Б.ЗАЯА

Зам засварын ажлын талаар Нийслэлийн авто замын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Засварын ажил үргэлжилж байгаа замуудыг нэрлээч?

-Хойд зуслан чиглэлийн зам засварын ажил эхэлсэн. Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.  Мөн Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 35 хувьтай байна. Замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс 64 нь үлдсэн.

-Ойрын хугацаанд нээх замуудыг тодруулаач. Сэлбийн гүүрний шинэчлэлтийн явц ямар байна?

-Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай. Есөн тулгуурын долоог цутгаж дууссан. Гэрээ ёсоор “Мотор сервис” компани ирэх сарын 10-ны өглөө зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх ёстой. Доржийн гудамжны баруун хэсэг буюу Сансарын аюулгүйн тойргийг хааж хучилт хийгээд, өнөөдөр нээнэ.  Мөн Жуковын музейн уулзвараас Баянзүрх дүүргийн Тамгын газрын уулзвар хүртэлх 950 м замын урд урсгалыг хааж, хучилтын ажил гүйцэтгэж байна. Энэ замыг маргааш өглөө нээхээр төлөвлөсөн. Түүнчлэн зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг ирэх сарын 9 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм.

-Дахин ямар замуудыг хаах вэ?

-Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг ирэх сарын 5 хүртэл хааж хучилтын ажил хийнэ. Улсын баяраас өмнө хэд хэдэн замд засвар, шинэчлэлтийн ажил өрнөх учраас замын түгжрэл ихсэхийг анхааруулъя. Харин баярын өдрүүдээр замуудыг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.