Б.ТУУЛ

Жил бүрийн зургадугаар сарын 20-ныг “Онцгой байдлын албаны өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Газар хөдлөлт, гал усны аюул, цас, бороо, салхи шуурга гээд байгалийн гамшиг тохиолдсон бүхий л аюултай үзэгдэлүүдийн үед халуун амиа үл хайрлан бусдын төлөө тэмцдэг “онцгой алба”-ныхан энэ жил есөн жилийнхээ ойтой золгож байна. Ойн арга хэмжээг өчигдөр Сүх жанжины талбайд үзүүлж харуулах зүйлтэй ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Нэгэн үе хэвлэлээр “Муу нэртэй, луу данстай байгууллага” хэмээн цоллуулж байсан тус байгууллагыг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хүн хүч муутай хэмээн гоочилдог байсан. Тэгвэл сүүлийн хэдэн жил Монгол Улсын Засгийн газраас энэ асуудалд анхаарч, Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах багаж, тоног төхөөрөмжөөр хангах бүхий л боломжуудыг судалж үзэх болсон байна. Энэ онд л гэхэд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулан, үйл ажиллагаанд нь зарцуулж эхлээд байгааг албаны хүн хэлж байсан. Тэгвэл энэ удаад ч бас Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газраас бас нэгэн том бэлгийг өгч байна. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-гаас “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах” буцалтгүй тусламж, төслийн хүрээнд гал унтраах зориулалттай 22 машиныг хүлээлгэн өгч байна.
Япон улс 10 жилийн өмнө манайд мөн буцалтгүй тусламж, төслийн хүрээнд 739 сая иен буюу 11 тэрбум орчим төгрөгийн 17 галын машин болон бусад багаж хэрэгслийг хүлээлгэн өгч байсан. Тэд энэ удаа 840 сая иен буюу ойролцоогоор 12,5 тэрбум төгрөгийн тусламжийг үзүүлж байна.
Нийслэл хотын хүн ам, байшин барилга хоёр хүрээ хязгаараа тэлэхын хэрээр Онцгой байдлынханд ирж буй гамшиг, ослын дуудлагын тоо ихэсч байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тэгвэл Онцгой байдлынханд өгч буй энэ бэлэг цаг үеэ олсон, хамгийн үнэ цэнэтэй том бэлэг байв. Галын машинууд нь дотроо бас олон янз юм. 3500-аас 8000 литр усны багтаамжтай, цистерн бүхий 16 машин, химийн аргаар гал унтраах нэг машин, гэрэлтүүлэгч цамхаг бүхий аврах машин гурав, сунадаг шаттай хоёр машин иржээ.
Эдгээр машиныг аваар ослын үед хэрхэн ашиглаж болохыг ОБЕГ-ын албан хаагчид үзүүлэх сургуулилтын үеэр хүмүүст харуулсан юм. Механик шат нь 30 метр сунадаг юм байна. Энэ нь өндрөөс хүн аврах, олон давхар байранд гал гарах үед галыг унтраах зориулалтаар хэрэглэж болох гэнэ. Мөн машин дээр суурилсан суурин хошуугаар ус шүршиж, талбайн урьд талын цэцэрлэгт хүрээлэнг усалж үзүүлэв. Энэ нь байшин барилга шигүү байрласан, машин тэрэг орох боломжгүй орон сууц, гэр хороололд гал гарсан тохиолдолд хэрэглэж болох гэнэ. Аврагч, гал сөнөөгчийн хүрч очих боломжгүй газар буюу ойролцоогоор 20 метрийн зайд усаар шүршиж байна. Шинээр ирж буй машинуудыг ОБЕГ-т одоо ашиглаж буй галын машинтай харьцуулахад шатахуун зарцуулалтын хувьд 50 хувийн хэмнэлттэй ажиллаж болохоор тусч байгаа. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон болохоор ажиллахад хүртэл хялбар болжээ. Нэг машинд зургаан хүн суух зориулалттай гэдгийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга С.Залуухүү хэлж байв.
Гамшиг, ослын төрөл, тоо тоогоо алдсан энэ үед Онцгой байдлын албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдөд зориулалтын хувцас, багаж хэрэгсэл нэг чухал. Японы Жайка байгууллагынхан үүнийг ч бас тооцоолжээ. Галын машуунуудыг дагалдаж, гал сөнөөгчдөд аюул, ослын үед өмсөх ажлын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжүүд бүгд дагалдаж ирсэн байна. Үзүүлэх сургалтанд хүрэлцэн ирсэн аврагчид бүгд зориулалтын хувцас буюу хамгаалалтын бүс, малгай, гутал, хувцас өмссөн нь ирсэн олны нүдэнд ч бас содон тусч байв.
Монгол Улсад гамшгаас хамгаалах алба үүсч байгуулагдсан үүх түүхийг сөхвөл ойролцоогоор дөчин жилийн өмнөх зүйлийг ярих хэрэг гарна. Харин Онцгой байдлын алба байгуулагдсан түүхийг яривал 2004 оноос эхтэй гэж хэлж болно. Учир нь манай улсын аюулгүй байдал, улсын онцгой байдлыг тулж, түшиж явсан, тулгын гурван чулуу нь болсон албан байгууллагуудыг нэгтгэж, одоогийн бидний мэдэх Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм. Тиймээс энэ өдрийн арга хэмжээнд Монгол Улсын их хурлын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагва, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Япон улсын Засгийн газрыг төлөөлж, тус улсын Элчин сайд Шимизү, Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид, ОБЕГ-ын албан хаагчид оролцсон юм. Энэ үеэр тэд бас аврагч, гал сөнөөгчдын гал унтраах үйл ажиллагаа, албан хаагчидтай уулзан тэдний ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал, багаж, хэрэгсэл, техник тоног төхөөрөмжтэй танилцсан. Багаж хэрэгсэл тус бүрийг хэрхэн яаж хэрэглэх тухай болон хаанахын ямар үйлдвэрээс орж ирснийг С.Залуухүү дарга тайлбарлан хэлж байв.
Онцгой байдлынхан гэдэг ард түмний амь нас, аюулгүй байдал улс орны онцгой байдлыг хариуцдаг хүнд хэцүү, амаргүй алба. Тэд гамшиг, осол гарсан үед бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалахад хэзээд бэлэн байдаг. 2004 оноос хойш улсын хэмжээнд 26580 гаруй аюул осол гарсан байх юм. Үүний улмаас улс болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 912 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Онцгой байдлын албан хаагчид гамшгийн аюулаас 5350 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 123.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байх юм. Энэ бүхнээс харахад ОБЕГ-ынханд нэлээд дээгүүр үнэлгээ тавьж болохоор байна. Албаны хүмүүс ч бас “Өөрөө эрсдэхгүй, өрөөлийг аварна” гэсэн уриатай ажиллаж буй энэ байгууллагыг үр дүнтэй, сайн ажиллаж байгааг нь сайшааж байна.
Ойн өдрөөр жанжны талбайд цугласан олны харааг булаасан бас нэгэн үйл явдал болсон нь ОБЕГ-ын удирдлагууд, албан хаагчид оролцсон баярын жагсаал байв. Энэхүү арга хэмжээнд ОБЕГ-ын албан хаагчдаас гадна Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Онцгой байдлын их сургуулийн сонсогчид, тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагуудын албан хаагчид оролцсон нь баярын жагсаалыг улам чимж байв.