Л.ЭНХТУЯА
МАН-ын Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.
-Ардын нам сонгуульд ялагдлаа. Гэтэл танай хорооны хэсэг залуус намаа шинэчлэе гээд гараад ирлээ. Өмнөх хоёр сонгуульд ялагдсаны дараа ийм зүйл ярьж л байсан биз дээ?
-Манай намын шинэчлэлийн асуудлыг бид дөнгөж өнөөдөр ярьж байгаа юм биш. Энэ тухай яриад багагүй хугацаа өнгөрсөн. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаар бидний хэсэг нөхөд энэ тухай хөндөж гаргаж тавьж эхэлсэн. Шинэчлэлийн олон санал санаачлага гаргасан. Шинэчлэлийн хороо байгуулж ажилласан. МАН сүүлийн сонгуулиудад удаа дараа амжилтгүй оролцлоо. Нийгэмд намын нэр хүнд унаж байна. Удирдлага, бодлого, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын хямралд орсон байгаа нь харагдаж байна. Бидэнд засч залруулах, нийгэмтэйгээ хөл нийлүүлэх, олон нийтийн биднээс хүсч, хүлээж байгаа хүлээлтүүдэд нийцсэн олон өөрчлөлт, шинэчлэлийг хийх, эрүүлжих шаардлагатай болсон. Тийм ч учраас бид өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаагийн санал санаачлага, шаардлагуудыг намын удирдлагуудад хүргүүлж ажилласан. Энэ санал санаачлагыг хүлээж авч, ажилдаа тусгаж ажилласан бол хэрэгтэй байсан. Тодорхой ажил санаачлаад, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад өгсөн, баталж өгөөгүй. Харамсалтай нь удирдлагуудын зүгээс энэ бүхэнд мохоох, саармагжуулах, унтраах байдлаар ажилласан болохоос шинэчлэлийн зоригтой алхмууд хийж чадсангүй. Бид 2012 оны сонгуулийн дараах таагүй үр дүнгийн дараагаас эхлээд л намын XXVII Их хурлаа хуралдуулъя гэсэн санал тавьсан, шаардсан. Хэдхэн дарга хаалттай хаалганы цаана, цоожтой өрөөнд хуралдаж байгаад намыг цааш яаж явах тухай шийдэж чадахгүй. Учир нь тэр хүмүүс нийгмийг мэдрэхээ больсон. Нийгэмд юу болж байгаа талаар мэдээлэлгүй, залуус юу хүсч байгааг ойлгохгүй. Ийм хүмүүс юу болж, юу болохгүй байгаа талаар шийдвэр гаргаж үнэхээр чадахгүй. Тиймээс бид намын хамт олноороо ярилцаад, нийт гишүүдийнхээ саналыг сонсоод тухай үеийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгье, Их хурлаа хуралдуулъя гэсэн. Тэгж байж болохгүй бүтэхгүй байгаагаа ярилцаад намын дүрэмдээ тодорхой өөрчлөлт оруулаад, намын бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, шинэчлэлийн бодлогоо тодорхойлоод цааш явъя, тэгэхгүй бол болохгүй гэдэг шаардлага тавьсан.
-Гурван удаагийн сонгуулийн ялагдлыг зөвхөн удирдлагатайгаа холбон тайлбарлаж байна уу. Өмнөх Их хурлаас гарсан шийдвэрийн алдаа гэж олон хүн хэлдэг шүү дээ?
-Тэр их хурлаас түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Намын уугуул нэрээ сэргээсэн, түүнтэй холбоотой хичээн эрмэлзэх зүйл гээд олон зүйлийг өөрчилсөн. Бидний хувьд тэр шийдвэрүүдийг цагаа олсон, хойч ирээдүйгээ бодсон, алс хэтээ харсан шийдвэрүүд байсан гэж үздэг. Тухайн үедээ улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэлээ ч хийх ёстой өөрчлөлт байсан. Гагцхүү МАХН гэдэг уугуул нэрээ авч үлдэж чадаагүй нь алдаа болсон.
-Одоо энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Удирдлагын босоо тогтолцоотой нам дарга нартаа хариуцлага тооцох ёстой байх?
-Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр бид “Энэ удирдлагатайгаар орон нутгийн сонгуульд ялагдлаа. Энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Хариуцлагын тухай огт ярьсангүй. Тиймээс энэ байдлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд орж болохгүй” гэдэг асуудлыг тавьсан. Тэгвэл удирдлагуудын зөв баг нийгэмд эерэг сэтгэгдлийг төрүүлж чадах байсан. Намд шинэчлэлийг сааруулдаг бус, хэрэгжүүлдэг удирдлага хэрэгтэй байсан. Албан тушаалаа алдахаас айлгүй зоригтой өөрчлөлтийг хийх удирдлага хэрэгтэй байсан. Гэтэл Удирдах зөвлөл хуралдаад намын Их хурал хуралдах шаардлагагүй гэдэг шийдвэрийг гаргасан. Угтаа энэ нь Бага хурлын эрхийн хүрээний асуудал. Ийм байдал удаа дараа үргэлжилж, хариуцлага тооцохгүй, бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс өнөөдрийн ялагдлыг хүлээж байна. Иймээс өнөөдрийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл нэн даруй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.
-Хүн солиод шинэчлэгддэггүй гэж танай намын дарга нар хэлж байна лээ. МАН-ын дарга хэн байвал шинэчлэгдэх юм бэ?
-Бид шинэчлэлийн тухай ярихдаа хэн нэгэн хүнийг дарга болгох гэж зүтгээд байгаа юм биш. Намын дарга бол гишүүдийн хүсч, нийгэм захиалж байгаа хүчтэй удирдагч байх ёстой. Тэр хэн байхыг намын Их хурал шийднэ.
-Бага хурал наадмын дараа болно гэсэн. Гэтэл танай хорооныхон наадмаас өмнө хийх ёстой гэж мэдэгдлээ. Яарах ямар шалтгаан байгаа юм бэ?
-Тэдний хийсэн мэдээлэлтэй танилцсан. Тэд Их хурлаа хуралдуулаад хариуцлага хүлээх ёстой гэвэл хариуцлага хүлээхэд бэлэн байна гэсэн мэдээлэл хийжээ гэж ойлгосон. Түүнээс гадна намын Бага хурлыг наадмын дараа хуралдуулна гэсэн. Бидний зүгээс өөр байр суурьтай байна. Энэ удирдлагууд нэн даруй огцрох ёстой. Тэднээр намын Их хурлыг удирдуулж болохгүй. XXVII Их хурал “шинэчлэлийн” гэсэн статустай болоосой гэж хүсч байгаа. Хэрэв өнөөдрийн удирдлагууд огцрохгүйгээр Их хурлыг удирдах юм бол хайрцаглана, өөрсдөө явсан ч хортой үр үндсээ үлдээх болно. Тиймээс шинэчлэлийн Их хурлын өмнө өнөөгийн удирдлагууд огцорч, жирийн гишүүд өөрсдийнхөө үнэн үгийг хэлж, хэлэлцүүлж, ажил хэрэгчээр хандах боломжтой болох юм. Тэгэхээр Бага хурлыг наадмаас өмнө буюу энэ сарын 8 гэхэд хийх ёстой болов уу.
-Та бүхнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй байж дараа нь ийм зүйл ярьж, нам уначихсан байхад өшиглөлөө гэж дарга нар чинь хэвлэлээр ярьж байна. Яагаад намынхаа сонгуулийн ажилд оролцоогүй юм бэ?
-Намын удирдлагуудаас тодорхой хүмүүс албан тушаалтайгаа үлдэх гэсэн бодлоор шинэчлэлийн үйлсийг харлуулах гэсэн үг гэж ойлгож байна. Шинэчлэлийн хороо сонгуульд яаж оролцсон талаар тодорхой тайлан бий. Тухайлбал миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хорооны зүгээс оролцох бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гар бие оролцсон. Шинэчлэлийн хорооны гишүүд Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хэнтий аймагт малчин айлуудаар сурталчилгааны ажлыг хийсэн. Цахим ертөнцөд хийсэн сурталчилгаанд бидний оролцоо өндөр байсан. Иргэний нийгэм, мэргэжлийн сонирхлын байгууллагуудтай ажиллах ажлын хэсгийг хариуцаж байсан. Хорооны ерөнхий зохицуулагч Б.Ганхуяг энэ ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан. Шинэчлэлийн хорооны гишүүд маань бүгд хувь нэмрээ оруулахын төлөө ажилласан. Түүнчлэн цаг тухайд нь ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарт анхаарах ёстой асуудлуудын талаар мэдээлэл хийж, санал бодлоо хэлж байлаа. Бид тодорхой хэмжээний мөнгөн хандив өгсөн. Үүнийг баталж Г.Занданшатар дарга өөрийнхөө гарын үсэгтэй батламжийг гардуулсан нь одоо ч манай өрөөнд хадгалаастай байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн намын болохгүй асуудлын эсрэг дуугардаг, үүнийг засахын төлөө зүтгэдэг хүн. Тийм ч учраас бид энэ сонгуульд нэр дэвшигчээ ялаасай гэж үнэхээр их бодсон, зүтгэсэн. Гэтэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон бусад удирдлага сонгуулийн ажилд оролцоогүй мэтээр ярьж байгаа нь харамсалтай байна. Биднийг хэлэх нэг хэрэг, үүнийг тэвчиж болно. Гэтэл энэ үг нь манай намын зарим удирдлага намынхаа төлөө ажилладаг, гутлаа эргэтэл зүтгэдэг гишүүдийнхээ хүч хөдөлмөрийг яаж үнэлдгийн илэрхийлэл боллоо. Гишүүдийнхээ хүч хөдөлмөрийг нулимдаг гэдгийн тод жишээ. Сайн ажиллалаа гэж хэлэхгүй, үнэлэхгүй байж болно. Тэгтэл та бүхэн ажиллаагүй гэж хэлж гишүүдийнхээ урмыг хугалдаг, цааш нь түлхдэг явцгүй бодлого явуулдаг гэдгээ илчиллээ гэж ойлгож байна.
-Олон жилийн түүхтэй нам шинэчлэгдэхэд хэр хугацаа шаардлагатай бол. Хэдэн жилийн дараа Ардын нам хүчирхэг байр сууриа олж авах бол?
-МАН-ын цаашдын хувь заяа өнөөдрийн шинэчлэлтэй шууд холбоотой. Улс төрийн нам уруудалтын доод цэгээ мэдэрч шинэчлэл хийж чадахгүй бол мөхөх аюултай байдаг. Өнөөдөр манай нам уруудалтын доод цэгтээ ирсэн байна гэж үзэж байна. Үнэхээр намаа гэсэн сэтгэл байгаа бол өнөөгийн удирдлагууд шинэчлэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Тийм ч учраас бид юуны түрүүнд удирдлагуудыг огцруулахыг шаардаад байгаа. Шинэчлэл бол удирдлагуудын асуудал биш. Бодлогын шинэчлэл, өөрчлөлт юм.
-Үнэхээр дарга нар нь өөрчлөгдөхгүй бол яах вэ?
-Намын аливаа бодлого шийдвэр гаргах эрх мэдлийн хүрээ улам л багасаад байна. Их хурлаар намын даргаа сонгодог байсан бол Бага хурлаар сонгочихдог болсон. Бага хурлаас нарийн бичгийн дарга нарыг сонгодог байсан бол Удирдах зөвлөл хуралдаад сонгож байна. Улс төрийн нөхцөл байдал ийм хариуцлагатай үед намын даргыг сонгох сонгууль нь олон гишүүдийн оролцоотой байх ёстой гэж үзэж байна. МАН-ын даргад нэр дэвшигчид бодлого хөтөлбөр, хамтран ажиллах багаа танилцуулж сунгаанд оролцож, нийгмийн дэмжлэгийг харгалзан үзэж байж сонгодог байвал нээлттэй, шударга болно. Намын даргын сунгаанд оролцох гэж байгаа хүн шаардлагатай мэдээллүүдээ шалгуулаад аливаа авлига, хээл хахуульд холбогдолгүй гэдгээ батлах хэрэгтэй. Намын Их хурал харин сунгааны үр дүнг хэлэлцэн шийдвэрлэдэг байвал зүйтэй.
-Ер нь танай намд жигүүр байгуулж гарч ирсэн хүмүүс тэгсхийгээд дуугүй болчихдог. Албан тушаал авдаг эсвэл дарга нарынхаа дарамтад ордог байх?
-Шинэчлэлийн санал санаачлагуудыг нам үйл ажиллагаандаа тусгаж ирснийг үгүйсгэж болохгүй. Цаг үе бүртээ шинэчлэлийн үзэл санаанууд өөр өөр байдаг. Харамсалтай нь өнөөдрийн МАН мянга, мянган гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг биш 100 гаруй хүнийг тэжээн тэтгэдэг механизм болсон байна. Дарга нарын биш, гишүүдийнхээ нам байгаасай гэж хүсч байна. Нийгэм манай намаас маш тодорхой зүйлийг хүсч хүлээж байна. Нэгдүгээрт, авлигатай нэр холбогдсон хүмүүсээсээ салаасай. Олон нийтийг уйдааж залхаасан хүмүүсийг хармааргүй байна гэж байна. Үйл ажиллагааныхаа арга барилыг шинэчлэхийг хүсч байна. Бүхий л үйл ажиллагаа нь хуучинсаг байна. Сая болж өнгөрсөн сонгуулийн PR маш хуучинсаг гэж хүмүүс хэлж байсан. Залуустай, оюутнуудтай, нийгэмтэй ажиллах аргаа өөрчлөх захиалгыг өгөөд байгааг олж харж чадахгүй байгаа нь өнөөдрийн удирдлагуудын алдаа дутагдлуудын нэг.
-Ерөнхийлөгчийн сонгуульд ядагдсан нэг шалтгаан нь танай намын зарим гишүүн авлигын хэрэгт холбогдсонтой шууд холбох нэг нь байна. Гэвч Г.Занданшатар дарга үгүйсгэсэн?
-Энэ үг зөвхөн өөрсдийгөө хамгаалсан үг. Энэ олон гишүүдийн итгэл сэтгэлийг бодохгүй сандал ширээтэйгээ зууралдсан тайлбар гэж ойлгож байна. Ямар нөхцөл байдлаас болж бид удаа дараагийн сонгуульд ялагдаад байгаа, намын нэр хүнд унаад байгаа талаар Их хурал дээрээ нээлттэй ярилцах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвшигчийн нийгэмд нэр хүнд их, рейтинг өндөр, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн гэдэг нь харагдаж байсан. Тиймдээ ч сонгуульд тийм хэмжээний амжилт авчирсан. Өмнөх сонгуулиудад манай намын рейтингээрээ нэр дэвшигчийнхээ суурийг тавьж өгдөг байсан. Гэтэл намын нэр хүнд муу байснаараа нэр дэвшигчийнхээ авч болох саналаас доош татсан. Нэр бүхий хүмүүсийн мөнгөтэй холбоотой шуугиан ялагдалд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. МАН-даа байгаа юм биш, энэ намыг ингэж их муухай харагдуулж байгаа тодорхой хүмүүст байгаа юм. Энэ нам хэнд ч муу зүйл хийгээгүй. Харин ч бидэнд тусгаар улсыг халуун амь бүлээн цусаараа авчирч өгсөн. Ийм түүхтэй, гавьяатай намыг ингэж муухай харагдуулж байгаа хэсэг бүлэг хүмүүсээс нам ангижрах ёстой. Шаардлагатай хүмүүсийг намын удирдлагуудаас холдуулах ёстой.
-Ингэхэд хэсэг залуу намынхаа шинэчлэлэд санаа зовоод байдаг юм уу. Та нарын ард бас нэгэн лидер байна уу?
-Бид намын шинэчлэлийн төлөө тууштай ажиллаж байна. Энэ ажил амаргүй байна. Эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл бид гал дундуур явж байна. Янз бүрийн дарамт шахалт ирж байгаа. Намын их хурал хуралдаад шинэ удирдлагууд ажиллаж эхэлсэн даруй шинэчлэл болчихгүй гэдгийг бид ойлгож байна. Удаан хугацааны тууштай ажлын үр дүнд шинэчлэл хийж чадна. Бидний ард ямар нэгэн хүн, биднийг хуруугаараа хөдөлгөж, захиалга өгдөг хэн нэгэн байхгүй. Жил гаруй хугацаанд бид үүнийг гишүүддээ харуулж чадсан.