Булган хотын бүтээн байгуулалтын ажлын нэг соёл амралтын хүрээлэнг барих ажил. Уг хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Э.Ууганбаяртай ярилцав.
-Энэ ажил уг нь нэлээд хэдэн жилийн өмнө эхэлсэн бил үү?
-Тийм. Төрийн бус байгууллагын санаачилгаар зураг гарган хашаа барьж мод бут тарих зэрэг ажлыг 2010 онд эхэлсэн. Хөрөнгө санхүүгийн болоод бусад шалтгааны улмаас саатаад байлаа. Хөдөлмөрчид хүүхэд, залуучуудын хүсэн хүлээж байсан энэ ажлыг аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа “Шинэ Булган” хөтөлбөрт тусгасан. Түүнээс хойш ажил урагшилсан даа.
-Нэлээд том талбайг эзлэх хүрээлэн босно гэсэн биз?
-Нийт 9.5 га газарт гурван үе шатаар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Энэхүү соёл амралтын хүрээлэнг хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмадууд өглөөний дасгал хийх, иргэд олон нийт эрүүл таатай нөхцөлд идэвхтэй хөдөлгөөнөөр тав тухтай зугаацахад зориулсан орчныг бүрдүүлэх, мөн хүүхэд, өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, улмаар аймагт зочлох жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байна.
Өнгөрсөн онд цахилгаан болон дулааны шугам сүлжээний ажлыг дуусгасан. Хуучин хашааг сольж нийт 1970 гаруй метр урт төмөр хашааг барилаа.
-Энэ жил их ажил өрнөх шиг боллоо?
-Одоогоор тоглоомын төвийн болон интернэт кафен барилгыг бариулаад ашиглалтад хүлээн авах гэж байгаа. Хөдөлгөөнт таван тоглоомоос нэгийг нь өнгөрсөн онд ашиглалтад хүлээн авсан бол энэ жил галзуу хулгана, гинжит эргүүлэг, дөрвөн тулгуурт савлуур буюу далайн дээрэмчин, алсыг харагч зэрэг тоглоомын тоног төхөөрөмжийг байршуулсан.
Хиймэл нуурын цогцолбор бүтээн байгуулалтуудыг бүрэн дуусгасан. Нийт 2.4 тэрбум төгрөгийн ажил хийлээ. Зарим ажил хөрөнгө санхүүгийн улмаас бага зэрэг удаашраад байгаа.
-Хиймэл нуурын усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ?
-Одоогоор гүний худгаас цахилгаанаар ус татах замаар нуур бий болгоно. Ер нь Ачуут голын урсацаас салаалуулан ашиглахаар зураг төслийг гаргуулаад байгаа. Ингэснээр цахилгаан зарцуулалгүйгээр хиймэл нуурын усны асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ ногоон байгууламжийн усалгааг хангалттай болгоно.
-Ногоон байгууламжийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Орчин цагийн ногоон байгууламжийн стандартад нийцүүлж соёл амралтын хүрээлэнгийн хашааг дагуулан захаар нь өндөрлөг мод, мөн бусад хэсгүүдэд цэцэгт болон гоёл чимэглэлийн, мөн жимс, жимсгэнийн мод тарихаар шийдвэрлэсэн. Ногоон байгууламжийн ажлыг албан байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгө, хүчээр хийж байна.
-Хоёр дахь шатны ажлыг залгуулаад хийхээр бэлтгэж байна уу?
-Тийм ээ, энэ оны сүүлээр амжихгүй бол ирэх хавраас хийж эхэлнэ.
Тоглоомууд болон барилга байгууламжуудыг холбосон найман метрийн өргөн, нийт 400 метр урт зам тавина. Мөн хоёр усан оргилуур байгуулна. Энэ шатны ажлыг 2016-2018 онд гүйцэтгэнэ. Зураг төслийг нь хийлгэж ирэх оны хөрөнгө оруулалтад тусгуулахаар бэлтгэж байна. Цаашид хүрээлэнгээ бунхант толгойн цогцолбортой холбохоор нуман гүүр, гадаадын жуулчдад үйлчлэх бэлэг дурсгалын зүйлийн дэлгүүр барих зэрэг гурав дахь шатны ажлыг 2018-2020 онд хийнэ.
-Эдгээр ажлыг ямар байгууллагууд гүйцэтгэв?
-Нээлттэйгээр зарласан тендерт шалгарсан “Баатар шүтээн”, “СБМ” компани барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж, “Сизов” канстракшн тоглоомуудыг гэрээний дагуу суурилууллаа. Ноднин морин тойруулгыг “Дэлхийн зөн”-д хүсэлт тавьсны дагуу 70 сая төгрөгөөр нийлүүлсэн.
-Танай захиргаа хэдэн хүнтэй үйл ажиллагаа эрхэлж байна?
-Уг нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлсэн. Хөдөлгөөнт тоглоомуудыг мэргэжлийн хүн ажиллуулах шаардлагатай тул үндэсний соёл амралтын хүрээлэнд санал тавьж таван операторчинтой болж техникийн аюулгүй ажиллах боломж бүрдүүлээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин