Ч.ГАНТУЛГА
Монгол-Японы төвөөс санаачлан “Японы нинжагийн ертөнцөөр хамтдаа” өдөрлөг, сургалтыг өнгөрсөн бямба гаригт зохиолоо. Японы сүүлийн нинжа Жиниши Каваками хүрэлцэн ирж, нинжагийн түүхээс хуваалцаж, үзүүлэх тоглолт хийсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Монголын тухай сэтгэгдлээ хуваалцаач. Та анх удаагаа ирж байгаа юу?
-Анх удаа ирлээ. Онгоцноос буухад их сайхан байсан. Танай улс уудам сайхан нутагтай юм. Цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаартай, ард түмэн нь үргэлж инээмсэглэсэн, найрсаг зочломтгой улс санагдсан.
-Нинжагийн үзүүлэх тоглолт, сургалт хийсэн гэсэн. Манай хүүхэд залуус хэр санагдав?
-Монгол хүний биеийн онцлог гайхалтай юм. Өргөн мөртэй, ханхар цээжтэй. Түүхэнд танай улсыг дайн байлдаанд гарамгай гэж тэмдэглэсэн байдаг нь аргагүй юм. Тулааны урлагийг хурдан сурч байна. Хичээлийг хүлээж авах чадвар сайтай санагдсан шүү.
-Дэлхий дахинд Японы нинжа алдартай. Та түүхээс нь хуваалцаач?
-Нинжа их эртний түүхтэй. Японы түүхэн үеийн эхлэлд улс орон бутарч, олон ханлиг аймгуудад хуваагдаж, хоорондоо зөрчил ихтэй байсан. Энэ үед овог аймгууд өөрсдийгөө хамгаалах болон бусад аймгуудыг тандан мэдэх гэж нинжа нарыг бэлтгэж эхэлсэн гэдэг. Нэг ёсны тагнуулын үүрэгтэй байсан.
-Японд одоо хэр олон нинжа байна вэ?
-Япончууд нинжаг олон талаар ойлгож хүлээж авдаг. Нэг хэсэг нь дэлбэрэлт болоход газар доогуур орчихдог илбэ шидтэй хүмүүс гэж үздэг бол нөгөө хэсэг нь жинхэнэ тагнуул, нууц ажилтан гэх нь бий. Ерөнхийдөө бүрхэг ойлголттой. Япондоо бага судлагдсан. Би өөрийгөө үе дамжсан хамгийн сүүлийн нинжа гэж хэлэх байна.
-Бусад тулааны урлагаас нинжа нарын ялгарах онцлог юу байдаг юм бол?
-Хүмүүс нинжа гэхээр тулааны урлаг гэж ойлгодог. Гэхдээ тулаан гэхээсээ илүү цэргийн урлаг. Дайсны сул талыг мэдэх чадвар юм. Нэг жишээ дурдахад дэлхийн хоёрдугаар дайны үед нинжагийн арга ухаан, тулааны хүчээр ялалтад хүрсэн гэх баримт бий.
-Тэд ойд зүг чигээ хэрхэн олдог байсан бол?
-Эрт дээр үед одоогийнх шиг зүг чиг олох багаж байгаагүй. Ихэвчлэн аягатай ус, лаа, зүүг ашиглан зүг чигээ олдог байсан. Аягатай усанд лааны тосонд үрсэн зүү хийхэд зүг чигийг яг заадаг.
-Нинжа хүн сэтгэлзүйн хувьд хэрхэн бэлтгэгдэх ёстой вэ?
-Нинжа хүн байгалиар зүг чигээ олж, байгальд амьдарч, байгалийн бүтээгдэхүүнийг зэвсэг болгон хэрэглэдэг учир байгалиа хамгийн сайн мэдэрдэг, хурдан шалмаг, зоригтой байх ёстой.
-Нинжагийн хувцас их сонирхолтой санагдаж байна?
-Нинжад тодорхой хувцас гэж байдаггүй. Учир нь цаг үеийн ямар ч үед дайснуудын дотор орж ажилладаг учир тодорхой нэг төрлийн хувцас өмсөж болдоггүй. Тиймээс биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад учруулахгүй, бараан өнгийн хувцсыг сонгодог.