоон эгшигээ нүдэлж, авиа үсгээ үзээд, хөгжмийн нот бичиж, төрөл бүрийн дугуйланд хамрагдаад зав муутайхан явна. Хотын төвийн хэдэн сургуулийн үүдэнд хичээл орох, тарах үед очвол айл бүрт гэрийн даалгавар хийх “их ажил” өрнөж, зүггүй зургаан настнуудыг уншиж сургах гэж хичээж байгаа тухай ярих аж. Харин зарим нь хэтэрхий их гэрийн даалгавар өгч, хүүхдийг залхааж байгаа багш нарыг нь шүүмжилж байв. Өвөө, эмээ нарын зарим нь “Манай хүү зурж, будах хичээлдээ дуртай, уншиж бичихдээ тааруухан байна” хэмээн хөмсөг атируулан ярьж, ангийн багшаас нь арга эвийг нь олох зөвлөгөө аваад буцаж байгаагаа хэлэв. Тиймээс хичээлийн шинэ жил эхлээд гурван сар болж байгаа энэ үед бага боловсролын шинэчлэлтэй танилцав. Тэр дундаа бичиг цааснаас салаад, бүх цагийг хүүхдийг хөгжүүлэхэд зарцуулж буй багш нарын ажилтай танилцлаа.
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийнхан шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэж байгаа. Үүнийг товчхон тайлбарлавал, Шинэчлэлийн Засгийн газар боловсролын салбарт гол шинэчлэлийг хийж, гол түлхүүр нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хэмээн томьёолж байгаа юм. Энэ ажлын хүрээнд мөн олон ажлыг хийж, бага ангийнхны сурах бичиг болон 1-5 дугаар ангийн багш нарын гарын авлага, номыг хүртэл шинэчилжээ. Хамгийн чухал нь, хүүхдийн үнэлгээний системд өөрчлөлт оруулж, багш хүүхэд бүрийг ахиц амжилтаар нь дүгнэдэг болсон байна. Тиймээс энэ удаа зүггүй дэггүй зургаан настнуудад хэрхэн хичээл зааж, тэдний хичээл зүтгэлийг хэрхэн үнэлж, урамшуулж байгааг сонирхсон юм.
“ХҮҮХДИЙН СУРАХ ХҮСЛИЙГ ӨДӨӨХӨД ХАНЫН САМБАР Ч ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ “
Бидний орсон сургуулиудаас онцолж дурдвал Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор нэгдүгээр ангийн 12 бүлэгтэй юм. Анги тус бүрт нь 30 гаруй хүүхэд хичээллэдэг гэж байв. Ангийн тохижилт, ариун цэвэр зэрэгт нь “Онц” дүн тавихаар юм. Хамгийн сонирхолтой нь, сургалтын арга барил, хичээл заах арга зүй, хүүхдийн насны онцлогт тохируулаад багш нар нь ангийн тохижилт, ханын самбаруудаа тун сонирхолтой байдлаар хийжээ. Ялангуяа зургаан настнуудын ангид “Тоо тоолж сурцгаая” гэсэн том самбар, ханаар дүүрэн “Цагаан толгойн үсэг”, хаа сайгүй хүүхдийн бүтээл өлгөөстэй харагдана. Зургаан настнуудын нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 35 минут. Тиймээс багш нар энэ богино хугацаанд амжиж хичээлээ ойлгомжтой байдлаар заах гэж олон төлөвлөгөө боловсруулж, багагүй судалгаа хийдэг болжээ.
Бидний орсон сургуулийн багш нар “Зөвхөн зургаан настай хүүхэд гэлтгүй 1-5 ангийнханд тухайн хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулах, бусадтай зөв харьцах зэрэг хүүхдийг төлөвшүүлэх хичээл ордог. Эдгээр хичээлд бага ангийнхан тун идэвхтэй оролцдог” гэдгийг дуулгасан юм. Мөн өмнө нь багш нар самбар шохойгоо ашиглаад хичээлээ ордог байсан бол шинэчлэлийн үрээр заах аргаа өөрчилж, багаар ажиллаж, багш нар өөрсдөө багагүй зүйлд суралцаж байгаагаа хэлсэн. Өмнө нь нэг ангийн 30 хүүхдийг жагсааж суулгаад хуулан бичүүлээд түүнийгээ асууж дүн тавьдаг байсан бол одоо хүүхдүүдийн санаа бодлыг асууж, тэдний сонирхол дээр тулгуурлаж хичээлээ заадаг болж. Мөн хүүхдэд сайн, муу гэсэн дүн тавихаа больж, хүүхдийг урамшууллын аргаар дүгнэдэг болсонд эцэг, эхчүүд ч тун ам сайтай байна. Энэ тухай бага ангийн багш болон салбарын сайдын сэтгэгдлийг сонссон юм.
БУРМААС ИЛҮҮ УРМААР ШАГНАХ ХЭРЭГТЭЙ
БСШУ-ы сайд Л.Гантөмөр:
-Өсвөр насны хүүхдэд урам хайрлах нь маш чухал. Гурван нас хүртлээ болохгүй гэдэг үг сонсчихсон, зургаан нас хүртлээ цэцэрлэгт очоод номхон суухыг заалгасан хүүхэд нэгдүгээр ангид орно. Тэгээд дүн тавиад эхлэхээр тухайн хүүхдийг улам унагаж байгаа хэрэг. Тиймээс манайх үнэлгээний системээ урмын систем рүү шилжүүлж байгаа. Зургаан настай хүүхдийг муу авлаа гэж загнахаас илүүтэй “Чи чадаж байна” гэж урамшуулдаг болсон. Жишээ нь, “Чи минутад 30 үг уншиж чадаж байна. Сайн байна. Дараагийн удаа 31 боллоо маш сайн” гэдэг ийм урмаар тухайн хүүхдийн суралцахуйг нь дэмжсэн үнэлгээтэй болсон. Энэ бол бидний хийж байгаа хөтөлбөрийн гол амин сүнс нь. Нөгөө талдаа хүүхдээ хүлээдэг, тэвчээртэй байх чадвартай багш энэ цаг үед хэрэгтэй болсон. Бид хүүхдээ оношилж чаддаг багшийг бэлдэх ажлыг хийж байна. Багшаа бодитоор үнэлдэг систем рүү шилжиж байгаа. Багш хоосон цаас үйлдвэрлэдэг биш, хүүхдийнхээ тархитай ажилладаг болсон. Одоо манай багш нар ангийн 30 хүүхэд 30-уулаа хөгжчихлөө, ийм ахицтай байна гэдгээрээ өөрийнхөө ажлыг дүгнээд явдаг болсон.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХИЧЭЭЛ ЗААХААС ЭХЭЛНЭ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Пүрэвдулам:
-Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь хичээлээ хэрхэн заахаас эхэлнэ. Одоо бидний ажлыг цаасаар биш хүүхдийнх нь хөгжлөөр дүгнэж цалин, урамшуулал олгох журамтай болсон. Тийм болохоор цалингаа нэмүүлье л гэвэл энэ хэдэн хүүхдээ яаж бүгдийг нь “онц” сурлагатан болгох вэ л гэж боддог болоод байгаа. Хүүхэд бүрийг хөгжүүлье гэвэл хамгийн чухал нь хүүхэд бүрийн сонирхлыг татахуйц байдлаар хичээлээ явуулж ойлгуулах явдал юм билээ. Хүүхдүүд маань олуулаа ч гэсэн өмнөхөө бодвол хичээлдээ их дуртай болсон. Мөн манай эцэг эхчүүдэд нэг дутагдалтай тал байна. Энэ нь маань балчир гээд хүүхэддээ итгэдэггүй. Гэтэл үнэндээ тэдэнд ойлгохгүй, чадахгүй зүйл байдаггүй. Зүгээр л хүсдэггүй хүүхэд гэж байдаг. Тэдний хүслийг өдөөх нь багш эцэг, эхийн үүрэг. Багш, эцэг эх, гэр бүл сургуулийн орчин гээд бүх зүйл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлнө. Тиймээс аль алиныг нь анхаарч үзэх ёстой. Хүүхэдтэй илүү ойртож, тэднийг ойлгож, урамшуулж чадвал жинхэнэ зөв хүн болох зүг рүү нь чиглүүлж чадна гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин