Ц.БАЯР
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ногоочин Б.Батсүрэн сүүлийн таван жил могойн чуулгантай амьдарч байгаа ажээ. Тэрээр анх гэрт нь могой үүрлэснийг мэдэж айж цочирдож уг газраасаа олон удаа нүүж буудалсан гэдэг. Гэвч хаана л очно тэнд нь дагаад ирчихдэг байжээ. Олон ч ламд үзүүлжээ. Түүнийг урд насандаа лусын охин байсан байх магадалтай. Тиймээс таныг дагаж байгаа юм. Айж, зугатаах хэрэггүй танайх сайн сайхан явна гэж хэлснээр түүнтэйгээ эвлэрч ийнхүү амьдарсаар байгаа ажээ. Нутгийнхан нь могойн чуулган болох үеэр ихэд бэлэгшээж ирж харцгаадаг гэсэн. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Та могойн чуулганы талаар тодруулахгүй юу?
-Сүүлийн таван жилд манайд лус үүрлэж могойн чуулганаа хийж байна. Ногоо тариалах цагаар өөрсдөө аяндаа гараад ирдэг. Зунжингаа могойнуудтайгаа байдаг. Манай гэрийн дотор доор нүхэнд үүр нь байдаг. Арьсаа гуужуулдаг, цуглаанаа хийдэг. Чуулганаа хийсний дараа арьс нь нэвсийж, зулгарсан могой үүрнээсээ гарч байшингынхаа гадуур дотуур гүйлддэг. Тэр нь л эрдэнэс нь гэж манай лам нар хэлдэг. Лам нарт хэлж зөндөө тайлбар авч байсан. Том могой нь нэг метр гучин см. 20-30 орчим могой байдаг. Бас зулзаглана. Гоё гоё үзүүлбэр үзүүлдэг. Дээр үеийн хөгшид могойн чуулган харсан хүн их сайн явна гэдэг. Тиймээс үүнийгээ шүтээд л хамт амьдраад явж байна.
-Ямар үзүүлбэр үзүүлдэг юм?
- Тэр үедээ усны давалгаа шиг давалгаалж, оволзоод маш гоё харагддаг. Мөн ороо нь орох үе гэж байдаг. Тэр үедээ их сонин хөдөлгөөн харуулдаг.
-Жил бүр та могойн чуулганыг гэртээ харчихдаг гэсэн үг үү?
- Тийм өөрөө харна. Олон түмэнд харуулна. Арьсыг нь авч хадаганд ороогоод дээдлээд тавьчихдаг. Би их нандин сайхан зүйлтэй амьдардаг гэж боддог.
Эх сурвалж:www.zms.mn




