Д.БОЛОРМАА, Ч.ГАНТУЛГА
Өглөө наранд мөргөж, үдэш сарыг өлгийддөг дэлхийн халуун цээжнээс дээд тэнгэрийг мөрлөсөн дэлгэр сайхан Монгол оронд минь наадам эхэллээ. Ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэлзэж, морьд янцгаан үүрсэх чимээтэй зэрэгцэн эгшиглэх гийнгоо, хүчит бөхчүүдийн уулга алдуулсан уран барилдаан, эгшээж тавьсан сумны шунгинах чимээтэй зэрэгцэн хадах уухайн дуугүйгээр монгол наадам, монгол түмнийг төсөөлөх аргагүй.
Ерөнхийлөгчийн сонгууль хэмээн нам, намаараа талцан улстөржсөн монголчууд одоо л хүчит бөх, хурдан хүлэг, онч мэргэн харваачдынхаа тухай хөөрөлдөж байна. Баяр наадмын эхлэл нь өнгөрсөн баасан, бямба гаригт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо. Хувьсгалчдын өлгий нутгийн сумын наадам гэхээс илүү хил орчмын Орос, Монголын эв найрамдлыг илтгэх “Эв модны наадам” юм. 2006 оноос хойш завсардсан наадам дахин сэргэсэнд Монгол, Оросын Буриад зон олон талархаж буй нь харцнаас нь илт. Анх XIII зууны үед Орос, Монголын хил орчмын ардууд ахан дүүсийн баяр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. “Эв мод” гэж онцолсон нь Орос, Монголын хил орчмын иргэд уулзахдаа эвийг нь нийлүүлэн үздэг итгэмжлэлийн тэмдэгт мод. Ар, өвөр талд нь хоёр харуулын нэрийг монгол, орос үсгээр бичсэн байх бөгөөд уйгаржин монгол бичгээр “Орос-Монгол найрамдал орштугай” гэсэн сийлбэртэй. Хоёр модоо энэ л наадмаар нийлүүлэн ахан дүүсийн харилцаагаа сэргээн санаж нэгэндээ баяр хүргэдэг уламжлалтай. Энэ удаагийн наадамд Сэлэнгэ аймагт хил залгаа орших ОХУ-ын Буриад улсын Хиагт, Селенгеский, Зэд, Кабанскийн районы 100 гаруй зочид төлөөлөгчид ирсэн бол Сэлэнгэ аймгийн хилийн бүсийн Хүдэр, Алтанбулаг, Зүүнбүрэн, Түшиг, Ерөө, Шаамар сумын наадамчин түмэн оролцсон. Буриад талынхан гар бөмбөг, сур харваа, олс таталтаа авчирсан бол манай тал мэдээж хүчит бөхөө барилдуулж, хурдан хүлгээ уралдуулж, онч мэргэн харваачдаараа гайхууллаа. Гэхдээ энэ бүхэн буриад зон олны хувьд тийм ч сонин гойд үзэгдэл биш бололтой. Шагширч гайхширан дуу алдах нь ховор. Эртнээс нь Монголын ёс заншил, соёл уламжлалыг мэдэх учраас Монгол наадам төдийлөн онцгой санагдахгүй байгаа бололтой юм. Манай улсын 300 гаруй сумаас орос тосгонтой эртний ураг төрлийн барилдлагатай, мөн дэд бүтэц хөгжсөн сум ганцхан Алтанбулаг гэчихэд дэгс үл болно. Хоёр улсыг холбосон хар замтай. Угаас буриад зоны өлгий нутаг болохоор монгол гэр бараг харагдахгүй, дүнзэн модон байшингууд л барьж гал голомтоо бадраана. Бараг л нэг хашааны наана цаана болохоор орос, монгол гэлтгүй биесээ андахгүй ахан дүүс болцгоочихсон, эрчүүд өглөө хамтдаа “шараа тайлж”, эхнэрүүд нь хов жив ч хөөрөлдөх нь энүүхэнд гэлтэй. Энэ ч утгаараа хоёр орны наадамчид шинэхэн танил биш ажээ. Царай зүсээрээ ч гэсэн ялгагдах зүйлгүй юм.
МОНГОЛЧУУД ЭР БЯРАА, ОРОСУУД ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАЙХУУЛАВ
Урд голын эргийг эмжиж буусан цагаан гэрүүд үүрийн гэгээнд цолмонтож, айлуудын гадаах уяан дээр морь манаж хоносон эрсийн эмээлийн дөрөө ханхийж, нойтон цув чихарна. Эмс хүүхнүүд зэлэн дээрээ шаламгайлцгааж, хувинтай сүүний хөөсрөө, ивлэж өегшсөн тугалын тамшаалалтай нийлэн сонсогдоно. Зүг зүгээс хурдан морьдоо авч ирэх уяачид сүлжилдэж сумын наадмын өглөө дунших нь дуусашгүй аз жаргалангийн хүлээлт мэт ажээ. Буйдхан суманд төрж өссөн бүхэн энэ л өдөр цуглаж амьдрал, ахан дүүсээ ярилцаж байна. Мэдээж ногоотой, хуртай зуны уяа жигдэрсэн соёолон морьд бөөн бөөнөөрөө зэрэгцэн ирж барианд орсоор. Хүчит бөхчүүд нь эд бяраа үзэх завсараар буриад охид, хөвгүүд монголчуудтай гар бөмбөгөөр өрсөлдөх. Хэдийгээр нуруулаг буриадууд ирсэн ч эцэст нь манайханд хожигдоно лээ. Магадгүй Монголын тал шигшээ багаа наадамдаа зориулан оруулсан байж мэдэх юм. Гэхдээ тэмцээнд аль аль тал нь сэтгэл тэнэгэр үлдсэн. Үүнээс гадна Монгол, Буриадын гоо бүсгүй “Дангина”-гаа шалгаруулсан. Дангина нь хамгийн хүчтэй тэмцээн байлаа. Хоёр тал сайхан бүсгүйчүүдээ оролцуулах бөгөөд гадаад гоо үзэмжээс гадна авъяас билэг, оюун ухааныг нь хүртэл харах. Мэдээж орос, буриад охид бол өндөр сайхан бие хаагаараа манай охидыг хол хаях нь ойлгомжтой. Тэр ч утгаараа тэргүүн байрыг Хиагтын районы нэгэн үзэсгэлэнт бүсгүй авсан бол удаах байранд Сүхбаатар сумын авъяаслаг охин шалгарсан.
БУРИАД СУРЫН ХАРВААЧИД ОЙРХОН БАЙ ОНОДОГ АЖЭЭ
“Эв модны наадам” нь Буриад сурын харваагаар эхэлсэн бөгөөд Монгол, Буриад нийлсэн 50 гаруй харваач цэц билэг, ур ухаанаа уралдуулсан юм. Буриад сур харвааны нум нь эвэр элэгтэй, шөрмөсөн арлалтай юм байна. Бичэр нь харьцангуй богино, хайгуулгүй. Буриадууд сумаа сурч гэх ба сурыг даавуу, ноос, булигаа хийнэ. Харваач бүр хоёр сумтай оролцоно. Наадамд оролцсон харваачид тус бүр найман сум тавьсан. Улсын мэргэн Уушаан ирж, залуу харваачдад зөвлөгөө өгч, сум тавина лээ. Буриад сурын халх сураас ялгарах онцлог нь байнаас наана, цаана хоёр метрт гангатай. Тэрхүү гангыг онох шаардлагатай байдаг ажээ. Буриад, халх сурын арга техник, нум сум нь ойролцоо боловч харвах зай нь өөр байдаг. Халх сур 70-75 метрт харвадаг бол Буриадууд 20-30 сум буюу 60-45 метрт харвадаг. Зай нь ойр учир харваж байгаа сур нь өөр. Халх сур 96 см өндөр хасаа харвадаг бол буриадууд хэмжээ хийцийн хувьд арай жижиг сураар харвадаг. Халх суранд нэг хүн дөрвөн сумтай байна. Буриад харваанд нэг хүн хоёр сумтай нийт найман сум тавина. Буриад сурын зурхай хоёр метр, халх сурынх гурван метр байдаг. Буриадууд сур харваагаа дээдэлж, залуу үедээ уламжлан үлдээх зорилгоор жилдээ гурван удаа буриад сур харвах тэмцээнийн уламжлал болгон зохион байгуулдаг байна. Эцэст нь сур харваа өрсөлдөөнтэй болж тэргүүн байрт Буриадын харваач Ц.Олиех шалгарсан бол дэд байрт харваач Ц.Билегтов шалгарсан.
АЙМГИЙН АРСЛАН С.ЕРӨӨЛТ ТҮРҮҮЛЭВ
Үндэсний бөх бол монгол түмний бахархал. Монголчууд үеийн үед омог бардам, хүч чадалтай, эрэмгий эрчүүдээрээ бахархан, дээдэлж ирсэн ард түмэн. Монгол, Буриад зоны эв нэгдлийн бэлгэдэл болсон “Эв модны наадам”-ын үндэсний бөхийн барилдаанд Буриад улсын төлөөлж хоёр хүчтэн зодоглоно лээ. Шаамар, Сүхбаатар, Мандал, Орхон, Дархан зэрэг сумаас бие хаа, хүч чадал тэгширсэн аймгийн арслан, заанууд ирж хүчийг үзэн барилдах. Номин хөх тэнгэрээс хур бороо шаагиж, наадмын ногоон зүлэг, хүчит бөхчүүдийн аз хийморыг ариусгасан нар хуртай, сайхан наадам болсон.Энэ наадмын түрүү бөх Ерөө сумын харьяа, аймгийн арслан С.Ерөөлт болно лээ. Түүнийг улсын цолонд ойрхон бөх хэмээн нутгийнхан нь уухайлан дэмжих юм билээ. Мэдээж Сэлэнгэ аймаг аргамаг хурдан хүлгээрээ алдартай. Эрийн гурван наадмын морьны уралдаанд аймгийн булан бүрээс ирсэн аргамаг хурдан хүлгүүд уралдсан бөгөөд Соёолон насны морьдын уралдаанд түрүү магнайд Сайхан сумын уяач Г.Шинэбаярын хүрэн соёолон тэргүүлж, унасан хүүхэд уясан эзнээ баярлууллаа. Хоёрт Сүхбаатар сумын Э.Энхтайваны хээр, гуравт Алтанбулаг сумын Б.Ганбаатарын хул хурдалсан юм. Хязаалан насанд Зүүнбүрэн сумын уяач Г.Гомбоцэрэнгийн хээр хязаалан түрүүлсэн бол Шаамар сумын уяач Д.Энхбатын хээр хоёрт хурдалж, Алтанбулаг сумын уяач Хишигбуянгийн цавьдар гуравт давхиж наадамчин олныг баярлуулсан. Шүдлэн насанд Алтанбулаг сумын уяач Л.Ганбаатарын сартай хүрэн түрүүлж, Б.Эрдэнэ-Очирын хээр хоёрт хурдалсан. Дааган насанд Сүхбаатар сумын уяач Одманчирын халтар нэгт, Буянсайханы хүрэн хоёрт давхисан.
“Эв модны наадам”-ын нэг онцлог бол гар бөмбөгийн тэмцээн. Хоёрг улсын эв нэгдлийг бататгасан энэхүү тэмцээн өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн. Буриадаас хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй баг ирж, Сэлэнгэ аймгийн багуудтай ширүүхэн өрсөлдөв. Эхний тэмцээн Алтанбулагийн эмэгтэй баг, Буриадын Хиагт тосгоны багийн тоглолтоор эхэлсэн. Тэмцээний эхний үе Сэлэнгийн охидын ялалтаар өндөрлөсөн бол дараагийн үед Хиагтын охид илүүрхэнэ лээ. Бие биенээсээ туршлага солилцсон энэхүү тэмцээн ирсэн зочдын ялалтаар өндөрлөсөн юм. Эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тэмцээн гал гарсан, олог хүний уухайн дууг хадаасан. Охидын аваргаар Сэлэнгийн шигшээ багийн охид шалгарч Буриадын баг мөнгөн медалийн эзэн болсон. Харин хөвгүүдийн төрөлд Сэлэнгийн хөвгүүдийн шигшээ Алтанбулагийн хөвгүүдийн багтай тоглож, алтан медалийн эздээр шишгээ багийн хөвгүүд тодорсон. Гуравдугаар байранд Буриадын Зед тосгоны залуус шалгарч хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
АРДЫН ДИПЛОМАТ ЗАНШИЛ НЬ ЭНЭ НААДАМ ЮМ
-Эв модны наадам нь олон жилийн түүхтэй. Бүс нутгийн буриад монгол ард түмэн хоорондоо эв найрамдлыг бэлэгдэж эв мод гэж хоёр талаасаа нийлүүлж бүтээл болгодог ёс заншилтай. Нэлээд олон жил өнжсөний дараа энэ жил шинэлэг байдлаар хамтран тэмдэглэж байна. Энэ наадам манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинэлэг агуулгаар баяжуулсан чухал арга хэмжээ юм. Гадаад харилцааны найрсаг харилцаа зөвхөн дипломат харилцаагаар хязгаарлагдахгүй. Ардын дипломат чухал үүрэгтэй. Энэ утгаараа Сэлэнгэ орчмын ард түмэн их оросын ах дүү нартайгаа олон жил хамтран тэмдэглэж ирсэн. Цаашид ч гэсэн хоёр орны найрсаг харилцаагаа бэхжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулав.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй:
ХИЛЭЭ ХОТЫНХОО ДУНД ХУВААСАН ХОЁР ОРНЫ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ
-Эрт дээрээс эхлээд хил залгаа оросын ах, дүү нартайгаа эв модоо нийлүүлж, эв найрамдлаа илэрхийлж уламжлалт сайхан баяр болгон тэмдэглэж иржээ. Энэ баярыг өөр өөрийн нутагтаа ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил манай суманд болж байгаагаараа онцлог. Ер нь манай сум Оросын Буриадын Хиагтын районтой удаан нөхөрлөж ирсэн улс. Хилээ хотынхоо дунд хуваасан хоёр орны ард түмэн байхгүй байх. Нэг ус, нэг агаараар олон зуун жилийн туршид амьдарч, зовлон жаргалаа үргэлж хуваалцдаг ахан дүүс.
Буриад улсын Хиагтын районы дарга Церенпилов Валерий Жамсуевич:
ХОЁР ОРНЫ НАЙРСАГ ХАРИЛЦАА ӨНӨ МӨНХ ОРШИНО
-Энэ жилийн наадам маш сайхан боллоо. Монголын ахан дүүс маань бидэнд хүндэтгэлтэй хандаж байгаад буриад зон олон маань баяртай байна. Эв модны наадам хоёр орны ахан дүүсийн харилцааг уламж бэхжүүлдэг онцлогтой. Ирэх 2015 онд манай Зэдийн аймагт энэ наадмыг зохион байгуулахаар болсон. Энэ дашрамд, бидний үнэнч анд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, ИТХ-ын дарга Ж.Санжжав нарт талархсанаа илэрхийлье. Наадам сайхан боллоо. Монголын хурдан хүлэг тоос татуулан давхиж, хүчит бөхчүүд нь эр бяраа харуулж, харваачид нь онч мэргэнээ гайхуулахыг харах үнэхээр сайхан байлаа. Хоёр орны найрсаг харилцаа өнө мөнх орших болтугай гэж ерөөе.
Буриад улсын Сэлэнгийн районы дарга Половинко Татьяана Александровна:
С.БҮРЭНБАТ ДАРГАД ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ
Эртнээс улбаатай “Эв модны наадам” эдүгээ хүртэл өөрийн өвөрмөц өнгө төрхөө хадгалан ирсэн уламжлалтай. Сайн хөршийн барилдлагатай орос, монголчууд “Эв модны наадам”-аараа эв эеийг эрхэмлэн явахаа тангаралах баяр гэсэн үг. Бид монголчуудыг төрсөн ах дүүсээс өөрцгүй хайрладаг, хүндэлдэг. Бидний энэ хайр хэзээ ч хувирахгүй гэдэг ч итгэж явна. Энэ завшааныг ашиглаад олон жил завсарласан наадмыг сэргээсэнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад талархсанаа илэрхийлье. Бүх монголчуудад хотол олноороо сайхан наадахыг хүсч байна.
“Эв модны наадам” болсон Алтанбулаг сум нь 35 мянган толгой малтай, үндсэндээ газар тариалангийн бүс нутагт хамаарна. Нутаг дэвсгэрийн хоёрны нэг нь ой модтой болохоор Монгол орны дархан цаазтай ан амьтан, ховор ургамал ногоо элбэгтэй “хүний жаргал цөм бүрдсэн” гэхэд юун хилс болох билээ. Төр засгаас Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах талаар олон жил ярьж байгаа ч гавьтай хийсэн зүйл нүдэнд бараг өртөхгүй л болов уу. Хувиараа наймаа эрхлэгчид нь Хятадын голдуу барааг хилээр гаргаж зарчихаад арван минут ч бололгүй эх орондоо “хөл тавина”. Орос, монгол суурингийн иргэд нааш цааш чөлөөтэй зорчдог, бараг л нэг сумынхан болцгоочихсон хүмүүс юм билээ. Тус сумаас хөдөлмөрийн баатар Б.Туяа, улсын гурван удаагийн аварга ногоо бригадын дарга И.Цэрэнчимэд, анхны хөдөөгийн сургуулийн захирал, партизан Ишдорж, ардын багш Шаравнямбуу, Палаан, Батсүх, гавьяат жүжигчин Баадайжав, Жарантав, ардын хувьсгалын анхны наадамд түрүүлсэн Данигай аварга, волейболын спортын гавьяат дасгалжуулагч Шагдар нарын алдар суутнууд төржээ.