Ч.ОЛДОХ
Америкчууд Билл Гейтс, Уоррен Баффет зэрэг баячууд руугаа хэзээ ч “Энэ муусайнууд мөнгөжиж байна, мөнгөө яагаад бидэнтэй хуваалцдаггүй юм бэ” гэж муухай хардаггүй. Төр нь ч гэсэн. Саяхан даа эдийн засгийн нэг их хямралын үеэр ”Форд” хэцүүдээгүй юү. Тэр үед Америкийн төр “Форд”-доо өчнөөн долларын зээл өгөөд босгоод ирсэн. Учир нь “Форд” гэж мундаг том үйлдвэрлэгчийн ард ханган нийлүүлэлтийг нь хийдэг өчнөөн компанийн хувь заяа байсан юм.
“Форд” уналаа л бол тэр компаниуд дампуурах байв. Өөрөөр хэлбэл Америкийн эдийн засаг хөл дээрээ сөхрөх байсан учраас Цагаан ордон, Конгресс бултаараа сандарцгааж тусалсан хэрэг. “Форд”, “Майкрософт” –оос авсан татвараар Америк хөгжиж байгаа учраас америкчууд баялаг бүтээгчдэдээ хайртай байдаг юм. Төр нь их мөнгө өгсөн учраас “Форд” унаагүй. Тэгсний хүчинд өнөөдөр Америкийн эдийн засаг дажгүй л байна.
Манай улс Америк шиг ардчиллын замаар яваа, зах зээлийн эдийн засагтай. Тэгсэн хэрнээ баялаг бүтээгчдэдээ хайргүй. Юм л бол худал, үнэн элдвээр хэлж байдаг. Саяхан даа, нэг ийм явдал боллоо.
Нэр бүхий хэд хэдэн компаниудыг татварын ийм тийм өртэй гэсэн мэдээллийг зарим сонин сайтаар цацав. Бүр нэмж хачирлаад олон янзаар бичив. Жилээс жилд МҮХАҮТ-аас зарладаг ТОП-уудад ордог, Монгол Улсад өчнөөн тэрбумаар нь татвар төлдөг компаниуд хүртэл орчихсонд гайхав. Жишээ нь бидний хамгийн сайн мэдэх “Энержи ресурс”, Хөтөлийн “Цемент шохой”, “МАК”, “Алтайн Хүдэр” зэрэг компаниуд байна. Танхимын шилдэг 150 компанийн жагсаалтад тогтмол дээгүүр байранд явдаг “Энержи ресурс”, “МАК” ХХК-ийг дээрх мэдээллийн эхэнд жагсаж харагдсан учраас онцолж байгаа хэрэг. Миний мэдэхийн ТОП-уудыг шалгаруулах ёслолын үеэр “Энержи ресурс” гэхэд 2010 онд 54 тэрбум, 2011 онд 115 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай хэлж байсныг мэдэж байна. Мөн “МАК” ХХК сүүлийн гурван жилд 395 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн тухай ч энэ үеэр холбогдох албаны хүмүүс хэлж байсан санагдана. Энгийн хар ухаанаар бодоход л нэг компанийн жилд төлсөн татвар 21 аймгийн маань жилийн төсвийг бүрдүүлэхүйц хэмжээний мөнгө. Эндээс харахад нүүрсний үнэ дажгүй өсөлттэй байх үеийнх болохоор нэлээд өндөр татвар төлж байж. Өнгөрсөн онд хэчнээн төгрөгийн татвар төлснөөс хэдийг нь төлснийг Татварынхны дүн мэдээнээс сонирхлоо. Нүүрсний үнэ шалдаа бууж, дэлхийн эдийн засаг хямарсан жил гэхэд харин ч тэд маань сайн төлж. Тэр дундаа нүүрс экспортлогчдын хувьд өнгөрсөн өдрүүд ямар байгаа билээ. Экспорт багассаар, багассаар одоо бүр зогсохдоо тулчихсан гэдгийг бид сайн мэдэж байгаа. Цагтаа тэднийг татвараа хугацаанд нь, бүр урьдчилаад төлж байхад нь үндэсний компаниуд, тэр дундаа хувийн хэвшлийнхэн минь мянга мянган ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол ачааг нуруундаа үүрч яваа гээд л холбогдох албаны хүмүүс магтан сайшааж байсан үе бас бий.
За тэгээд уул уурхайн салбарт үндэсний олборлогч гэгдэж яваа “Алтайн хүдэр”, гангийн үйлдвэр барихаар нэгдсэн компаниудын нэг “Болд төмөр ерөө гол”, хүчин чадлаа өргөтгөж, үйлдвэрлэх цементнийхээ хэмжээг нэмэхээр ажиллаж буй Хөтөлийн “Цемент шохой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадлын 70 хувьтай тэнцэх Цагаансуварга зэс молибденийн, жил нэг сая тоннын хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буй “МАК” зэрэг компанийг татварын өртэй гээд бас л шуугиж байна. Бүгд л хөрөнгө оруулалтдаа их хэмжээний мөнгө татаж, үйлдвэр хөгжүүлэх гэж яваа компаниуд. Зах зээл хэцүүхэн байна гээд үйлдвэр байгуулахгүй гараа хумхиж сууж болох л байсан. Гэхдээ хаа газрын баялаг бүтээгчид үйлдвэрлэлд мөнгө зарж байж улс хөгжинө гэдгийг яс, махаараа мэдэрчихсэн байдаг учраас ингэж өөртөө ачаа үүрч явдаг. Тэр ачаагаа ачаа гэж бодолгүй, төрөөс элдэв юм нэхэхгүй баялгаа бүтээгээд л яваа тэд.
Улсын төсөвт өчнөөн тэрбумаар нь орлого оруулдаг үндэсний том компаниуддаа эдийн засгийн хямралын үед төр нь Америкийн төр шиг тусалдаггүй юм аа гэхэд төлөх нь тодорхой цөөхөн хувийн татварын төлөө, худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээллийг ингэж нийтэд цацаж байгаа нь хийж бүтээхээр зүтгэж буй компаниуд руугаа дайралт хийж, магадгүй сөхрүүлэх гэсэн санаатай оролдлого ч гэж хардахаар байна.
Гэтэл тэд чинь улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө, ард иргэдээ ажлын байртай болгохын тулд үйлдвэрлэл хөгжүүлэхээр гадна дотны банк, санхүүгийн байгууллагаас зээл авч байж том ажлын ард гарах гэж бор зүрхээрээ зүтгэж яваа улс. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулалт татахаар зээлийн гэрээ байгуулсан компани ч бий. Тэгтэл буруу зөвгүй ийм мэдээлэл гараад ирэхээр гадна дотнын банк санхүүгийн байгууллага, ханган нийлүүлэгчид нүдээ том болгох нь тодорхой. Учир нь хэвлэлээр гарсан татвар төлөлттэй холбоотой мэдээллийг харахад дээрх компаниуд татвараа хэзээч цаг хугацаанд нь төлдөггүй, үргэлж бултаж зугатаад, олсон мөнгөө хувьдаа нууж, хадгалаад байдаг юм шиг ойлголт төрүүлэхээр байна.
Ингээд л Монгол руу орж ирэх том хөрөнгө оруулалтууд тодорхой хугацаагаар хойшилж, магадгүй бүр зээл олгохоо зогсоочихыг ч үгүйсгэхгүй. Энэ бүгдийн эцэст монголчууд бид л хохирно. Мөн татвараа цаг тухайд нь тогтмол төлж ирсэн, үндэсний ТОП-ууддаа ингэж хандах нь хэнд ашигтай байж болох вэ. Шуудхан хэлэхэд манай улсыг түүхий эдийн ханган нийлүүлэгч улсаа байлгах гэсэн их гүрний сонирхол л энэ үед биелнэ шүү дээ. Түүнчлэн дээрх компаниудад ажиллаж буй мянга мянган ажиллагсад тэдний ар гэрийнхэнд энэ мэдээлэл яав ч таатай санагдахгүй. Зөвхөн нэг компанийн ажилчдын тоо дор хаяж 1000-2000 гэж бодоход тэдний ар гэрийнхэн гээд бүгдийг нийлүүлбэл манай нэг аймгийн хүн амтай дүйцэхүйцээр шүү дээ. Тэдгээр хүмүүсийн хийж буй ажлаараа бахархаж, урам зоригтой ажиллах оргилуун хүслийг нь үнэн худал нь мэдэгдэхгүй, магадгүй захиалгат элдэв мэдээллээр хязгаарлаж, бөхөөж болохгүй санагдана.
Үнэндээ нүүрс, зэс хоёроор Монгол амьдарч, энэ хоёр баялгаар улс орнуудын эдийн засаг нь хоёр оронтой тоогоор яригдсан улсын нэгд Монголыг багтааж байгаа. Өнөөдөр нүүрсний үнэ бууж, экспорт нь бараг зогссон. Төсөв хэцүүдээд эхэлчихсэн. Энэ жил нүүрснээс олохоор тооцсон мөнгө илт багасч орж ирнэ. Дээр нь нүүрс экспортолдог том компаниа ингээд хавчаад эхлэхээр байдал бүр ч дордож таарна. Нүүрсний үнэ ирэх жил ч тааруухан байх сураг бий. Тэгэхээр ирэх жил төсөв бүр хэцүүдэх магадлал өндөр. Үнэндээ Монголын баялгийг гадагш зөөгөөд өөрсдөө баяжаад дууслаа, татвараа төлөхгүй байна гэж янз бүрээр адлаад бичээд байхын оронд энэ компаниуд олсон бүхий л ашгаараа Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө хийж бүтээж, байгуулж буйг хараад, үзээд үнэнийг бичвэл хэнд хэрэгтэй вэ, монголчууд бидэнд хэрэгтэй.
Бид Америк шиг ардчилалтай, тэдэн шиг чөлөөт эдийн засагтай. Энэ улс шиг хөгжье гэвэл татварын бодлогоо ч тэдний мөрддөг олон улсын стандарт руу дөхүүлмээр санагддаг. Зах зээл нь мундаг хөгжсөн улсад том бүтээн байгуулалт өрнүүлж байгаа компаниудын татварыг хойшлуулах жишиг байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үедээ татварыг нь ногдуулаад бүтээн байгуулалтын ажил нь жигдэрч борлуулалт эхэлсний дараа татвараа авдаг төрийн зохицуулалт бидний шүтээд байгаа хөгжилтэй орнуудад байдаг. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад байдаг л зүйл. Үндэсний том компаниудын хувьд олсон ашгаасаа татвар төлөхөөс гадна агаарын бохирдлын, үнийн өсөлтийн, гадаадын иргэдийн гээд өөр олон татвар төлдөг. Шууд орлогоос нь авдаг ийм татваруудыг ирээдүйд авах татвар руу шилжүүлэх жишиг ч дэлхийд байдаг.
Тэгэхээр татвар төлөөгүй гэж үндэсний томоохон компаниудынхаа нэрийг хэвлэлээр зарлаад байгаа тэр хүмүүсийн хандлагаас нэг л зүйл их тод харагдаж байна. Баялаг бүтээгчдээ адлаж, төр хувийнх гэж ялгаварлаж, тэр намынх энэ намынх гэж талцуулах нь хэн нэгний ашиг сонирхолд нийцэж байгаа учраас л тэр. Тэгэхээр өнөөх л хувийн өмчид дургүй өнгөрсөн нийгмийн хандлагаа өөрчлөхгүй бол хийж бүтээж байгаагийнхаа урмыг нь хугалсаар энэ эдийн засаг хэцүүдэх нь байна шүү. Ачааны хүндийг үүрч яваа цөөхөн хэдэн үндэсний баялаг бүтээгчиддээ нэмэр болддогүй юм аа гэхэд нэрмээс болохгүй байхсан. Дээрх шиг мэдээлэлд дөрөөлөн хэсэг нь шүүрч аван тэднийг янз бүрээр хэдэн талаас нь “баалж” байгаа нь шударга үнэнд яав ч нийцэхгүй. Хэзээнээс монголчууд сайн яваа нэгнээ доош чирэх сонирхолтой, эв нэгдэл гэдгийг үнэндээ умартсан тамын тогооны үлгэр шиг улс гэхэд хатуудсан болохгүй. Өнгөрснөө эргэн санахад тэртээ 16 дугаар зуунд монголчууд бид дотроо эв нэгдэлгүй байсан нь Манжийн дарлалд 200 жил болоход гол өгөөш болсныг мартах учиргүй. Гэтэл орчин үед энэ 21 дүгээр зуунд ч эв нэгдэлгүй, нэгнээ муучилдаг байдал 500 жил амь бөхтэй байсаар өнөөдрийн нам болж талцдаг, өөр хоорондоо сөргөөцөлддөг, нэгнийхээ хийсэн бүтээснийг үгүйсгэдэг байдал хэвээрээ л байна. Шуудхан хэлэхэд бидний ийм эв түнжингүй байдлаас болж улс эх орон минь хөгжихгүйн дээр гаднынханд ашигтай байдлыг бий болгосоор ирсэн нь гашуун үнэн. Тиймээс бидэнд эв нэгдэлтэй, нэгдмэл санаатай байх сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна.