Б.ЗАЯА

ШӨХТГ-аас хийсэн судалгаагаар хуванцар савны хэрэглээ хяналтгүй, ахуйн зориулалтаар ашиглах боломжтой савыг Монголд худалдаалдаггүй болох нь тогтоогдоод буй. Хүний эрүүл мэндэд аюул учруулж буй зориулалтын бус хуванцар савны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ШӨХТГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төвшинболороос тодрууллаа.

-Монголд ахуйн хэрэглээнд ашиглах хуванцар сав орж ирдэггүй талаар танай байгууллагаас хийсэн судалгаанд дурдсан байсан. Бас тэмдэг, тэмдэглэгээг мэддэг хэрэглэгч бараг байдаггүй нь судалгаанаас харагдаж байна?

-Судалгааг гэр хорооллын айл өрх, томоохон зах худалдааны төвүүдэд хийсэн. Хүнсний зориулалттай, тав гэсэн дугаарын тэмдэглэгээ болон стандартын шаардлага хангасан савыг зах зээл дээр хангалттай худалдаалдаггүй нь тог­тоогдсон. Ийм тэмдэглэгээтэй сав хилээр тэр бүр орж ирдэггүй. Харин тос, химийн бүтээгдэхүүн хадгалах тэмдэглэгээтэй, эсвэл ямар нэгэн тэмдэггүй, хаана үйлдвэрлэсэн, зориулалт нь тодорхойгүй савыг худалдаалж байна.

-Цаашид энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ. Шалгалтыг үргэлжлүүлнэ гэл үү?

-Судалгаан дээр үндэслэн хөтөлбөр боловсруулж байна. Энэ долоо хоногоос цэвэр усны сав үйлдвэрлэдэг байгууллагуудыг шалгаж эхэлсэн. Ингэснээр хуванцар сав ашиглан үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн тэмдэглээтэй саванд бүтээгдэхүүнээ савлаж зарж борлуулахыг шаардана. Хөтөлбөрийн хүрээнд цаашид ч шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин