Нийслэлийн шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалагтай ярилцлаа.

-Өмнө нь хуульч мэргэжлээр гурваас доошгүй жил ажил­ласан, 25 нас хүрсэн Монгол Ул­сын иргэн бүр шүүгч бо­лох боломжтой байлаа. Гэ­тэл Шүүг­чийн эрх зүйн байд­лын тухай хуулиар маш олон нэ­­мэлт шалгуур тавьсан  гэж сонс­­сон. Түүний талаар тодруу­лах­гүй юу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид тавьдаг шаардлагыг нэлээд нарийсгалаа. Тухайлбал, шүүгчид мэргэжлийн, ёс зүйн, эрүүл мэндийн болон зан суртахууны шалгуурыг тогтоолоо. Энэ бол Үндсэн хуулийн заалтыг на­рийвчлан дэлгэрүүлсэн хэрэг. Шүүгчид тавих шаардлага өндөр байх олон үндэслэл бий.

Жишээ нь, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, хууль ёс, хүний эрх, шударга ёсны баталгаа бол­дог гээд олон хариуцлагатай чиг үүрэгтэй. Шүүгчийг “ярьдаг хууль”  гэж нэрлэдэг нь түүнд тавьж буй нийгмийн шаардлага юм.

Хамгийн шилдэг хуульч шүүгч болдог, тийм байх ёстой гэ­сэн үнэлэмж дэлхий нийтийн чиг хандлага. Манай улс ч гэсэн тэр зүг рүү явж байгаа нь хуулийн энэ зохицуулалт, шаардлагаар хараг­даж байна. Шүүгчдээ тавьдаг шаард­лагаа өндөрсгөж байгаа нь хү­ний эрх, шударга ёсонд оруулж бай­гаа хөрөнгө оруулалт гэхэд хилс­дэхгүй.

-Энэ нарийвчилсан зохицуу­лал­тыг иргэд, зарим хуульч­дын зүгээс хүний эрх зөрчсөн, Үнд­­сэн хуульд зааснаас илүү шал­­гуур тавьсан гэсэн шүүмж­лэл гардаг?

-Шүүгчид ийм нарийсгасан шал­гуурыг зөвхөн хэн нэгэн албан ту­шаалтан биш, харин хуулиар тог­тоодог болж буй нь давуу тал гэж үзэх ёстой. Тийм учраас түүнийг шүүмж­лэх бус, харин шүүхийн ши­нэтгэлийн нэг амин чухал тал гэж харах нь зөв. Шүүгч бо­лох гэдэг нь хүний үндсэн эрх, эрх чөлөө биш.

Харин шударга шүү­хээр хамгаалуулах нь хүний үнд­­сэн эрх, эрх чөлөө. Хүний  эрх, эрх чөлөөг хамгаалах ёстой шүүх, түүнд ажиллах шүүгчид өн­дөр шаардлага тавьж эхэлж бай­гаа нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал бодлого гэж би хувьдаа харж байна.

-Таны хэлж байгаагаар хуульд заасан энэ өндөр шал­гуур, шаардлагуудыг хангасан шүүгч хүний эрх, эрх чөлөөг хам­гаалж чадна гэж бодож  бай­на уу?

-Тэгэлгүй яах вэ.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заа­сан есөн төрлийн шаардлагыг хан­гасан хэн ч шүүгчийн албан ту­шаалд өрсөлдөх боломжийг нээж өгсөн. Харин энэ хуулиас га­дуур аливаа нэмэлт шалгуур, шаард­лага тавихгүй юм.

Ер нь ямар ч иргэн “25 нас хүрсэн, хуу­лийн сургууль төгссөн хүнээр мар­гаанаа шийдвэрлүүлэх”-ийг, эс­хүл “..... ийм ийм шаардлага хан­гасан хүнээр маргаанаа шийд­вэрлүүлэх”-ийг илүүд үзэх үү гэ­дэг нь ойлгомжтой байх. Дахин хэлэхэд тохиолдлын хүн шүүгч болохгүй, шүүхийн үүд хаалга хатуу, босго нь өндөр болох эхлэл тавигдлаа.

-Мэргэжлийн болон ёс зүйн өндөр шаардлагаас гадна өөр бусад шаардлагууд тухайлбал, ийм ийм зан чанартай байна гэж хуульд заасан байгааг юу гэж үзэх вэ?

-Шүүгчийн ажил нь өөрөө мэргэжлийн  өндөр ур чадвараас гад­на хүнлэг, төлөв төвшин, тө­вийг сахисан, бодь чанарыг шаар­даж байдаг. Жишээлбэл, “бусдын са­налд хүндэтгэлтэй хандана” гэдэг нь гаднах зан байдлаараа хүндэтгэлтэй, эелдэг төдийгүй,  дотоод сэтгэлийн хувьд ч тэр бусдын гаргаж  буй учир шалтгаан, тайлбарт анхааралтай хандах, дүгнэн цэгнэж байхыг шүүгчээс ажил нь шаарддаг.

Аливаа асууд­лыг  дэнсэлж, шүүхийн тулд бүх л талаас нь харж, тунгаан, сэт­гэлийн аливаа хөдлөлөөс ангид байж л аль болох зөв бөгөөд бо­ди­той шийдэлд хүрнэ. Энэ нь өөрөө шүүгчийн  үндсэн ажил уч­раас ийм зан  чанартай байх шал­гуур тавихаас өөр аргагүй юм. 

Шүүгч бол бурхан биш “хүн” уч­раас  түүнд хүнд байдаг  сөрөг, муу чанар, сэтгэл бий болохгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй тул бус­­дын шүүмжлэлийг хүлээн авах, өөрөө өөрийгөө  цэгнэх чад­вартай байхыг мөн  хуулиар шаар­даж байна.

-Шүүгчид тавигдах ёс зүйн шаардлага нь бусад хуульчдад тавигдах ёс зүйн шаардлагаас өөр байх уу?

-Шүүгчийн  ёс зүйн асуудал  бол ганц манай улсын төдийгүй, олон улсын хэмжээний, дэлхий ний­тийн асуудлын нэг. Энэ шүүгч ёс зүйтэй байна уу, үгүй юу гэд­гийг бусад хүмүүс л үнэлнэ. Хуульч­дад тавигдах нийтлэг ёс зүйн шаардлага болох шударга ёсыг эрхэмлэх, хүний эрхийг дээдлэх зэрэг шалгуураас гадна “бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийд­вэр гаргах чадвартай” гэдэг нь шүүн таслах ажлыг хийхэд за­а­вал байхгүй бол болдоггүй зүйл. Бусдын нөлөөнд автахгүй бай­­хын тулд мэдлэг чадвар, турш­­­лага, дээр дурдсан  зан сур­тахууны шинж чанарыг өөр­төө тө­лөвшүүлсэн байх хэ­рэгтэй гэж би бодож байна.

-Та шүүгчид тавигдах ёс зүй, зан байдлын талаар ярилаа. Мэр­гэжлийн хувьд ямар на­рийв­­чилсан шалгуур байна вэ?

-Ямар ч мэргэжлийн ажлыг эрхлэхэд мэргэжлийн шалгуур тавигд­дагийн адил шүүгчид ту­хайн дагнан ажиллах салбарын, жи­шээлбэл эрүүгийн, иргэний, за­хир­гааны зэрэг эрх зүйн аль нэг сал­бараар мэдлэг туршлагатай, мон­гол хэлний бичгийн болон ярианы соёл, компьютер, бичиг хэр­гийн программыг ашиглах чад­вартай байхыг хуульд заасан.

Хэрэг, маргааныг шийдвэрлэхийн тулд уг асуудалтай холбоотой  хууль, түүний мөн чанарыг танин мэдсэн, хуулийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхаас гадна, яагаад ийм шийдвэр гаргаснаа бичгээр болон амаар ойлгуулах чадвартай байж гэмээнэ хараат бус, шударга шүүгч болж чадна. 

-Манай улс шүүхийн анхан, давах, хяналтын гэсэн гурван шатны шүүхийн тогтолцоотой бай­­гаа. Эдгээрт ажиллах шүүг­чийн хувьд тавигдах шалгуур хэр ялгаатай вэ?

-Түрүүн бид хоёрын ярилцаад өнгөрсөн шүүгч хүнд, шүүгч бо­лохоор зорьж байгаа хүнд та­вигдах есөн төрлийн шалгуур, шинж чанар бүх л  шатны шүүгчид ха­мааралтай. Харин анхан шатны шүү­­хийн шийдвэрийг процессийн, хууль хэрэглээний  зэрэг  талаас нь хянан үздэг дээд шатны шүү­хэд ажиллахын тулд  ажлын турш­­­лагын хувьд арай олон жи­лийн шаардлага тавигдсанаас гад­­на, энэхүү туршлага дээрээ үн­­дэс­­лэн судалгаа, дүгнэлт хийж, хууль хэрэглээний болон хуу­лийг сайж­руулах талаар санал дэв­шүү­лэх чадварыг эзэмшсэн бай­хыг шаарддаг.

-Шүүгч бол судлаач биш биз дээ, заавал судалгаа шин­жил­­гээ хийдэг, санал онол дэв­шүүл­дэг байх гэсэн шаард­лага хэр оновчтой юм бол доо?

-Тэр үнэн, заавал судлаач байх шаардлагагүй л дээ. Гэхдээ онол, прак­тикийг хослуулах нь шүүх, хууль  хоёрын уялдаа холбоог улам сайн болгоно гэж үздэг.

Тухайлбал, шүүхээс гаргаж буй шийдвэрээс хүмүүс юуг хийвэл зөвдөх, юуг хийвэл буруудахыг харж байдаг. Шүүгч хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийд­вэр гаргаж чадвал хууль өөрөө бо­дитой хэрэгжих, түүний нөлөөн дор хүмүүсийн хооронд үүссэн  тэгш бус, зүй ёсны бус байдлыг арил­гаж байдаг.

Шүүхээр шийд­вэрлэгдэж буй хэрэг, маргааны шалтгаан нөхцөл, нийгэмд, хү­мүүст үзүүлж буй нөлөөллийг хам­гийн түрүүнд мэдэрч, ойлгох боломжтой хүмүүс бол шүүгч юм. Ийм учраас хууль хэрэглээний болон хуулийг сайжруулах санал дэвшүүлэх чадвартай байх нь шүүгчид байх давуу тал юм.

-Шүүгчид тавигдах шаардла­га, шалгуурын талаар яриад бай­вал дуусахгүй бололтой. Гэвч энэ удаа цаг заваа гарган товч ярилцлага өгсөн танд баяр­лалаа. 
 
-Тийм ээ, энэ сэдэв өөрөө маш өргөн, олон талаас нь харж болох сэдэв л дээ. Энэ талаар өөрийн бодож явдаг зүйлээ илэрхийлэх боломж олгосон танд ч мөн баяр­лалаа.