Эх орны хилээс
Москва хотын Голыцинын хилийн дээд сургуульд энэ сарын 11-14-ний өдрүүдэд Хилчдийн дууны X наадам болж өнгөрчээ. Армян, Кыргиз, Монгол, ОХУ-ын Холбооны хилийн албаны хилийн бүх удирдах газруудаас 200 гаруй уран бүтээлч цугларч хил, хилчдийн тухай дуугаар өрсөлдсөн байна. Энэ том арга хэмжээнд ХЦДБЧ-ын дарга хурандаа Б.Ганхуяг тэргүүтэй дуучин Х.Хаш, Ц.Мөнгөнчимэг, Э.Дүүриймаа нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид амжилттай оролцоод иржээ. ХЦДБЧ-ын “Хилчин” хамтлагийн дуучин Х.Хаш гоцлол дууны төрөлд “Госпада офицеры” дуугаар тэргүүн байр, Ц.Мөнгөнчимэг “Хилчин хүн” дуугаар II байр, Э.Дүүриймаа “Журавлей” дуугаар тусгай байрын шагнал хүртжээ.
Энэхүү Хилчдийн дууны наадам нь 1997 оноос уламжлал болон хоёр жилд нэг удаа болдог юм байна. Манай уран бүтээлчид анх удаагаа оролцоод ийнхүү шагналт байранд шалгарч чаджээ. Энэхүү наадмын талаар тэргүүн байр эзэлсэн ХЦДБЧ-ын “Хилчин” хамтлагийн дуучин Х.Хаштай ярилцлаа.
[caption id="attachment_24293" align="alignright" width="390"]
ХЦДБЧ-ын “Хилчин” хамтлагийн дуучин Х.Хаш гоцлол дууны төрөлд тэргүүн байр, Ц.Мөнгөнчимэг II байр, Э.Дүүриймаа тусгай байрын шагнал хүртсэн байна.[/caption]
-Хилчдийн дууны наадамд Монгол Улсаас анх удаагаа гурван уран бүтээлч амжилттай оролцсон гэсэн. Гоцлол дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн танд баяр хүргэе. Наадам хэр өрсөлдөөнтэй байв?
-ОХУ-ын Москва хотноо зохиогдсон фестиваль дээр Монголоос анх удаагаа ХЦДБЧ-ын гурван уран бүтээлч амжилттай оролцоод ирлээ. Гоцлол, хамтлаг, өөрөө зохиосон уран бүтээл, хилийн сэдэвт дуу гэсэн дөрвөн номинациар шалгаруулдаг юм билээ. Миний бие гоцлол дууны төрөлд нь тэргүүн байр, ОХУ-д сурч буй Ц.Мөнгөнчимэг хоёрдугаар байр эзэлсэн. Харин Э.Дүүриймаа маань нийтийн төрөлд тусгай байрт шалгарсан. Дөрвөн орны 200 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөөд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байгаа. Хилийн чуулгуудын дуучид оролцдог өргөн цар хүрээтэй наадам юм билээ. Оролцогчид нэг, нэг дуу дуулж өрсөлдсөн бөгөөд шалгаруулалт гурван хоног үргэлжилсэн. Дөрөв дэх өдөр нь гала тоглолт болсон. Дөрвөн төрлийн хоёрт нь Оросын дуучид, нэг нь Киргизийн дуучин, нэг нь би түрүүлсэн. Гранприг нь Оросын дуучин авсан.
-Олег Гозмановын “Госпада офицеры” дууг дуулсан гэсэн. Хэр баргийн дуучин дуулж чадахааргүй гэдэг юм билээ?
-Тиймээ. Намайг “Госпада офицеры” дууг дуулна гэхэд оросууд гайхаж “Дуугаа зөв сонгосон уу, чи дуулахдаа итгэлтэй байна уу. Энэ Олег Гозмановын дуу шүү дээ” гэж байсан. “Би дуулахыг хүсч байна, чадна” гэж хэлээд дуулсан. Эхний бэлтгэл дээр намайг дуулахыг сонсоод зохион байгуулагчид миний ард хоор зогсоосон.
Уралдааны өдөр тайзан дээр гараад дуугаа дуулж эхэлтэл үзэгчид бүгд босч, алга ташаад зарим офицер, генералууд уйлж байгаа харагдсан. Тэгээд л урам зориг орж омогшоод дуундаа орчихсон, нэг мэдсэн дуулаад дууссан байсан. Танхим дүүрэн цэргийн хүмүүсийг босгосон учраас би өөрөө ч цэрэг хүний хувьд ёсолсон. Миний дууг үнэхээр сайхан хүлээж авсан. Энэ наадмыг гурван үе шаттай гэж ойлгоод гурван дуу бэлдэж явсан ч ганц “Госпада офицеры” дууг л дуулсан.
Харин манай хилийн цэргийн шугамаар ОХУ-д суралцдаг дуучин Ц.Мөнгөнчимэг маань ХЦДБЧ-ын дарга Б.Ганхуяг хурандаагийн зохиосон “Хилчин хүн” дуугаараараа оролцож II байрт орсон. Э.Дүүриймаа “Журавлей” дуугаар тусгай байрын шагнал хүртсэн. Наадамд оролцсон дуучид нь эх хэл дээрээ дуулж байхад бид харин тэдний хэл дээр дуулсан даа.
-ХЦДБЧ-д олон сайхан уран бүтээлчид бий. Та гурав ямар шалгуураар энэ уралдаанд явсан юм бэ?
-Хоёр сарын өмнө энэ уралдааны талаар мэдээлж, оролцох хүмүүс байвал бэлдээрэй гэж байсан. Би урд нь орос дуунууд дуулж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг ирэхэд дуулж байсан. Тиймээс намайг яваад үз гэж үүрэгдсэн. Мэдээж анх удаа оролцож байгаа болохоор түрүүлнэ гэж бодоогүй байх. Оролцоод судалгаа хийгээд, юм үзэж нүд тайлаад ирээрэй гэсэн.
-Бусад улсын дуучид энэ наадамд хэр ач холбогдол өгч оролцдог юм байна. Зохион байгуулалтын хувьд хэр байв?
-Их гүрэн учраас өндөр авч холбогдол өгч, шоу зохион байгуулалт, тайз засалт нь, гэрэл дуугаралт хүртэл өндөр төвшинд байдаг юм байна. Тоглолт болох театр руу орох гэж хил гаалиар орж байгаа юм шиг л харуул хамгаалалт, шалгалтаар ордог. Үзэгчид нь голдуу цэргийнхэн байсан. Монголоос тэнд сурч буй академийн сонсогчид, оюутнууд, тэтгэвэртээ гарсан хурандаа генералууд хүртэл байсан. Тэр тоглолтыг үзэхийн тулд долоо хоногийн өмнө урдчилж нэрээ өгч, захиалж байж орно. Билет зардаггүй юм билээ.
-Зөвхөн хилийн цэргийн сэдэвтэй дуунуудаар өрсөлдсөн. Гэхдээ манай дуунуудаас утга уянгын хувьд ямар ялгаатай байдаг юм бол?
-Монгол цэргийн дуунууд ерөнхийдөө марш талдаа ритмтэй байдаг. Харин орос дуунууд ихэвчлэн уянгын тал руугаа юм билээ.
-Шүүгчээр нь ямар хүмүүс ажилласан юм бэ. Энэ наадмын чансаа өндөр гэж сонссон?
-ОХУ-ын Ардын жүжигчин хоёр, гавьяат жүжигчин хоёр, хилийн цэргийн генерал нэг хүн байсан. Шүүгчид нь шагналаа гардуулчихаад дуулж өгсөн. 2-3 дууны дундуур нэг шагнал гардуулах маягаар явдаг нь үзэгчдийг уйдаахгүй зүгээр санагдсан.
Шагналын хувьд их мөнгө төгрөг, эд материал дагадаггүй ч нэр хүндийн хувьд том юм билээ. Нэг төрөлд нь тэргүүн байр эзэлсэн орос дуучин шагналаа авчихаад уйлаад, баярлаад ээж рүүгээ залгаад маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Ер нь хилийн цэргийн байгууллагууд дундаа өндөр чансаатай юм билээ.
Энэ том наадамд биднийг явуулсан Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд, даргын зөвлөл, хилийн 0253 дугаар ангийн даргын зөвлөл, ХЦДБЧ-ын даргын зөвлөлдөө маш их баярлаж байгаа илэрхийлье. Анх удаа оролцчихоод түрүүлээд ирсэнд хамт олон маань баяртай хүлээж авсан. Хилчдийнхээ итгэл найдварыг алдалгүй, цаашид ийм тэмцээн уралдаан наадамд оролцох үүд хаалгыг амжилттай нээсэндээ баяртай байна. Мөн уран бүтээлч хүний хувьд хилчиддээ олон сайхан уран бүтээл хүргэнэ гэдгээ хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин