Д.БАТТОГТОХ
Нийслэлийн авто замын хяналтын алба өчигдөр арав гаруй зам, барилга байгууламжийн ажлын явцад шалгалт хийлээ. Ер нь нийслэлийг сүлжсэн авто замын засварын явцыг өдөр бүр хянадаг гэнэ . Хуучнаар 22-ын товчоог нүүлгэн Дархан болон Эмээлтийн чиглэлд олон улсын жишигт нийцсэн хоёр шинэ пост байгуулахаар замын ажил нь ерөнхийдөө дуусчээ. “Монос” эмийн сангаас 22-ын товчоо хүртэл таван километр замын ажил 80 гаруй хувьтай, ирэх сарын 1-нд зөвхөн зорчих хэсгийг хүлээлгэн өгнө гэж Зам харилцааны гүйцэтгэх захирал М.Баярсайхан хэллээ. Харин энд “Бэрх зараа” хэмээх компани 2010 оноос хойш ажлаа хийлгүй хойш татсаар өнөөдөр тал ажлыг нь “Тэгш плант” компанид шилжүүлж өгсөн аж. Өглөө эрт бүгд ажилдаа гарсан байхад өнөөх “Бэрх зараа” л хариуцсан ажлаа эзэнгүй орхисон харагдана билээ. “Тэгш плант”-ынхан хоёрхон сарын дотор амжуулаад дуусгаж байхад тэднийг дахиад хэдэн жил хүлээх юм бол. Энэ асуудлыг шалгалтаар явсан албаныхан ч нуух шаардлагагүй гэдгийг хэлж байлаа. “Бэрх зараа” компани толгойны өвчин гэдэг шиг хариуцлага хүлээдэггүй ганц компани бололтой.
БЭЛХ, СЭЛХИЙНХЭН ДУГУЙН ЗАМТАЙ БОЛНО
Өнгөрсөн онд эхэлсэн Яармагын гүүрнээс Нисэх хүртэлх 14 орчим км замын эхний урсгал ажлыг наадам гэхэд дуусгаж хоёр дахь эгнээний ажилдаа орж ирэх аравдугаар сард хүлээлгэн өгөх бололтой. “NКB” компанийн талбайн инженер М.Уртбаяр тайлбарлахдаа өргөн нь 22 метр, дундаа ногоон байгууламж хийгдэхийг онцлов. Замын трасст орсон тул Нисэхийн түр төрөх эмнэлэг болон цагаан хаалгыг буулгах гэнэ. Чулуун овооноос Нарантуул хүртэлх замын суурь хучилт хийгдсэн, одоо асфальтан хэсгийг гүйцэтгээд энэ сарын 30-нд хүлээлгэн өгөхөө “Эрдэнэ зам” компанийн инженер Д.Ганбаатар амлаж байлаа. Бэлх, Сэлхийн зам харин өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд аравдугаар сард ашиглалтад орох бололтой. Бор шороон хөрстэй, суулт өгдөг учир хайрган далангийн дүүргэлтийн ажил 60 орчим хувьтай байгааг гүйцэтгэгч компанийн геодизийн инженер Б.Цагаанбилэг тайлбарлалаа. Анхны дугуйн зам энд хийгдэж байгаа гэв. Харин Нисэхээс Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22 км замын ажил төсөв мөнгө нь гүйцэд орвол энэ ондоо дуусах гэнэ. Дөрөвдүгээр сард эхэлсэн олон үеийн хучилттай, хүнд даацын машин явах зориулалтай энэ замд гэрэлтүүлэг, явган хүний зам гээд бүгд байх талаар ерөнхий инженер Ж.Батнасан тайлбарласан юм. Нийт өртөг нь 30 гаруй тэрбум төгрөг болох юм байна.
НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЙЛУУД НҮҮХ ЁСТОЙ
Сэлбийн гүүрийн угсралт ирэх сарын 10-нд дуусах гэнэ. Харин “Насны зам” компанийн барьж буй Дунд гол дагуух Нарны шинэ гүүр хүртэлх зам өнгөрсөн сард эхэлсэн. Дулаан болон цахилгааны ажлаас болж цаг алдсан боловч аравдугаар сарын 15 гэхэд хүлээлгэж өгнө гэнэ. Тус замын өргөн 14 метр орчим болох бөгөөд бүх тохижилтын ажил хийгдэнэ хэмээн Нийслэлийн авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Амарсанаа хэллээ. Замын ажилд саар мундахгүй гэнэ. Баянхошууны Хөтөлийн 16 айл газраа чөлөөлж өгөхийг, мөн “Мобиком” компани шилэн кабелиа шилжүүлэхгүй удсанаас хоногт 86 сая төгрөгийн торгууль хүлээж суусаар бараг жил болсноо Нийслэлийн авто замын газрын зам барилгын хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн хэлж байсан юм. Ерөнхийдөө нийслэлийн замын ажлууд борооноос болж ганц, хоёр хоногоор нааш цаашаа болж магадгзй ч төлөвлөлтийн дагуу явж байна гэж авто замын хяналтын албаныхан онцолж байлаа.