Б.ЭНХЗАЯА
Хотын мээр саяхан цахилгаан шатанд гацаж багагүй бухимджээ. Өөрийнх нь санаачилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх барилгын үйл ажиллагааг шалгахаар очихдоо ингэж пакталсан хэрэг. НИТХ-ын чуулган дээр “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачилж танилцуулахад МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан эхний хүмүүсийг 100 айл дахь долдугаар хорооллын хос барилгад түр байршуулж болно гэсний хариуд хотын дарга ихээр ундууцав. Тэрээр “Ахмадуудыг минь нурж унах дөхсөн балгасанд оруулах гээ юү” хэмээн бухимдаж, танхимаар дүүрэн хөхрөлдөөн болгосон гэнэ. Нийслэлийн өмнөх удирдлагуудын санаачилсан “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж барьсан энэхүү хос барилга үнэхээр нурж унах дөхсөн балгас болсон уу. Тус барилгын талаар сурвалжиллаа.
ДАМЖИН ӨНГӨРӨХ БАЙР СУУРИА ТАВЬСАН НЬ
Улаанбаатар хотын өмнөх дарга Г.Мөнхбаярын үед эхлүүлсэн томоохон төсөл бол “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” юм. Тэрээр агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахын тулд долдугаар хорооллыг сүндэрлүүлэх ажлыг эхлүүлж, тухайн үед улсын төсвөөс багагүй хөрөнгө гаргаж байлаа. Тус хороолол нь Сүхбаатар дүүргийн ес, арав, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамран Ногоон нуур, Зуун айл, Цагдаагийн гудамж орчим, хойд талаараа үерийн далан, зүүн талаараа Сэлбийн голын дагуу нийт 210 га талбайд сүндэрлэнэ гэж байв. Энд бас 25 давхар хүртэлх орон сууцны барилгуудыг төлөвлөжээ. Тиймээс уг хорооллыг барьж байгуулснаар 10956 айлын орон сууцанд нийт 46 мянган хүн оршин суух боломжтой гэж байв. Түүнчлэн 9200 сурагчтай сургууль, 4600 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1610 хүн үзэх өрхийн эмнэлэг, 4500 ажлын байр бүхий оффисын барилга, 3600 шахам хүн ажиллах худалдаа, үйлчилгээний барилга байгууламж баригдахаар төлөвлөжээ. “Ногоон нуур”-ын одоогийн тогтоцыг түшиглэн хотын чанартай парк, амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байв. Гурван жилийн өмнөөс сүр дуулиантайгаар эхлүүлсэн энэ төслөөс өнөөдөр 100 айл дахь 15 давхар бүхий хос хоёр барилга торойн үлджээ. Энэ орон сууцыг дамжин өнгөрөх байр нэртэйгээр шавыг нь тавьсан юм. 15 давхар бүхий 300 айлын хос барилгад иргэд газраа өгөхдөө мөнгө авахгүйгээр шинээр ашиглалтад орох орон сууцны хорооллоос бэл бэнчиндээ таарсан орон сууц авах гэрээг байгуулна. Орон сууцны хороолол баригдаж байх хугацаанд дамжин өнгөрөх орон сууцанд амьдарч, удалгүй шинэ байрны түлхүүр гардан авахаар төслийг эхлүүлж байжээ.
БАРИЛГЫН СУУРИЙГ НАМАГ ДУНД ТАВЬЖЭЭ
Уг төслийн гүйцэтгэгч нь “Бэрэн” констракшн. Түр суурьшуулах байр нь тус констракшны Г.Мөнхбаяр даргын 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 676 дугаар тоот захирамжаар 10.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр эхлүүлсэн ажил. Гэрээ ёсоор шинэхэн байрны түлхүүр шинэ оны заагт буюу 2012 он гарахад эздийнхээ гарт очно хэмээн хотын өмнөх дарга олон нийтэд хэлж байсан нь 2011 оны аравдугаар сарын 24-ний өдөр байв. Барилгын ажил хоёр жил үргэлжилсэн ч эдүгээ ашиглалтад ороогүй хэвээр. Энэ барилгад Улсын комисс хэд хэдэн удаа ажилласан ч хүлээж авахгүй байгааг ойр орчмын оршин суугчид хэлж байна. Түүнчлэн тэд барилгын чанар хангалтгүйг баталлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын барилгын захын шилэн дэлгүүрийн эсрэг талын гэр хороолол тэр чигтээ нам дор газартай. Зуны улиралд бороо ороход гудамж, талбай битгий хэл айлууд нь усанд автах тохиолдол энгийн үзэгдэл болсон. Намаг, шалбааг бүхий энэ талбайд олон давхар барилгын суурийг тавихад мөнөөх усанд автаж байсан гэнэ. Гэвч газрын гүнээс ундрах усыг гялгар цаасаар бүрхэж, арматурыг нь босгож, бетон цутгаж эхэлсэн гэлээ. Барилгын суурин хэсэг усанд автах нь хүйтний улиралд цуурч, дулаан болоход суулт өгдөгийг нийслэлд сүндэрлэх олон барилга харуулж байгаа. Тэгвэл энэ жишээ давтагдаж болохыг “Бэрэн” констракшны барилга харуулж болзошгүй юм. Түүнчлэн барилгын нэгдүгээр давхрыг тоосгоор барьж, дээшээ давхаруудыг бетоноор цутгасан гэнэ.
Бетонон ханаа хөөсөнцрөөр бүрж, өнгөлсөн болохыг барилгын ажлыг харсан иргэд хэлж байна. Тус хороонд олон жилийн турш оршин суусан ахмад настан И.Ганбаатартай ярилцлаа.
И.Ганбаатар: АХМАДУУД ИЙМ БАЙРАНД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ
-Танай дэргэд боссон энэ барилгад ахмадуудыг оруулж магадгүй талаар нийслэлийн удирдлагууд ярьж байсан. Та энэ талаар сонссон уу?
-Анх дамжин өнгөрөх орон сууц гэж байсан шүү дээ. Саяхнаас ахмадуудыг оруулна гэж ярьж эхэллээ. Ахмадууд гэхээр хог дээр хаясан шаар биш шүү дээ. Нэг талаар бодоход гоё сонсогдож байгаа ч нөгөө талаар хүний эрүүл мэндэд хортой байж мэдэх юм.
-Яагаад хортой гэж?
-Би олон жил барилгын салбарт ажилласан хүн. Гэхдээ ингэж барьсан барилгыг харж байгаагүй. Нураад уначихгүй юм гэхэд хоёр, гурван жилийн дараагаас л ид шид нь харагдана. Энэ бол шууд бетоноор л боссон барилга. Бетон удаандаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Шоронд орсон хүмүүс янз бүрийн өвчин тусаад байгаа шалтгаан нь бетонон хананаас болж байгаа юм.
-Энэ хавьд бараг танайх л газраа чөлөөлж өгөөгүй юм байна. Яагаад газраа өгөхгүй байна вэ?
-Би газраа өгөхийг хүсддэггүй. Энэ газар хотын төв хэсэг. Сургууль цэцэрлэг, эмнэлэг, хороо нь ойрхон. Гэтэл маш бага үнээр авахаар хэлдэг. Энэ өмч маань хүүхдүүдэд үлдэнэ. Орон сууцны талбай кв.метр нь хоёр сая гарчихсан. Тийм болохоор ядаж 850 мянгаар өгмөөр байна хэмээсэн юм.
Дамжин өнгөрөх орон сууцны зориулалтаар эхлүүлж байсан барилгын эргэн тойронд айл бараг үлдээгүй, хогондоо дарагдсан хоосон торон хашаанууд сүүмийж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд газар нь орсон иргэд хашаагаа зараад өөр тийш нүүсэн бололтой. Уг нь түр суурьшуулах орон сууцанд орох учиртай. Гэвч ихэнх айл энэ барилгад сайнгүй хандаж байгаа нь дээрх шалтгаантай холбоотой бололтой. Хотын дарга хос барилгыг “Нурж унахад бэлэн, балгас шиг байр” гэснийг иргэд ч баталж байна. Тэгвэл түр суурьших иргэдгүй, ахмадууд нь ч тоохгүй уг барилгад 10 гаруй тэрбум төгрөг хий хоосон цацсан болох нь.