Ү.ХҮРЭЛБААТАР
Өглөөн наран хөхөлбөр уулсын хөмөн саарал нурууг хөвчлөн тулж арай ядан хөөрөн өндийх мэт бүүдийн гэрэлтэнэ. Алашаа баруун хошууны Баян хотод болсон “Хятад-Монголын хэвлэл мэдээллийн VI форум”-д оролцсон МСНЭ-ийн төлөөлөгч бид бага үдийн өмнө Баян хотоос баруун урагш ногоон хажлагат тосон замаар сэвэлзэнхэн давхиж явав. Тосон зам гэдэг нь засмал зам л даа. Зүүн гар талд сүүхийн үргэлжлэх өндөр уул нурууд бүүдгэр тэнгэрт уусан нэг бүдгэрч хоёрноо тодорч үүлэн хээ шиг хэв дардаслан давхарлах нь алдарт Алашаа уулсын их нурууны ар тал ажээ.
Би аяллын цагаан автобусны цэнхэр хөшгийг яран уул тийш хараачлан явав. Ямар нэгэн үнэг хярс ч юм уу, ер нь амьд ан амьтан харахыг яагаад ч юм хүснэ. Тэр хөглөгөр их уул нуруунд юм юм баймаар санагдана. Хотоос гаруут замын хоёр тал юу ч үгүй эзгүйрэн цэлийгээд явчих шиг бодогдсоноос тэгсэн ч байж мэднэ. Үнэндээ тийм биш бөгөөд өндөр хүчдэлийн шугам бурантагтай тэмээ шиг хөглөгдөн цуварч, тариалангийн талбай зурвас зэрвэс үзэгдэнэ.
Хэсэгхэн яваад энэ байдал өөрчлөгдөж хуурай сайр, армаг тармаг бут сөөг бүхий хээр талын тэгшивтэр газар болон хувирав. Тосон замаас шар зам буюу шороон зам үе үе салаалан могой мэт атиралдан одно. Зам хамгаалсан суваг, далан нь их холуур юм. Тэртээ холоос дэллэн зассан аварга том далан мэт үзэгдэх уулын наагуур хөндөлдөн хөглөрч байсан зүйлс байгалиас заяасан нурууд ажээ. Нэг мэдсэн түүн тийш, уул руу даялан дөхөж явна. Унааны бололтой хар, бор хоёр тэмээ идэшлэн зогсох нь очих газар ойртсоных байх. Ер нь газар орны байц нь аргагүй л тэмээний нутаг харагдана.
Саарал мананцар дунд сүүмийн сүглийж байсан уулс ойртох тусам усан будгийн пансан хөшиг таталдах мэт ямх ямхаар тодорно. Автобусанд тайлбар хийж явсан хөтчийн хэлсэн Шажныг бадруулагч сүм дөхөж байгаа бололтой. Жирийн ч нэг сүм дугана бус VI Далай ламын лагшин оршсон ариун дагшин газарт бид очиж явна. Би дотроо ихэд сандарч явлаа. Ийм гайхамшигт газар ирэхийг мэдсэн бол ядаж өргөлийн хадаг, ерөөлийн шүлэг, зулын тостой ирэхгүй юу.
Алашаа уулын баруун хормой, Баян хотын өмнөдөд орших Шажныг бадруулагч хийдийг байршлаар нь ч юм уу Баруун хийд хэмээн нэрлэнэ. Их уулын хормой өгсөн нүцгэн бор толгодын дунд оруут тэртээ дээр Зүүнхараагийн Жавхлант толгой шиг цохиот том хад урдаас тосон гүйх шиг сүглэлзэнэ. Хөрөөний ир шиг огцом хад цохио уул нурууг тэнгэрээс дүүжлэх мэт чимнэ. Шовх өндөр уулсын орой чанх дээрээс өнгийх мэт нэн сүрлэг. Зам дагуух шар хүрэн элгэн хаданд маань мэгзэм, төвд үсэг, өнгөт болон сийлмэл бурхадын хөрөг үзэгдэнэ. Ер нь Алаша аймаг ӨМӨЗО-ны хэмжээнд хамгийн олон эртний чулуун сийлбэрт дурсгалаараа алдартай билээ.
Төдөлгүй уулын мухрын сэргэлэн сайхан дэнжид шашны сүм хийдийн цомхон цогцолбор цэлсхийн гарч ирэв. Бид найман цагаан суваргыг ташралдуулан зайтайхан энгэрлэн зогслоо. Төвд, монгол хийцийн цагаан эмжээрт зандан хүрэн зост сүм дугана байгальтайгаа зохицсон гэж жигтэйхэн. Эргэн тойронд нөмөрлөх элэг дулаан уулс бүүвэйн аянд үнэгчлэх мэт нэг л найрсалтай.
Би газар нутгийн тогтоц, сүм хийдийн байршил тэргүүтнийг гойд сонирхон ажиглаж явлаа. Сүмийн энэ газрын угийн нэр нь Баянгол юм. Зүүн урд сүүхийх хамгийн өндөр Баянсүмбэр уулын оройд овоо босгосон харагдана. Очиход эгц бэрх замтай гэнэ. Бидний ирсэн замын ард судар шиг хуудаст хэвтээ нимгэн хадыг хавтаслан баринтагласан мэт уулын тэгш өндөрлөг мөнөөх найман цагаан суваргын цаана налайх нь номын зохилдлого мэт. Түүний өмнө талд алсрах тэртээх уулын энгэрт цагаан чулуун төвд үсгийн бичмэл үзэгдэх зэрэг нь эргэн тойрон ном уншлагын орчин мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Тэртээ ард хангарьдын суудал мэт Таравчавын чулуун агуй мөөмөн товч ивлэх мэт цахиртан харагдана.
Уулсын байц байдал нь тун сонин. Шар сүмийн өмнө хүрэн хүрдэн сууринд хүндэтгэн залсан ган хийцэт лянхуа цэцгийн цоморлиг нь эргэн тойрны уулсын хэлбэрийг хураан дэлбээлэн ижилсэх мэт. Эрдэнийн найман танхилын нэгэн лянхуа цэцгийн өлзийт найман хэлтэс дэлбээс мэт найман адислалт оргилт уулсын дунд Шажин бадруулагч Баруун хийд санах, сэрэх, бясалгах, гэгээрэхүйн хот мандлыг цогцлоон байх шиг санагдахуй хүндэтгэл бишрэл зэрэгцэн байв.
Шажин бадруулагч сүмийн хамгийн том төдийгүй хамгийн эрхэм нандин шүтээн нь Шар сүм буюу Шар асарт сүм юм. Монгол, төвд, хятад сүмийн барилгын аль алины ур хийцийг хослуулсан энэ сүм 870 тэгш дөрвөлжин метр талбай эзлэх бөгөөд хориод метр өндөр дөрвөн давхар бүхий 81 тасалгаат барилга байгууламж юм. Дуганын дотор 36 багана байх бөгөөд түүнийг ороосон хивс нь бурхдын хөрөгтэй аж.
Бид хамгийн түрүүнд Шар сүмд оров. Есөн эрдэнээр чимэглэсэн гурван метр өндөр суваргад Дээдийн гэгээн VI Далай лам Цанъянжамцын пэлдэн буюу арвидах шарилын чандар оршин буй аж. 1746 оны зун VI Далай лам нирваан дүрийг үзүүлсэн боловч говийн халуунд дээдийн гэгээний бие өчүүхэн ч сэвтэж хувирсангүй гэнэ. Сүсэгтэн шавь нар нь дээдийн гэгээний махан биеийг сайхан эмт усанд оршоож алтан суварганд суулган саатуулаад 250 гаруй жил шүтсэн байна. Харин соёлын хувьсгалын үед тэрхүү суваргыг эвдэж сүйтгэсэн бөгөөд хэдийгээр хэдэн зуун жил болсон ч дээдийн гэгээний шарил бүв бүтэн хэв хэвээрээ байсныг гайхан биширч байсан гэдэг. Тэгээд нэгэн хөгшин лам хэдэн залуу ламыг явуулж ил гарсан дээдийн гэгээний махан биеийн авч нэг жил гаруй ариутган тарнидсаны дараа хайлуулахад цагаан ясан өнгөт пэлдэн гарсныг эдүгээ гол сүмд дахин оршоож суваргалан тахиж байгаа юм байна.
Их эрдэмтэн, төвдөч Л. Хүрэлбаатарын “Амьддаа суух олбоггүй, ажирсан хойноо шүтэгдээгүй газаргүй” гэж тодорхойлсон VI Далай лам Цанъянжамцын ээдрээт амьдралын эцсийн зогсоолд хөл тавин зогсож байгаадаа би итгэж ядан явав. 1683 оны усан гахай жил долоон нар нэгэн зэрэг урган мандах мэт шид дохио үзүүлэн нэгэн хөвүүн заяасан нь их билгүүн шүлэгч, номын мэргэн сартваахи Цанъянжамц байсан гэдэг. Түүнийг арван тавтайд нь Далай ламын дүрд тодруулж “Хамгийг айлдагч Далай лам Агванчойдог-Цанъянжамц” хэмээн нэр цолыг хөхүүлэн хайрлаж нар саран хот мандлын суудалд сэнтий ширээнээ залсан боловч түүнээс есхөн жилийн дараа Төвдийн Лхавзан хааны хатуу зарлигаар Манж эзний алтан босгонд хүргүүлж төрийн цаазаар гэсгээх хүнд ялд унагажээ. Дөнгөж 25 нас сүүдэр зооглоод байсан Цанъянжамцыг Төвдийн Лхавзан хаан Далай ламын ширээнээс буулгаж түүнээс гурван нас дүү, өөрийн хүү Бадгар-зинба-Агван-Ишжамц хэмээгчийг VI Далай ламаар өргөмжилжээ. Цанъянжамцыг Манжийн хаанд хүргэхээр авч явсан донир, сойвон тэргүүт элч нар түүнийг гэнэт лагшин чилж “Хорин таван насандаа Хөх нуураас холгүй Гунгаа нуурын дэргэд таалал төгссөн” гэх цуу үгийг тарааж Манжийн эзэн, Төвдийн хаанд айлтган суллан тавьжээ. Түүнээс хойшх он жилүүдэд Дээдийн гэгээн энгийн ламын дүрээр Хятад, Монгол, Амдо, Үй, Зан, Энэтхэг, Балба зэрэг олон газраар бэдэн тэнэж явсаар арваад жилийн дараа нас сүүдэр гучин дөрөвнөө Алашаад заларч суурьшин 64 насандаа таалал барьжээ. Буддын шажны их багш, Дээдийн гэгээн, яруу найрагч VI Далай лам Цанъянжамцын амьдралын сүүлийн тав гаруй жилийн намтар нууцлаг хийгээд оньсого мэт таамаглал дунд бүдэг бадаг байдгийн учир энэ бүлгээ.
VI Далай лам Цанъянжамцын алдарт “Янагийн дуулал” нь 130 орчим бадаг бүхий гүр дуулал юм. Шашны энэ том зүтгэлтэн иргэний уянгын шүлгийг хайр дурлал, янаг амрагийн сэдвээр хүний сэтгэлийг нэвчтэл тэмтэрч, мэдэрч бичнэ гэдэг тухайн үед эрс шинэчлэл байсан бөгөөд одоо ч түүний нөлөө хүчтэй байсаар байна. Би энэ тухай бодож эргэл мөргөл хийж явахдаа Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав дээдийн гэгээн Цанъянжамцын шүлгийг ямарт иш татан цээжээр урсган уншдагийг дурсан санаж байлаа. Яруу найрагч хүнийн тухайтад дээдийн гэгээний лагшин оршсон энэ газар өлмийдөн гишгэж, басхүү дахин оршсон алтан суварганд мөргөн залбирснаа хувь тохиол хэмээн сүслэн явлаа.
Шар сүмээс гараад Бодь суваргад мөргөв. Шар сүм, Чогчин дуганы баруун хойно буй төвд маягийн хос цагаан суварга бол соёлын хувьсгалын үед эвдрээгүй үлдсэн энэ сүмийн цорын ганц дурсгалт зүйл юм. Энэ бүхнийг үзэж сонирхож явтал улаан орхимжит хэдэн лам ярилцаж суухтай таарав. Нүдний шилтэй идэрхэг залуу лам Хөх хотоос ирж хичээл зааж буй Ёндон багштан байв. Түүний дэргэдэх ахимаг насны хар хүрэн нүдний шилтэй ламыг Лусанпэрэнли гэнэ. Шажиныг бадруулагч хийдийн гэвхэг бөгөөд зийрэмбэ мяндаг цолтон, Алашаад төрж өссөн хүн байв. Энэ хүнтэй хуучлан ярилцав. Залуу лам нар цөөнгүй байдаг гэнэ. Шашны сургууль төгссөнөөс шилж сонгон Гомбон лавринд явуулж тав гурван жилээр сургаад тус хийддээ эргүүлэн татан авдаг юм байна. Тэрбээр Шажиныг бадруулагч Баруун хийд, VI Далай ламын талаар гайхалтай сайхныг хүүрнэж байна. Тэр бас тэртээ хойно харагдах Тавгийн уулын энгэр оройд байх мөнөөх цагаан магнайт Таравчавын агуйг зааж түүний домгийг ярьж өгөв. VI Далай ламыг Лхасаас явахад нь Лхам охин тэнгэр биеэр бараалхаж “Зүүн зүгт “А” үсгээр эхэлсэн нэртэй газарт Таравчав хэмээх ариун ордон буй. Та тэнд очиж шажин номыг бадруулан амьтан түмэнд туслаарай” гээд чулуу шидэж зам зааж өгч гэнэ. Дээдийн гэгээн тэр заасан зүг явсаар Тэнгэр элсийн явганаар гаталж Алашаад ирсэн гэх бөгөөд Таравчавын агуйн зүүн хойхно буй халил хаданд бярууны чинээ чулуу наалдан тогтсоныг үзээд Лхам тэнгэрийн чулуу хэмээн таньж “Энд шажин дэлгэрэх газар лавтай мөн” хэмээн Алашаад суурьшсан гэнэ. Лхам охин тэнгэрийн заасан зүгт шажин дэлгэрсэн хэмээн домоглон ярьдаг нь ийм учиртай аж.
Бид Шар сүмийн алтан хүрдийг эргүүлж, өмнөх өргөн шатанд тархан сууж гэрэл зураг татуулаад автобусандаа сууж Баян хотын зүг эргэн явав. Дээдийн гэгээнд мөргөл эргэл хийсэн энэ гэгээн зам урд насны учрал мэт танил санагдаад явчихав. Миний нагац Цагаан морьт Шарав ламах үүгээр явсан байх гэж бодогдоно. Ш. Чоймаа багшийн аав шүү дээ. Түүнийг Лусанпэрэнли зийрэмбээс асуугаад авсан сан. Өвөр монголын сүм хийдийн түүхэнд Шажныг бадруулагч Баруун хийд нь өнө удаан жилийн түүх, өтөл насаа өнгөрөөж оршсон VI Далай ламын чандрын суварга, нууц дандарын далдын увидсаараа нэн алдартай. Тарни дандарт шүтэн бясалгана гэдэг нь даруй өөрийн биетэйгээ барилдлагатай бурхныг сонгон сэтгэлдээ агуулж бие, хэл, сэтгэл лүгээ нийлүүлэн оршоохыг хэлдэг аж.
Автобус маань буцахдаа ирснээсээ хурдан давхих шиг санагдана. Наран хэдийнэ их үд хэвийж, тэнгэр бүртийх ч үүл үгүй цэлэмжээ. Сэтгэл бас тэнгэр шиг уужирна. Хөтчийн яриа чихэнд хоногшжээ. VI Далай лам явганаар Тэнгэр элсийг туулж Завсар усан гэдэг газар нэг айлд очиход нялх хүүхэд уйлж байж. Уйлах дууг нь сонсоод Лхавзан хаанд алагдсан Дибагийн дуутай адилхан гэж тэр хүүхдийг өвөр дээрээ авахад уйлахаа больсон гэнэ. Далай багш түүнийг ер бусын хүүхэд байна гээд өөрийнхөө шавь болгож Агвандорж гэж нэр өгчээ. Хожим Агвандорж багшийнхаа биелүүлж амжаагүй хүслийг гүйцээж, гэрээсийг биелүүлж 1756 оны үесэд Алашаа уулын хөл доорх Баянголын Уханшиг хэмээх энэ газар сүм хийд байгуулж VI Далай ламын шидийг барин тахисан бөгөөд 1760 онд Тэнгэр төвчийн хаан Шажныг бадруулагч сүм гэсэн нэр өгч өөрийн гараар монгол, төвд, манж, хятад дөрвөн үндэстний бичгээр бичиж хишиг болгон өргөжээ.
Өвөр Монголын хамгийн том засаг захиргааны нэгж болох Алаша аймгийн ихэнх нутаг нь говь, цөл боловч Алашаа уулс хамгийн өдөрлөг нь бөгөөд далайн түвшнээс 3553 метр өндөр оргилтой гэнэ. Тэнд агар зандан, нарс майлаас, улиас харгай ургах бөгөөд онгон байгаль нь бурхан бумбын шажинтай хослон ид шидээр амилдаг гэж нутгийн ардууд гүнээ итгэдэг юм байна.
Тал дунд сүндэрлэх Баян хотод ирээд шууд л чулуун соёлын музейд очив. Дугуй оройт гурамсан сүм хэлбэрийн тохилог байшин байх бөгөөд түүнд элдэв төрлийн дүрст чулуу, эрдэнийн чулууны дээжийг үзэсгэлэн болгон дэлгэжээ. Чулуу гэдэг өөрөө амьтай ажээ. Амьд амьтны тархи бараг амьсгалж ч байх шиг, азарган тахиа донгодож, азарга буур ноцолдож ч байх шиг, элдэв өнгийн түрс далайн амьтан болон хувилж ч байх шиг, жимс жимсгэнэ болж таваг дүүргэж байх шиг. Энэ бүхэн чулуу байлаа. Өвөрлөгчид, өмнөдийнхөн юмханаар юм хийх юм. Чулуугаар хүртэл нүсэр том үзэсгэлэн яармаг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг ажлын байртай болгож, газар газрын чулуу сонирхогчдыг цуглуулж чадаж байна гээч. Музейн гадаа чулууны худалдаа ёстой нэг шажигнаж байна. Шинжаан, уйгар, казак, оросоос хүмүүс ирж. Бид нар чулууны наймааг сонирхож, бас бус зүйл авав. Дундговь аймгийн төвийн ард чулуу түүгч ухаач нарын бүтээл энд хөглөрч байна. Түүнийг хаанахын чулуу вэ гэж асуусан чинь Алашаагийнх гэж байна. Би Өмнөговь, Дундговийн чулууг зааж “манайх байна аа” гэхэд нэг залуу толгойгоо маажин ичингүйрч байна билээ.
Түүний дараа тэмээн соёлтой танилцав. Би бол Шаргын говь, Төгрөгийн талын хос зогдорт тэмээчний үр сад. Гэтэл энд тэмээн соёлтой танилцаж, тэмээний элсэн зургийн бэлэг авч, бүтээгдэхүүнийг нь сонирхоод явж байх юм. Уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Алашаа аймаг нь Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг тул байгалийн хувьд үнэхээр адилхан юм.
Алашаад зочдын буудал дахь өрөөндөө ирлээ. Бага Гүмбэн гэж алдаршсан Алашаагийн Шажин бадруулагч Баруун сүмийн тухай бодол сэтгэлд эргэлдэнэ. Монголын Алтан хааны өргөмжилсөн Далай лам гэх монгол үг, алдар цол шажны түүхэнд брэнд болтлоо тархжээ.
IV Далай лам Ёндонжамц бол монгол хүн бөгөөд Алтан хааны ач, Сүмэр дайчин хун тайжийн хүү юм. Харин III Далай лам Содномжамц, V Далай лам Агваанлувсанжамц, VII Далай лам Галсанжамц, XIII Далай лам Түвдэнжамц, XIV Далай лам Данзанжамцын нэгэн адил Монголын түүхтэй хамгийн их холбогддог Далай лам нарын нэг нь яахын аргаггүй VI Далай лам Цанъянжамц юм. Далай лам Цанъянжамцын туулсан амьдрал шүлэг дуулалд нь нэвт шингэсэн буй. Далай лам ийм их зовлон шаналал дунд туучин өнгөрч байхад эгэл бидний зовлон гээд буй зүйл ердөө жаргалын дээд ажээ. Хамгийг айлдагч Далай лам Агванчойдог-Цанъянжамц өдөржин надад хамгийг айлдаж байх шиг бодогдоно. Алашаагийн нэгэн гэгээн өдөр ийнхүү дээдийн гэгээнтэй айлсан байв даа.
Өрөөний утас дуугарч Тугалхүүгийн Баасансүрэн “За гарах уу” гэж байна. Зочид буудлын хоёр давхарт оройн хүлээн авалт болох тул нэг багшийн хоёр шавь өрөө өрөөнөөсөө зэрэг шахам гарч цахилгаан шат руу алхав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин