Г.ГАНЧИМЭГ

Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар манай улсад ажилгүйдлийн төвшин энэ оны III улирлын байдлаар 6.4 хувь, нийслэлд 5.4 хувьтай байна. Гэхдээ энэ нь ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн 38 мянга гаруй хүний мэдээлэлд үндэслэн гаргасан тоо. Үнэндээ өнөөдөр манай улсад хөдөлмөрийн насны 90 мянган хүн ажилгүй байгаа гэдгийг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү хэлж байна. Тэрээр “Хөдөлмөрийн яамнаас батлан хэрэгжүүлж буй дөрөв, Нийслэлийн ИТХ-аас баталсан нэг хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагууд хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд ажил олгоход бэрхшээлтэй таван бүлгийн иргэдэд зориулж 50 мянган ажлын байр бий болсон” гэлээ. Гэхдээ ажил идэвхтэй хайж, албан ёсоор бүртгүүлсэн хүмүүст илүү боломж бий аж. Түүнээс биш “Надад ажил олдохгүй байна” гээд гэртээ сууж байгаа хүн бүрт ажил өгөх боломжгүй гэнэ. Хэрэв ажил идэвхтэй хайж, албан ёсоор бүртгүүлвэл дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан хөдөлмөр эрхэлж болох юм байна. Хамгийн эрэлттэй нь мэргэжилтэй ажилчид гэнэ. Харин дээд боловсролтой хүмүүст тэр болгон санааны зоргоор нь мэргэжлийн ажил олдохгүй байгаа аж.

Мөн эдийн засгийн хүндрэлтэй, байгууллагуудын ажлын байр агшиж буй энэ үед өршөөлөөр суллагдсан иргэдийг хэрхэн ажлын байраар хангах вэ гэдэг асуудал бий. ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нийгмийн сэтгэлзүйн тасгийн дарга, хурандаа Б.Батбаяр “Бид “Иргэн танд” гэдэг гарын авлагыг нийт суллагдсан хүмүүстээ тараасан. Үүний дагуу хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж үйлчилгээний чиглэлээр тусламж авах боломжтой. Мөн өөрийн харьяаны МСҮТ-дөө жилд 500-800 хүнийг цахилгаанчин, сантехникч, гагнуурчин, засал чимэглэлчин, өрлөгчин, тогоочоор сургадаг. Гэхдээ тэдний хэд нь өнөөдөр ажлын байртай байгааг хэлэхэд хүндрэлтэй” гэв. Тиймээс алдаж гэнэдсэн иргэддээ зориулж Нийслэлийн Хөдөлмөрийн газар “Шинэ амьдрал” хөтөлбөрийг удахгүй хэрэгжүүлж эхлэх гэж буй юм байна.

Энэ мэтээр хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагууд нь тал талаас нь хэлэлцэж, “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 150 төлөөлөл оролцсон юм. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөрийн чуулганыг хүмүүс ерөнхий ханаа аваасай гэдэг байдлаар хийдэг. Өнөөдөр манай төр засаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагуудын уялдаа холбоо сайнгүй байна. Энэ ажлыг зөвхөн Хөдөлмөрийн яамны хийх ёстой ажил юм шиг хардаг тал ч бий. Гэтэл өнөөдөр дэлхий даяараа хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг чухалчилж байна. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа төсөл хөтөлбөрүүд хөрсөндөө хэрхэн бууж, иргэндээ яаж очиж байна вэ гэдэг нь чухал юм. Тухайлбал, Долоон буудалд Должин эмээгийн тэтгэврийн мөнгөөр тэжээлгэж байгаа хүү нь яагаад ажил хайхгүй байна вэ. Автобусны мөнгөгүй л байгаа шүү дээ. Зарим улс оронд ажилгүй иргэндээ ядаж автобусаар үнэгүй зорчиж ажил хайх боломжийг нь бий болгодог. Үүнийг л илүү хөрсөндөө буусан, зах зээлээ мэдэрсэн шийдвэр гэж хэлнэ байх. Гэтэл өнөөдөр манайд хэн улстөрд илүү ойрхон, танил талтай нь төсөл тендер, хямд хүүтэй зээл авдаг. Бусад нь түүнтэй өрсөлдөхөд тэнцвэргүй байдал бий болж байна. Ингээд хүссэн, хүсээгүй ажилтнуудаа халахаас аргагүй байдалд ордог. Харамсалтай, эргээд чадвартай ажилтныг олоход их хугацаа хэрэгтэй болно шүү дээ. Иймээс л бид тал талдаа хүлээцтэй хандаж, асуудлаа зөв шийдэх хэрэгтэй” хэмээв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин