Б.НОМИН

 

“Зууны мэ­дээ” со­нины сур­валжлах хэсэг өнгөрсөн өдрүүдэд Өм­нөговь аймагт ажиллалаа. Говь нутгийн үзэсгэлэн цогцолсон энэ аймагт мод тарих аян, төсөл, хө­төлбөр хаа сайгүй идэв­хитэй өрнөж байна. Бүх нийтээр мод тарих аян, “Ногоон хэрэм” төслийн үр дүн чамгүй өгөөж өгч байгааг Даланзадгад хо­тын төвийн цэцэрлэгт хүрээлэнгээс авахуулаад аймгийн төвөөс зайдуухан эр­гэн тойронд бий болсон мод үржүүлгийн олон тал­байгаас харж болох аж. Үнэ­хээр, “Ногоон говь” байж болох юм байна гэсэн итгэл эндээс төрж билээ.

Мод тарьдаг хүн Өм­нөговьд цөөнгүй бий. Бүр говийн хэсэгхэн газрыг хангайтай эндүүрэм бол­гож ойжуулсан Монгол Улсын гавьяат байгаль хамгаалагч Д.Бараадууз гуай энэ аймгийнх. Түү­нээс үлгэр жишээ авч, аймгийнхаа ногоон бай­гууламжид өнгө нэмж байгаа хувь хүн, албан байгууллага олон. Ер нь энэ аймагт хаа сайгүй ногоон бүтээн байгуулалт бий болгох эрмэлзэл бай­гаа нь харагдана. Албан байгууллага бүр ойр орч­ныхоо талбайд мод, зүлэг тарьж, түүндээ багагүй ач холбогдол өгч байна.

“Ногоон мэдээ” булан энэ удаад Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэ­рэм­жит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг онцол­лоо. Яагаад гэхээр энэ хамт олон ирэх найм­дугаар сарын 15-нд болох 40 жилийн ойн баяраа угтаж 1000 ширхэг мод шинээр тарьж байгаа юм. “40 жил” нэртэй шинэ төглийнхөө үндсийг тавьж буй нь тэр.

“Ойгоо угтаж тарьсан нялх модод маань хоёр жилийн дараа гэхэд жин­хэнэ утгаараа үзэс­гэлэнт төгөл болно, тэр үед заавал ирж сур­валжлаарай” хэмээн тус ангийн Барилга орон сууц ашиглалтын албаны дарга, дэд хурандаа Б.Цоо­дол биднээс хүс­сэн. 40 жилийнхээ ойг угтсан 40 бүтээлч ажил хийж эхлүүлээд буй тус ангийнхан ирэх наймдугаар сарын 15-наас өмнө гэрэлтүүлгээ нэмж, жагсаалын тал­байгаа засч, сүүдрэвч, цэцгийн мандал, усан оргилуур шинээр бай­гуулах гээд ажил нь ид өрнөж байх үед нь бид зочилсон юм.

Бүсгүйчүүд нь зургаан хэсэгт хуваагдаж, мод, зүлэг тарьжээ. Ангийн за­хирагч, хурандаа Д.Жиг­жидсүрэн айм­гийнхаа байгаль орчны мэргэжилтнүүдээс тус­ламж хүсч, зарим эмэгтэй албан хаагчаа ногоон бай­гууламж бий болгох аргад сургасан байна. Тэд тарьж, суулгасан модоо арчлах ажлыг цэргүүдийн тусламжтайгаар хийдэг. Цэргүүд өөр, өөрийн ар­чилдаг модоо бараг л хүүхэд шигээ бөөцийлөх аж. Зарим нь бүр өө­рийн­хөө нэрийг хүртэл өгчихсөн байна. “40 жил” тө­гөлд хүний нэртэй олон мод бий, гайхах зүйлгүй гэж бүсгүйчүүд хошигнож байна.

Хүчний байгуул­ла­гын­хан хэзээнээсээ л аж ахуйчаараа алдартай улс. 167 дугаар ангийнхан өөрс­дийн хүчээр хоёр ч хүлэмж байгуулжээ. Хү­лэмжин дотор нь ирэх наймдугаар сард тэм­дэглэх ойн баярын хүнсний нарийн ногоо соёолж байна. Хүлэмжээ тойруулаад жимсний мод 200 гаруйг тарьжээ.