Б.ЗАЯА

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газраас өчигдөр төрийн үйлчилгээний цахим машиныг ашиглалтад орууллаа. Тэд иргэний болон татварын бүх төрлийн мэдээллийн лавлагаа, яам агентлагуудын талаарх мэдээлэл зэрэг төрийн байгууллагын үйлчилгээг цахим машинаас авах боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарын албаны хүмүүс оролцлоо. “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын хүрээнд эхлүүлсэн уг ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн нийслэлийн 17 цэгт цахим машин буюу төрийн үйлчилгээний цэг ажиллаж эхлэв.

Төрийн байгууллагаас мэдээллийн лавлагааг гаргуулах иргэдийн дарааллыг арилгах шинэ төрлийн үйлчилгээ болсон цахим машин олон талын ач холбогдолтой. Иргэдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, гэрлэлтийн лавлагаа зэрэг зургаан төрлийн үйлчилгээг авна. Түүнчлэн албан байгууллагын болон хувь хүний орлогын албан татварын лавлагаа гаргуулж болох юм. “Монгол шуудан” компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, цахилгааны төлбөрийн гүйлгээг цахим машинд даатгах боломжтой юм байна. ТҮЦ машинуудыг нийслэлийн зургаан дүүрэгт байрлуулжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14, 18, 23 дугаар хороо, Баянгол дүүргийн долдугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 16, 20, 31 дүгээр хороонд тус тус байрлуулжээ. Мөн Сүхбаатар дүүргийн нэг, 12 дугаар хороо болон Мэдээлэл технологийн парк, Хан-уул дүүргийн хоёр, найм, 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн дөрөв, 17 дугаар хороонд байрласан байна. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газраас 2013-2014 онд 74 ширхэг цахим машин ашиглалтад оруулахаас нийслэлд 36, аймгийн төвүүдэд 38 машиныг суурилуулах гэнэ. Түүнчлэн Ерөнхий сайдын багцаас 120 ширхэг машин нэмж ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ талаар тус газрын дарга Ц.Жадамбаа “Мэдээллийн технологи, шуудан харилцааны салбарт төрийн үйлчилгээг мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж хүргэх талаар олон жил ярьсан. Харин энэ ажлыг монгол залуусын оюуны бүтээлээр ашиглалтад оруулж байгааг онцлоход таатай байна. Цахим машинд цаашид олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлнэ” гэлээ.  Тус машин нь Улсын бүртгэлийн ерөнхий газар ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсаныг зохион бүтээгч монгол залуус онцоллоо.