Б.ЭНХЗАЯА
“Монгол Улсын иргэн би онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ тангараглая...” хэмээсэн 22 залуу яг зургаан жилийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар бороотой тэнгэрт гарч байлаа. Гэвч тэднээс 15 нь эргэж ирээгүй юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хонин нуга гэх газарт зургаан жилийн өмнөх энэ өдөр ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр онцгой байдлын болон хилийн цэргийн албан хаагчид 22 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар товгор уулын зүүн энгэрт далайн төвшнээс дээш 1545 метрийн өндрөөс унаж осолдсон юм. Ослын улмаас амь насаа алдсан аврагчдын дурсгалыг хүндэтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өнгөрсөн баасан гаригт дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тус газраас 2009 оноос албан хаагчдаа хүндэтгэн ёслох энэ өдрийг мэргэжил нэгт нөхдөд нь мөнхжүүлэх зорилгоор шинээр элссэн албан хаагчдын тангаргийн өдөр болгожээ. Тиймээс энэ албанд хүчин зүтгэхээр 73 залуу тангараг өргөв.
““МИ-8”-ИЙН ОСЛЫН БУРУУТАНГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ”
Албан хаагчид тангараг өргөснийхөө дараа аврагч нөхдийнхөө дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэдний дунд аавынхаа, ахынхаа үйлсийг үргэлжлүүлэн, хүнд хэцүү албанд хүчээ сорихоор орж буй албан хаагчид ч байв. Түүнчлэн амь үрэгдсэн аврагчдын ар гэрийнхэн хүндэтгэлийн үеэр ирсэн байлаа. Зул, зураг хоёрын өмнө хатаж суугаа тэдний сэтгэлийг нимгэлдэг өдөр нь жил бүрийн энэ л өдөр гэнэ. Цэл залуу 33 насандаа хорвоог орхисон аврагч, гал сөнөөгч Э.Ариунсанаагийн ээж Л.Оюунцэцэг “Жилд нэг удаа энд ирж сэтгэл санаа тайвшрах юм. Жил бүрийн энэ өдөр олон сайхан залуу аврагчдын эх орныхоо төлөө тангараг өргөж байгааг харж сэтгэлээ дэвтээх юм” хэмээн ярив. Түүний охин аав, ах хоёрынхоо үйлсийг үргэлжлүүлэхээр онцгой байдлын албанд элсэж, тангаргаа өргөж буй аж. Түүнчлэн шүхэрчин, гал сөнөөгч Л.Баярмагнай энэ албанд 33 дахь жилдээ ажиллаж байсан юм. Бас л тэр харамсалтай өдөр үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Түүний ээж У.Төмөр хүүгийнх нь үхэлд хүргэсэн буруутанг эрж, олон жилийн турш явж буйгаа хэлж байлаа. Тэрээр “Энэ хэрэгт хариуцлага яримаар санагддаг юм. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчид өргөдөл өгчихөөд байна. Тэр өглөө Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрынхан аврагчдыг дуудаагүй. Бороо орж байна, түймэр унтрах байх. Маргааш хариу хэлье гэсэн байдаг. Гэтэл дээрээс нисэх тушаал өгсөн байсан. Үүнд хариуцлага нэхмээр байна. Тухайн үед албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн зүйл ангийг хуулиас хасч, эргээд дөрөвдүгээр сарын 20-нд хуульдаа оруулчихсан байсан” хэмээв. Зургаан жилийн өмнө гарсан харамсалт ослоос гадна аврагчдын ажил албанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангалтгүйгээс амиа алдсан хэрэг хуучраагүй байна. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийн улмаас дөрвөн залуу амь үрэгдсэн. Онцгой байдлын албаныхны нийгмийн баталгааг хэрхэн хангаж буй талаар тус газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжиж буй Ерөнхий газрын нийгмийн баталгааг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд манай албаныхан 80 орчим орон сууцтай болсон. Өнгөрсөн онд 70 айлын орон сууц барихаар санаачлан, ажиллаж байна. Түүнчлэн энэ онд шинээр олон ангиуд ашиглалтад орж байгаа. Аврах, гал унтраах ангиудын дэргэд 10 айлын орон сууцтай барилгуудыг бариулж байна. Түүнчлэн аймаг орон нутгийн Засаг дарга нартай хамтран албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажилд зуучлах зэргээр ажиллаж байна” гэсэн юм.