Э.ОРХОН

Ерөнхий бо­ловс­ролын сургууль төгсөгчдийн их, дээд сургуульд элсэн орох шалгалт өнгөрсөн амралтын өдүүдэд боллоо. Баа­сан гаригийн 10.00 цагт орос хэлний шал­галтаар эхэлж өчигдөр оройн 16.00 цагт физикийн шалгалтаар дуусав. Энэ жилийн эл­сэлтийн ерөнхий шалгалтад 43 мянга  800 сурагч бүртгүүлжээ. Гэвч БШУЯ-наас энэ жил дотоодын их, дээд сургуульд 37 мянган хүүхэд элсүүлэх хяналтын тоог баталсан. Гурван өдрийн турш эцэг, эх, сурагчдыг шалгасан шалгалтын дүн ирэх сарын 1-нд гарах юм. Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийн 11 дүгээр ангийг 40 гаруй мянган хүүхэд төгссөн бол өнгөрсөн жил 37 мянга орчим хүүхэд төгсч байжээ. Сурагчид сонгон суралцах мэргэжлээсээ хамаарч орос хэл, хими, англи хэл, Монгол Улсын түүх, математик, биологи, монгол хэл, газар зүй, нийгмийн тухай мэдлэг, физик гэсэн хичээлээс сонгон шалгалтаа өгсөн юм. Тухайлбал, анагаахын сургуульд суралцахыг хүсэгчид ес, инженерээр сурах хүсэлтэй сурагчид 3-5 хичээлээр шалгалт өглөө. Энэ жилийн хувьд төрийн өмчийн их, дээд сургуульд 20172 хүүхэд, хувийн их, дээд сургуульд 16919 хүүхэд элсүүлэх юм.

Хүүхдүүдийнх нь амьдралаа сонгох чухал мөч байсан учраас эцэг, эхчүүд өөрсдөө шалгалт өгснөөс ялгаагүй байсан. Сүхбаатар дүүргийн хувьд МУИС-ийн Газар зүй геологийн сургууль, ШУТИС-ийн II байр гэсэн 11 газарт шалгалт явууллаа. Өнгөрсөн баа­сан гаригийн 10.00 цагт орос хэлний хичээлээр эхэлсэн. Дараа нь хими, англи хэлний шалгалт ху­ваарийн дагуу болж өнгөрөв. Орон даяар зэ­рэг эхлэх шалгалтад маргаан, будилаан гар­гахгүйн үүднээс зохион байгуулагчид сурагчдыг шалгалт өгөхөөс нэг цагийн өмнө оруулсан юм. Мөн бичиг баримт дутуу, зөрчилтэй байсан хүүхдүүдийг ч шалгалтад оруулж байв. Харин ца­гаасаа хоцорсон сурагчдыг шалгалтад оруулсангүй. Сурагчдыг шалгалтад орсны дараа эцэг, эхчүүд сүүдэр ба­раадан шалгалт дуусахыг хүлээж сууна. Шалгалтын тестийг өмнө нь боловсруулан тарааж байсан тестээс түүвэрлэн санамсаргүй сонголт хийн авчээ. Шалгалт дуусч хүүхдүүд гарч ирэх үеэр тэдний ярьж байхыг сонсвол “Химийн хичээлийн тест хүнд, зааж байгаагүй, мэдэхгүй зүйл ирлээ” гэж эцэг, эхдээ хэлж байв. Зарим сурагч, эцэг, эхийн сэтгэгдлийг сонслоо.

 

72 дугаар сургуулийн төгсөгч Б.Зоригтбаатар: АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ ХҮНД БАЙЛАА 

-Англи хэлний шал­галтаа өглөө. Материал нэлээд хүнд санагдлаа. Би инженерийн мэр­гэжлээр сурах хүсэл­тэй түүнийхээ дагуу шалгалтуудаа өгч байгаа. Зохион бай­гуулалтын хувьд дэг, журамтай элдэв будилаангүй болсон.

 

23 дугаар сургуулийн төгсөгч З.Мишээл: ЗААЖ БАЙГААГҮЙ ЗҮЙЛ ИРСЭН

-Анагаахад орох сонирхолтой. Орос хэл, хими, англи хэлний шалгалтаа өгөөд байна. Химийн хичээлийн материал нэлээд хүнд байлаа. Зааж байгаагүй зүйл ирсэн. Бодолт байхгүй өөр зүйл ирлээ. Харин хэлний шалгалт гайгүй боломжийн байсан. Зохион байгуулалт сайтай. Зарим хүүхдийг бичиг баримтын зөрчилтэй ч гэсэн шалгалтад оруулсан. Харин хоцорсон хүүхдүүдийг оруулаагүй. Намайг химийн шалгалтаа өгч байхад хоёр хүүхэд орж чадаагүй. Харин англи хэлний шалгалтад гурван хүүхэд хоцроод орж чадаагүй.  

 

37 дугаар сургуулийн төгсөгч Б.Отгонжаргал: МЭДДЭГ ЗҮЙЛ ИРСЭН  

-Шалгалтын мате­риалын боловсруулалт боломжийн санагдсан. Ер нь мэддэг зүйл ирсэн.  Би МУИС-ийн Санхүү, эдийн засгийн сургуульд сурах сонирхолтой. Шал­галтдаа гэрээрээ бэлдсэн. Зохион байгуулалт сайтай болж байна.  

 

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Оюун: БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮҮХДИЙГ Ч ОРУУЛСАН

-Зохион байгуулалтын хувьд хэлэх юм алга. Сайн байна. Хүүхдүүдээ цагийн өмнөөс эхэлж оруулсан болохоор хоцрох асуудал гарсангүй. Бичиг баримтын зөрчилтэй хүүхдүүдийг ч гэсэн оруулж байгаа харагдсан. Шалгалтын цаг болоход хаалгаа яг цагтаа барьдаг юм байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ууган: ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ БОЛЛОО 

-Өмнөх жилүүдэд маргаан зөрчил гарлаа гээд л шуугиад байдаг. Энэ жил зохион байгуулалт сайтай байгаа болоод тэр байх янз бүрийн будилаан гарсангүй. Хүүхдүүд цагтаа ирээд л орлоо. Хоцорсон хүүхдийг харин оруулдаггүй юм байна.