Б.ТУУЛ
Хар тамхины “тээвэрлэгч”-ээс сүлжээний бизнес хүртэл өргөжсөн бүлэглэлийн дунд монголчуудын нэр дурдагдсаар байна. Харийн шоронд ял эдлэн суугаа нутаг нэгтнүүдийнхээ тухай мэдээг бид тасралтгүй үзэж, сонсч байна.
Баримт 1.
Казахстанд манай улсын гурван иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа бөгөөд нэг нь хоёр жилийн ялаа эдэлж, хоригдох хугацаа нь дуусчээ.
Харин үлдсэн хоёр нь гэр бүл бөгөөд Казахстанд ял эдлээд долоон жилийн нүүр үзэж байгаа юм. Тэд Казахстаны хууль хяналтын байгууллагад эх орондоо очиж ял эдлэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үүнийг тус улсын хууль хяналтын байгууллага нь судалж байгаа гэнэ. Учир нь манай улс тус улстай “Ялтан солилцох гэрээ” байхгүй аж.
Баримт 2.
Малайзад суралцаж байсан 19-22 насны гурван монгол эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон. Тэдний өрөөнөөс 80 грамм орчим хар тамхи олдсон гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Тиймээс тэднийг хар тамхи хадгалсан, худалдаалахыг завдсан хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тэд өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлж байгаа бөгөөд шүүх хурал нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойш түр хугацаагаар хойшилсоор байна.
Баримт 3.
Манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа байдлаас харахад дийлэнх нь урд хөршид үйлдэгдэж байна. БНХАУ-д Монголын 30 гаруй иргэн саатуулагдан шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хятад улс хар тамхины хэрэгт маш хатуу байр суурь баримталдаг. Тус улсад ял эдэлж байгаа монгол иргэдийн дөрөв нь цаазаар авах, хоёр нь хугацаагүй хорих, гурав нь 15 жилийн хоригдох ялаар шийтгэгдсэн байна.
...Энэ мэтчилэн дурьдаад байвал олон хэрэг бий. Зөвхөн он гарснаас хойшхи хэргүүдийг тоо, баримттай нь дурьдвал хэдэн хуудас болно. Хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, тээвэрлэсэн, хэрэглэсэн гэх хэрэгт монголчууд бид энэ мэтчилэн нэр холбогдож, харийн нутагт цаазын ял сонссон иргэд цөөнгүй байна.
БУСДЫН АЧААГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД БҮҮ ТЭЭВЭРЛЭ
Хэдэн жилийн өмнө манай улсыг мэргэжлийн байгууллагууд “Хар тамхийг дамжуулагч орон” хэмээн тодотгож байсан. Харин одоо “Хэрэглэгч орон” хэмээн тодорхойлж байна. Монголд хар тамхи зөөдөг, тээвэрлэдэг, хэрэглэдэг хүн олширч, гадаад, дотоодын сүлжээ бүлэглэлүүд, наймаачдын гар хөл болсон хүмүүс Монголын Улсын хил гааль, нисэх онгоцны буудлаар нааш цааш нэвтрэх, бараа таваараа зөөж тээвэрлэх тохиолдол их байна.
Гадаадад ажил хийж, 5-10 төгрөг ахиу олж, амьдралаа дээшлүүлэх гээд явсан монгол иргэд, гадны хэл, соёлд суралцаж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх гэсэн монгол оюутнууд энэ хэрэгт холбогдож байна. Зарим нь бүр ах, дүү, гэр бүлээрээ ийм наймаа хийж байна. Ээжийгээ, эгч дүүсээ хүртэл ийм зам руу уруу татсан байна. Гэтэл зарим нь, хэл, ус мэдэхгүй харийн оронд насаараа хоригдох ял сонсчихоод, хүйтэн хананы цаана цусаар уйлж сууна. Энэ хэргийн цаана олон айл, олон эцэг, эхчүүд амьдын хагацалд унаж байна. Тэд нар харах эрхгүй, насаараа Монголд ирэхгүй үр хүүхдээ санаж, бэтгэрч байна. Гэтэл хэнэггүй, тэнэг зантай зарим нь хил, гаалиар чөлөөтэй нэвтрэх “боломж”-ийг хайн, хүний нутагт нэг кг хар тамхийг эм шиг капсул маягаар нь залгичихаад, хэсэг хугацааны дараа “Мөнгөтэй болно” хэмээн өөрийгөө хуурч сууна. Тиймээс та хилийн дээс алхсан, ах дүү, амраг садандаа энэ тухай сануулж, сэрэмжлүүлэх хэрэгтэй байна. Бусдын ачааг ямар ч тохиолдолд бүү ав. Сайн таньдаг, хамт сурдаг найз нь чинь “Үүнийг Бээжинд байгаа дүүд минь хүргээд өгөөч” гэвэл ачааг авч болохгүй гэдгийг та тэдэнд дамжуулж хэлэх хэрэгтэй байна.
ХИЛИЙН ЧАНАДАД ОН ГАРСААР ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ 34 ХҮН ХОЛБОГДЖЭЭ
Хар тамхины наймаа ашиг орлогоороо дэлхийд хууль бус зэвсгийн наймааны дараа ордог гэдэг. Энэ нь хэдэн бор төгрөгний төлөө нүдээ ухахаас наахнуур явдаг эдийн шуналтай монголчуудад амархан хөлжих “ажил” шиг санагддаг. Тийм болохоор тэдний хэн нь ч хар тамхины хэргээр амьдралдаа цэг тавьж байна гэдгээ бодолцдоггүй. Хилийн чанадад он гарсаар энэ төрлийн гэмт хэрэгт 34 хүн, нийт 100 гаруй хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлж байсан. Энэ нь зөвхөн манай талд мэдэгдсэн тоо. Үүний цаана хэд, хэчнээн хүн ийм зүйл хийж, хийхээр төлөвлөж байгааг мэдэх аргагүй юм. Ямартай ч, энэ нь хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх, хэрэглэх байдал газар авч, монголчууд энэ хэрэгт гар бие оролцох нь идэвхжиж байгааг харуулж байна.
Монгол Улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй байдлаас нь харахад дийлэнх нь урд хөршид үйлдэгдэж байна гэдгийг дээр хэлсэн. Энэ нь манай улстай хил залгаа орших ӨМӨЗО-ны Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай улсын иргэд байнга зорчдогтой холбоотой юм. Нөгөөтэйгүүр, монголчууд Азийн зарим оронд визгүй зорчдогоос болж, энэ төрлийн гэмт хэрэгт уруу татагдах нь их байдаг аж. Ялангуяа, Малайз руу манай улсын энгийн паспорттой иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчдог. Тиймээс БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэн, Хонконг, Малайз зэрэг улсад удаа дараа зорчиж байгаа иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь их байна.
МОНГОЛЫН ЗУРГААН ИРГЭН БАРИГДАХ ҮЕД 21 ХҮН НИСЛЭГЭЭ ЦУЦАЛСАН
Энэ бол энгийн баримт жишээ. Малайзад хар тамхины хэргээр Монголын зургаан иргэн баригдах үед Малайзаас Хятад руу нисэхээр онгоцны тийз захиалсан байсан 21 монгол иргэн нислэгээ цуцалсан гэх мэдээ байна. Энэ нь тэнд зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ бий болжээ гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Тэдний олонхи нь Монголд ирээд “Гадаадад өндөр цалинтай, нас хүйс харгалзахгүй ажилд зуучилна” гэсэн зар тавьж, энэ талын мэдлэг, мэдээлэл хомс, мөнгө төгрөгийн гачигдалтай иргэдийг сонгож авдаг байна. Тэр хүмүүсээ гадаадын аль нэг улсад аваачаад зочид буудалд байр, хоолыг нь даагаад хар тамхи залгих бэлтгэл хийлгэдэг гэх. Тэгээд Хятадын маш олон хотоор хар тамхи оруулж ирэх оролдлого хийдэг гэдгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар яриандаа дурьдсан удаа бий. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисын аюултай бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. Улсын хэмжээнд, нийгмийн бүхий л салбарт энэ чиглэлээр өч төчнөөн ажил явуулах, ухуулан сурталчлах хэрэгтэй ч гагцхүү та үүнийг өнөөдөр өөрөөсөө эхлэх хэрэгтэй байна. Хэрэв үр хүүхэд, ах дүү, амраг садан чинь Бээжин, Гуанжоу, Хонгконг, Малайзад ажилладаг, сурдаг бол одоо та утас цохь. “Хар тамхины хэрэгт орооцолдов оо! Хэзээ ч битгий тийм алхам хийгээрэй” гэдгийг сайн захиж хэл. Өчигдөр, өнөөдөр та энэ тухай яриагүй бол одоо та хожимдоогүй дээрээ залгаж, энэ тухай тэдэнд заавал сануулаарай.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ ИРГЭД ИХЭВЧЛЭН ХАЛУУН ОРОНД ЯЛ ЭДЭЛДЭГ
Манай монголчуудад гэнэн тэнэг гэмээр нэг зан байдаг, хүнд хэтэрхий итгэдэг. Тиймээс хар тамхины хэрэгт холбогдсон иргэд дунд бусдад хууртсан, уруу татагдсан хүн цөөнгүй. Тэдний олонхи нь шоронд орсон хойноо ч “Хэзээ нэг өдөр гарчихна. Хэн нэгэн надад тус болно. Эсвэл эх орондоо очиж ял эдэлнэ” гэж ойлгодог. Тэгвэл үүн шиг том эндүүрэл байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. “Гэмт хэрэгтэн солилцоно” гэхээр манайхан гэмт хэрэгт холбогдсон хүн болгоныг Монгол руу сольж, аваад байдаг гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ гэмт хэргийн нөхцөл байдлыг нь харгалзан үзээд, тэр хүн ялаа эдлээд, гэмшээд, учруулсан хохирлоо нөхсөн эсвэл эрүүл мэндийн шалтгаантай үед л шилжүүлдэг аж. Хэрэв хоёр талын гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр бус бол эх орондоо ирж, ял эдлэх асуудал талаар болно гэсэн үг. Тийм учраас хар тамхины хэрэгт холбогдсон монгол иргэд ихэвчлэн өмнө зүгийн халуун оронд ял эдэлдэг аж.