Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуульд гаалийн хилээр бараа, эд зүйлс, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн хувь хүн, хуулийн этгээд хамрагдах учиртай. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн хэлтсийн гаалийн улсын байцаагч Ч.Тамираас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуульд хамрагдахын тулд танай байгууллагад хандах иргэн, хуулийн этгээд ямар зүйлийг тайлагнах ёстой вэ?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэгчдийн нэг нь Гаалийн байгууллага юм. Хууль батлагдаад удаагүй байгаа ч 16 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг ил болгон мэдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Хувь хүн, хуулийн этгээд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө Монгол Улсын Гаалийн байгууллагад мэдүүлээгүй хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгсэл, эд зүйл, ачаагаа ил болгон мэдүүлэх боломжийг хуулиар олгосон. Тиймээс энэ хуулиа ашиглан, мэдүүлээгүй, бүртгүүлэлгүй хилээр нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүн болон бусад зүйлсээ мэдүүлэх хэрэгтэй. Ингэснээр ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүй гэдгийг ойлгох ёстой.
-Тухайлбал, ямар барааг хилээр мэдүүлэлгүй нэвтрүүлсэн байна вэ?
-Жишээлбэл, гурван сая ам.долларын үнэтэй нэг ширхэг СD оруулж ирсэн байдаг. Овор хэмжээний хувьд жижигхэн боловч өөрийн өртөг нь өндөр байгаа юм. Тухайн аж ахуйн нэгжийн хувьд дээрх барааг улсын хилээр оруулж ирэхдээ уншиж явсан номны завсар хийгээд оруулсан байна. Тухайн байгууллагаас гурван сая ам.долларын зарлага гарсан ч орлого талдаа бүртгээгүй нь алдаа болно. Тиймээс хуулийн хүрээнд энэ байдлаа мэдүүлснээр эдийн засгийн эргэлтэд орж, тухайн компанийн санхүүгийн тайланд тусгагдаад явж байгаа юм. Энэ мэтчилэн ямар нэг аргаар хилээр нэвтрүүлсэн бараандаа гаалийн бүрдүүлэлт хийгээрэй гэж уриалж байна.
-Татвар, торгууль ногдуулахгүй гэж байна. Тэгвэл гаалийн хураамж төлөх үү?
-Дээрх хуулиар татвараас чөлөөлж, торгууль ногдуулахгүй, хариуцлага тооцохгүй гэж заасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас харвал хураамж төлүүлэхгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ манай байгууллагаас энэ хуулийн хүрээнд мэдүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнээс хураамж авахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, манайд хандан улсын хилээр аливаа арга хэрэглэн нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүнд татвар, хураамж, торгууль ногдуулахгүй байгааг хэлэх нь зүйтэй.
-Тэгвэл дээрх бараа, бүтээгдэхүүнийг мэдүүлэхийн тулд хэзээ, хаана, ямар аргаар оруулж ирсэн тухайгаа тайлагнах уу?
-Гаалийн байгууллага, төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэлээр тухайн бараа, бүтээгдэхүүнийг аль гаалийн боомтоор ямар арга хэрэглэн оруулж ирснийг тодруулахгүй байгаа. Сайн дураар мэдүүлж байгаа үед дээрх зүйлсийг тайлбарлахгүй байж болно. Уг хуулийн зорилго далд эдийн засгийн ил болгоход оршиж байгаа.
-Бас нэг зүйл байна. Гаалийн хураамж, татвар төлж чадалгүй хүлээгдэж байгаа бараа, бүтээгдэхүүнийг хэрхэх вэ?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахдаа 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө улсын хилээр хууль бусаар, ямар нэг арга хэрэглэн нэвтрүүлсэн бараа болон тээврийн хэрэгсэлд хамаатай. Харин хүлээгдэж байгаа болон хураамж төлөөгүй бараанд хамаарахгүй. Мөн түүнчлэн хуульд заасан хугацаанаас хойшх бүх бараандаа хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийн, хураамж болон татвараа төлж хил, гаалиар нэвтрүүлэх ёстой.
-2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө гаалийн бүрдүүлэлт хийсэн ч татвар, хураамж төлөөгүй тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарахгүй гэсэн үг үү?
-Гаалийн тухай хуулийн тодорхой зохицуулалт бий. Тухайлбал, гаалийн баталгаат агуулах. Хэрэв гаалийн мэдүүлэгч өөрөө хүсвэл тухайн барааг хоёр жил хүртэлх хугацаагаар хадгална. Мөн тэрхүү хугацааг нэг жилээр сунгаж болно. Энэ тохиолдолд дээрх хуулийн хүрээнд хамрахгүй. Эл хууль нь ямар нэг хяналтгүй, гаалийн бүрдүүлэлтгүй, хууль тогтоомжийн бус арга хэрэгслээр улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг төр нэг удаа энэрэнгүй хандаж, ил болгож байгааг ойлгох учиртай. Түүнээс хуулийн дагуу хийж байгаа үйлдэлд огт хамаарахгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин