Монгол Улсын байнга төвийг сахих асуудал улс төрийн хүчнүүдийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдэн, хуулийнх нь төсөл УИХ-д өргөн баригдаад байна. Үүнтэй холбогдуулан хувийн саналаа нэмэрлэе. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Төвийг байнга сахихын сайн тал нь бус, саар тал нь илүү ажиглагдаж, хожмоо их урхагт хүргэж мэдэхээр байна.
Монгол Улс бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн, дэлхийн хувь заяаг атгаж буй, таван том гүрнээс Орос, Хятад гэсэн хоёр аварга хөршийн дунд, тэдний ашиг сонирхлын хүрээ хязгаар дотор нь оршиж байгаа. Дэлхийд манайхаас өөр ийм газар зүйн байрлалтай орон бараг үгүй.
[caption id="attachment_23286" align="alignnone" width="750"]
Хоёр болон гурав дахь хөршийн эрх ашгийн огтлолцол дунд Монголын тоглолт, торгон мэдрэмж хэр уран цэц байхаас бидний ирээдүй, хувь заяа хамаарч байгааг өгүүлсэн түүний “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном нь Германд саяхан хэвлэгдсэн. “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, дэлхийн том сүлжээ Amazon-оор сайн борлогдож байгаа юм. Холбоос нь: http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren Номын монгол, орос хувилбар Интерном, УИД-ээр худалдаалж байна.[/caption]
Монголын эрх ашгийг хамгаалж, энэ хоёр их гүрэнтэй зөрөх ямар ч улс орон байхгүй. Бид хаана оршиж, хэнтэй харилцаж байгаагаа нягт тооцоолж байж оршин тогтноно. Өнгөрсөн хугацаанд хоёр хөршийн геополитик нэг бус удаа мөргөлдөж ч байсан, хамсан муриж, хуйвалдаж ч байсан. Эндээс нь монголчууд хожихоосоо алдаж байсан нь илүү. Нүүгээд явчихгүйгээс хойш энэ хоёр улсын ашиг сонирхлыг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч хүндэтгэн, тэдэнтэй эв найртай байж, оршин тогтноно. Энэ бол биднээс үл хамаарах бодит үнэн.
Монгол Улс байнга төвийг сахих хууль гаргаж байгаа нь хэн рүү хандаж, яагаад ингэх болов гэдэгт хоёр хөрш л анхаарч байхаас, бусад оронд бол бараг падлийгүй байх шиг байна.
Яагаад гэвэл хоёр их хөрштэй өрсөлддөг АНУ-ын саяхан ирсэн Элчин сайд Женифер Галт “Төвийг сахих бодлого нь Монгол Улсын гадаад бодлогод эерэг нөлөө авчирна гэдэгт итгэн”, нааштай хандаж байгаагаа Батлан хамгаалахын сайдтай уулзалт хийхдээ нотолжээ. Өрнө, Дорнын харилцаа хурцдаж, “хүйтэн дайны“ өнгө аяс үе үе тодрох болсон өнөө үед хоёр, гурав дахь хөршүүддээ учир начрыг нь сайтар тайлж өгөхгүй бол хар буруугаар бодоход хүргэж мэдэх алхам болох ч юм билүү. Хэн мэдлээ.
Монгол Улстай 1993 онд ОХУ-аас, 1994 онд БНХАУ-аас тус тус байгуулсан “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хоёр хөрш бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа ба харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байна.Найрсаг сайхан харилцааг хоёр хөрш маань ийнхүү бидэнтэй эрхэмлэж байхад нь буруу ойлголт өгөхүйц аливаа алхамаас зайлсхийж баймаар. Тэр тусмаа энэ хоёроос хараат байсан 300 шахам жилийн дараа Монгол өсөн өндийж, эдийн засгийн хувьд бие даах торгон боломж ойртож байгаа энэ алтан цаг үед.
Цаг уурын эрс тэс уур амьсгалтай, байгаль дэлхийгээ аргадан байж амь зууж ирсэн, хүн, малыг үй олноор нь хамрах аюулт өвчин тахал, түймэр, зуд мэт байгалийн гамшиг, форс мажор-давагдашгүй хүчин зүйлийн өөдөөс бие дааж зогсох чадваргүй, алс холын гурав дахь хөршөөс өмнө Орос, Хятадын царай хардаг улс өнөөдөр хэвээр байна, бид. АСЕМ-ын хурал хийхэд хүртэл хоёр хөршөөсөө тус дэм харж байна. Идэж уух, өмсөх зүүхээс эхлээд түлш шатахуун, цахим ертөнц, цахилгаан эрчим хүч, зам тээвэр, гээд бүх зүйлээрээ хоёр талаасаа бүрэн хамааралтай байгаа, хойшид хэдий хэр хугацаанд ийм байх нь тодорхойгүй.
Гурав дахь хөршийн бодлого нэн чухал. Гэхдээ, энэ бодлогыг явуулсан сүүлийн 25 жилд гуравдагч хөршүүдээс маань Монголд ямар дорвитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийв гэхээр Оюутолгой болон японуудын хийсэн хэд хэдэн бүтээн байгуулалтыг эс тооцвол барьцтай юм санаанд буухгүй. Шулуухан хэлбэл, Европын холбоо, Герман, Япон, АНУ-д жил бүр шахам дээд хэмжээнд очоод, очоод Монголд далайцтай том хөрөнгө оруулалт Рио Тинтогоос өөр байхгүй. Мэдээж, статистик мэдээллээр Монгол Улсад 1991-2012 онд 14.2 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт оржээ. 2008-2012 онд 8.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орсны 7.1 тэрбум нь Оюутолгойнх. Үлдсэн нь урд хөршийнх. Дэлхийн бодлогыг тодорхойлогч нөлөө бүхий орнуудын том хөрөнгө оруулалт “байнгын төв-голч улсыг” тунхаглаад ч олигтой орж ирэх төлөв алга. АСЕМ-ийн хурал хийгээд ч “Ази дахь ардчлалын алтан хараацай“ гэж хааяа нэг алсаас урам хайрлаж хошгируулдаг улс төрийн дэмжлэг л цаашид үргэлжлэх янзтай. Чухамдаа, хоёр том хөршийн Монгол дахь аясыг гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчид, улстөрчид харж байж алхам хийдэг нь нь нууц биш зүйл билээ.
Гурван сая хүн амаа дэлхийн доогуураас дээш амьжиргаатай болгочихоод, хүний царай харахааргүй, өөртөө тохирсон под хийсэн эдийн засагтай улс болчихсон бол бүр өөр хэрэг. Монгол маань баян тарган Швейцарь , нефтиэр баян Туркмен шиг болчихоогүй байна. Эдийн засгийн чадавхи маань Эрээн, Улаан-Үдээс хэтрэхгүй байгаа. Дээрээс нь манай гол амьжиргаа болсон эрдэс түүхий эдийн үнэ дэлхий даяар үргэлжлэн унаж, эдийн засаг, гадаад өр зээл улам ярвигтай болж байна.
Манайх байнгын төвийг сахих лут статустай байлаа ч дэлхийн бодлого тодорхойлогч их гүрнүүд “наанаа нанчилдаж байгаа” дүр эсгэвч, цаагуураа ашиг сонирхлын бүсээ харилцан хуваачихсан, энэ бүсдээ цэрэг, улс төр, геополитикийн хувьд хэн нь ямар хэмжээгээр давамгайлахаа толгой дохилцон зохицчихсон байдаг ба нөлөөний орон зайд нь буй зэргэлдээх орнууд ч энэ хязгаар дотор нь “бүжиг эргэдэг” олон улсын дэг журам үйлчилсэн хэвээр байгаа нь нууц биш.
Том геополитиктай их гүрнүүд нөлөөний бүс дэх суудлаа олохгүй, бужигнах хийрхэлтэй тогтворгүй жижиг орныг ханцуй дотроо тохиролцож золигт гаргахаас буцахгүй явж ирсэн. Сири, Украин гэх мэт улсын хууль ёсны эрх баригчдаас нь асуулгүйгээр хувь заяаг нь их гүрнүүд тохиролцож байна. Урьд нь Гүрж, Югослав иймэрхүү бодлогын золиос болж байсан.
Харин их гүрнүүдийн эрх ашиг дээр нь тоглож, “эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” дунд нь маневрлаж чаддаг нь торгон мэдрэмжтэй орнууд жигүүртэй мэт урагшлан хөгжиж байх юм. Маниас 70 жилийн хожуу туурга тусгаар болсон Казахстан байна. Хятадын санаачилсан ШХАБ-ын, ОХУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл-ОДКБ Аюулгүй байдлыг хамтаар хангах гэрээний орнууд болон Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын идэвхтэй гишүүн атлаа АНУ, Япон, ЕХ-оос санхүү -эдийн засгийн болон цэрэг улс төрийн дэмжлэг авч, олон зуун тэрбумын хөрөнгө оруулалтыг нь татаж, хөгжих гэгчийг үзүүлж өгч байна. Нэг хүнд оногдох ДНБ нь 12 мянган ам.доллараас давж дэлхийн хөгжилтэй 40 орны нэг болох зорилтдоо энэ улс дөхөж явна. АНУ-ын цэргийн баазыг өөртөө байлгаж ирсэн хөрш Төв Азийнхан их овсгоотой ажиллаж олон зуу дахин их тусламж, зээл, хөрөнгө оруулалтыг хоёр болон гурав дахь хөршүүдээс маань зэрэг зэрэг салгаж авсаар байх юм. Европ руу зорих Хятадын их “торгон замын” үндсэн шугам болон хийн хоолой манайхыг даялан түүгээр явж, манай “Талын зам” төсөл цаасан дээр, Улаанбаатар хавьцаа хувь заяа нь их бүрхэг байна.
Сүүлийн дөрвөн жилд дотооддоо улс төрөөр хэт хөөцөлдөн популизм хийсний гор гарч хөрөнгө оруулагчид нүүр буруулсан. Одоо гадаад талдаа улс төрөөр буруу тоглон, гоомой алхам хийх аваас бүр их уршиг авчирна.
Хоёр, гурав дахь хөршүүдэд төвийг сахих асуудал маань буруугаар ойлгогдож, төөрөгдүүлбэл,”Талын зам” төсөл талдаа үлдэнэ. Манай улс хоёр хөршөөрөө дэмжүүлсээр атлаа, 20 жил босгыг элээгээд буй АПЕК, санасанаар болдог бол орчихмоор байдаг Зүүн хойд Азийн гурван томын механизм, АСЕАН.... зэрэг бүс нутгийн олон байгууллагад элсэх чармайлт маань бүр талаар болох гэхчлэн ихээхэн сөрөг үр дагаварууд зөвхөн гадаад талбарт гарч болохыг үгүйсгэхгүй.
Умард Атлантын цэргийн эвсэл, Европын холбоо дорно зүг рүү оросуудын таамаглаж байснаас илүү эрчтэй түрэн орж ирсэн, АНУ-ын зүгээс үзүүлж буй даралт өссөн явдал зэрэг нь ОХУ-ын хувьд БНХАУ-ыг илүү чухалчлах боллоо. Нөгөө талаар Япон, Зүүн өмнөд Азийн орнуудтай маргаантай арлуудын асуудлаар сөргөлдөхдөө Бээжин Москваг тохой татах аяс гаргаж байна. Эдгээр хүчин зүйл хоёр хөршийг өөр хоорондоо сүүлийн үед илүү ойртоход түлхэж байна. Үүнтэй уялдан хоёр улсын дунд орших Монгол Улсын ач холбогдол төдий чинээ өсч байна. Бид “жийргэвч”-ийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр гүрнийг хооронд холбох зарчмаар хамтран ажиллах өргөн бололцоо нээгдэж байна. ОХУ, Монгол, БНХАУ бол бие биеэсээ хамааралтай мөнхийн хөршүүд. Тиймээс байдал ийнхүү эргэж байгаа өнөөдрийнх шиг онцгой нөхцөлд хоёр хөрштэйгөө “нүүдлээ зөв хийж” илүү үр өгөөжтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжихөөс өөр арга зам одоогоор алга.
Хоёр том гүрний дунд хавчуулагдан оршиж байгаагаа сөрөг өнцөгөөс нь бус, хажууд буй дэлхийн хамгийн том хоёр зах зээл дээр хамгийн бага өртөгтэйгөөр, шууд хүрч байгаа давуу талаас нь харж,энд “хар”, цагаан хайрцагны бодлого боловсруулах л юун түрүүнд хэрэгтэй байна. Холын ажлыг ойроос эхэлдгийн жишгээр хөршүүдтэйгээ учраа сайн ололцож, тэдний хүчин зүйлүүдийг оновчтой зөв ашиглан урагшлая. Хожмын өдөр тэнгис далайн чандад хүрэх гүүрээ сайн бэлдэе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин