Б.ТУУЛ
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43800 хүүхэд бүртгүүлжээ. БШУЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төв элсэгчдийг улсын хэмжээнд 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авах бэлтгэл ажлаа хангаад байна. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой зарим асуултын хариуг Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас авлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалт хэдэн минут үргэлжлэх вэ. Зарим хүүхэд 80-100 гээд маргаад байх юм?
-Математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут. Монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Шалгалтыг энэ сарын 14-16-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна. Тиймээс элсэгчид шалгалтаас хоцрохгүй байх, хувийн зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй. Шалгалтын цагийн хуваарийг дараах хүснэгтээс хараарай.
-Шалгуулагчид шалгалтад ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Иргэний үнэмлэх аваагүй хүүхдүүд яах вэ?
-Шалгалт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Тиймээс үлдсэн хугацаанд шалгалтад хамрагдахад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн байх ёстой. Тодруулбал, бүртгэлийн хуудас, шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хувь/, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлнэ. Харин иргэний үнэмлэх авах нас нь болоогүй бол суралцаж буй сургууль болон харьяа хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолт авсан байна. Түүнчлэн бүртгэлийн хуудас нь тамга дарж, гарын үсэг зурж баталгаажсан байх шаардлагатай.
-Шалгалтын дүн хэзээ гарах вэ. Дүнгээ заавал интернэтээс харах уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 16-нд дууссанаас хойш манай Боловсролын үнэлгээний төв дээр бүх шалгалтын хуудсыг төвлөрүүлэн татдаг. Үүний дараа нэгдсэн журмаар шалгагч машинаар шалгуулагчдын материалыг уншуулдаг. Тэгээд долдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт манай цахим хуудсанд шалгуулагчдын дүн, оноог байршуулсан байх болно. Тиймээс шалгуулагчид манай цахим сайтаас дүнгээ харах болно.
Сурагчдыг сургуульд элсэн ороход ямар нэгэн хүндрэл учруулахгүй тулд энэ жил мессеж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байгаа. Уг үйлчилгээгээр дамжуулан дүнгээ мэдэх бүрэн боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл, шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа утасныхаа дугаарыг ашиглан Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессеж илгээж интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болсон гэсэн үг. Шалгалтын хувиар, шалгалт өгөх анги танхим, суудлын дугаарын мэдээлэл, шалгалтын дүн болон онооны мэдээллийг мессежний үнээр буюу 40 төгрөгөөр авах боломжтой.