Д.МЯГМАР
Айсуй наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай Улсын баяр, наадмыг зохион байгуулах комиссынхон өчигдөр танилцлаа. Наадамчдыг тухтай цэнгүүлэхийн тулд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь морь барианы газарт сандал нэмж, сүүдрэвч будаж өнгө зүсийг нь сайжруулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байдаг холбооны шугамын цооногийг бетонон хавтангаар хэлтгий тагласныг засах дотор талбайн цагаан зураасыг тодруулах, зарим хэсэгт асфальт нөхөж дэвсэх зэрэг хойшлуулшгүй хийх ажлын талаар тэд холбогдох хүмүүст дахин сануулав.
Хэдхэн хоногийн дараа монгол түмний их баяр цэнгэл эхлэх тул наадмыг зохион байгуулах комиссынхон шалгалт хийж, өгсөн үүрэг даалгавраа мөн лавлав. Энэ үеэр Нийслэлийн Захирагчийн ажлын алба (ЗАА)-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, Баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүн Т.Батбаяртай ярилцлаа.
-Монгол түмний наадам болоход долоо хоног үлдлээ. Баярын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Наадмын бэлтгэл ажлын явц 95 хувьтай байна. Урсгал засвар, тохижилтын ажлыг үндсэнд нь нугалжээ. Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн арга хэмжээг 500 гаруй хүн зохион байгуулж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, сурын харваа, шагайн асарт хийж буй засварын ажил энэ сарын 5-нд бүрэн дуусна.
Хүй долоон худаг орчмын зам засварын ажлууд өрнөж, тэнд долоон мянга гаруй машины зогсоол хийж байна. Одоо нарийн чимхлүүр ажлууд үлдсэн. Цаг агаарын урьдчидсан мэдээгээр, ялангуяа 11, 12-нд хур бороо элбэг байх тул бид байгаль, цаг агаарын нөхцөлд тохируулж ажиллахаар ярилцаж байна. Бороо ихтэй үед наадмын талбайн эргэн тойронд ус их тогтдог. Хэрэв усархаг бороо орвол тогтсон усыг хэрхэн хурдан зайлуулах вэ гэдгийг хүртэл одооноос холбогдох албаны хүмүүстэй ярьж байна. Будах, сэргээн засах жижиг ажлыг өнөө, маргаашдаа хийчих байх. 5-нд Шадар сайд наадмын бэлтгэл ажлыг эцсийн байдлаар шалгаж, хүлээж авна. Энэ сарын 8-нд үндсэндээ наамдын бэлтгэл ажлыг бүрэн хангачих байх гэж тооцоолсон. Түүнээс наана бид чимхлүүр ажлаа хийж, иргэдийг аль болохоор бухимдалгүй, тухтай наадуулах үүднээс шаардлагатай нэмэлт ажлыг сэдэж хийнэ дээ.
-Баяраар худалдаа, үйлчилгээний байгууллагууд наадамчдад үйлчлэхээр завгүй ажилладаг. Ямар журмаар тэднийг ажиллуулж байгаа бол?
-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хэрхэн ажиллуулах талаар нарийвчилсан төлөвлөгөөг бид эртнээс гаргасан. Түүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Манай Захирагчийн ажлын албаны хүнсний хэлтсийнхэн энэ ажлыг дангаараа зохион байгуулахаар ажилдаа ороод явж байна.
-Наадмын бэлтгэлийг хангахад улсаас өгсөн төсөв нь хүрэлцэж байна уу?
-Наадмын бэлтгэл хангахад төсөв дутсан юм одоохондоо алга. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд зарим ажлыг танайх, манайх хийнэ гэх мэтээр ганц нэг зөрчилдөөн гарсан. Ажлын шаардлагаар тийм зүйл байж болно. Тухайн үед нь бид ажлыг нь зохицуулаад хуваарилсан, одоо асуудал алга.
-Наадмаар бие засах газар хүрэлцээгүй тул наадамчид нэлээн дугаарлаж байж морь хардаг. Ариун цэврийн шаардлага хангахгүй, орчин үед тохиромжгүй модон жорлон ажиллуулдаг гэж жилийн жилд шүүмжилдэг. Энэ байдлыг зассан уу?
-Одоо байгаа бие засах газрыг засуулсан. Гурван модон жорлон Төв цэнгэлдэхийн ойролцоо бий. Цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудтай ярилцаж байгаад хоёр ширхэг чингэлгэн бие засах газар нэмж байрлуулна. 30 орчим био жорлон ажиллуулна. Сая Чингэлтэй дүүрэгт байрладаг хувийн байгууллагаас өөрсдийн хөрөнгөөр 30 орчим био 00 наадмын талбайн ойролцоо байгуулах санал хэлж байна. Энэ бүхнээс харахад наадмын өдрүүдэд бие засах газрын асуудлыг эвтэйхэн шийдчих байх. Зарим байгууллага наадмын талбайд сурталчилгаагаа байрлуулж өнгө, үзэмжинд нь анхааръя, индрийн дэргэдээс бөмбөлөг хөөргөе зэргээр хувийн хэвшлийнхэн янз бүрийн санал, санаачлага гаргаад наадмын ажлыг дэмжиж байгаа. Улсаас төсөв гаргаад урсгал засваруудаа хийж байгаа.
-Наадмаар нэлээн хуртай байна гэж дууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ихэнх суудал задгай талбайтай байх аа?
-Энэ жилийн хувьд наадмын сүүдрэвчээ хэвээр нь засч, тордоод ашиглана. Стадионы хэсэг газар сүүдрэвчтэй. Үлдсэн нь задгай шүү дээ. Ирэх жил бид Монгол наадам цогцолборыг бариад тэндээ нааддаг болно.
-Хурдан морьны уралдаан үзэхийн тулд наадамчид Хүй долоон худаг руу хошуурдаг. Тэр үед 22-ын товчооны замын засвар амжиж дуусах уу?
-Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж энэ асуудалд нэлээн анхаарч ажлыг нь шахаж байгаа. Наадмын өдөр тулаад засвар дуусахгүй бол 22-ын товчооны замын нэг урсгалыг нээнэ гэж төлөвлөж байна. Болж өгвөл 22-ын замын хоёр урсгалыг зэрэг нээчих санаатай байна. Цаг агаарын байдлаас болоод энэ замын ажил дуусахгүй байна. Замын компаниуд нь 24 цагаар ажиллаж байгаа юм билээ.
-Наадам дөхчихлөө, бүтэхгүй санаа зовоосон асуудал үлдсэн үү?
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд байгаа холбооны шугамын асуудлыг цэгцлэхээр мэргэжлийн хүн дуудсан. Траншейны тагны оронд том цементээр дараад, осолтой болчихож. Өөр асуудал алга.
-Наадамчдын машинд томоохон зогсоол бэлдэхгүй бол түгжрэл, гацаа үүсдэг. Зогсоолын тоог нэмэх үү?
-Машины хэд, хэдэн зогсоолыг наамдын өдрүүдэд ашиглахаар ярьсан. Жапан тауны өмнөх хоёр том талбайг наадамчдын машины зогсоол байдлаар ашиглахаар удирдлагуудтай нь ярилцаад тохирсон. Мөн Дүнжингарав худалдааны төвийн 2000 автомашины зогсоолыг ашиглахаар болсон. Мишээл экспо төвийн гаднах зогсоолыг ашиглаж наадамчдын машиныг байрлуулна. Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо төвөөс том автобусуудаар наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зөөнө. Өмнөх жилийнхээс машины зогсоолын хангамж илүүтэй нэмэгдэж байгаа учраас иргэд бухимдалгүй наадах байх.
-Өмнөх жилүүдээс илүү гарахаар ямар ажил сэдэж, хийсэн бэ?
-Иргэд талбайд суугаад наадамлах дуртай байдаг. Тэр үүднээс иргэдэд зориулж сандал шинээр хийж байрлуулсан. Нэлээн хэдэн газрын замыг хатуу хучилттай болгосон. Энэ жил ногоон байгууламж, цэцэрлэгт илүү анхаарал тавьж эхэлсэн. Ингэснээр тэр хэрээр баярын өдөр тоос, шороо бага байх болов уу. Усалгааг нэлээн эрчимтэй хийж байгаа. Орчны цэвэрлэгээг онцгой анхаарч, 10 хоногийн өмнөөс цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн. Зэрлэг ургамал их байсан. Хүмүүсийн харшлийг хөдөлгөхгүйн тулд өнгөрсөн долоо хоногоос ногоон байгууламж, талбайн эргэн тойрны зэрлэгийг нь түүж, устгалаа. Хог, хаягдлыг зориулалтын саванд хийлгэх тал дээр энэ жил нэлээн анхаарна. Наадмын дараа талбай яаж хогонд дарагддаг билээ. Тийм байдлыг гаргахгүй байхаар төлөвлөсөн. Зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчид талбайгаа хувааж аваад ажиллахаар болсон.
-Хүй долоон худгийн засвар үйлчилгээ дууссан уу. Нэлээн их ажил хийхээр комиссынхон ярьж байсан санагдна?
-Морь барианы газрын урсгал засварын ажлыг хийсэн. Дээрээс нь 3000 хүний суудлыг шинээр хийж тавьсан. Өмнө нь иргэд суух газаргүй тухгүй, хүндрэлтэй байсныг морь сонирхогчид мэдэх байх. 24 ширхэг чингэлэг маягийн бие засах цэг байгуулсан. Тэнд хамгийн хэцүү нь бие засах газар байсан, одоо бид энэ асуудлыг шийдсэн. Хогийн савгүй учраас иргэд ил, задгай хог их хаядаг. Тиймээс олон зуун ширхэг хогийн сав тавихаар болсон.
-Монгол наадмыг жил бүр гадны жуулчид нэлээн үздэг. Тэр хэрээр манай улсын талаар төсөөлөлтэй болдог. Тиймээс жуулчдад зориулж ямар ажил хийв?
-Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд гадна, дотны жуулчин, наадамчдад зориулж 2000 ширхэг суудлыг шинээр нэмж хийлээ. Стадион 13 мянга орчим хүний суудалтай юм гэсэн. Үүнээс 12280 ширхэг суудлыг тасалбараар борлуулдаг. Үлдсэнд нь зочид, төлөөлөгчид урилгаар суудаг юм байна. Энэ жил Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ирүүлсэн бичиг, хүсэлтийн дагуу 2000 хүний суудлыг шинээр хийлгэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талбайд суурилуулсан. Энэ мэтээр аар, саар ажлаа хийчихвэл бидний наадам сайхан болох байх шүү.