Х.МОНГОЛХАТАН

Гимнастикийн холбооны зөвлөх багш, Монголын биеийн тамир, спортын ахмадын хорооны нарийн бичиг Д.Хишгээг “Миний багш” буландаа урьж багшийнх нь талаар ярилцлаа. Монголд уран сайхны гимнастикийг үүсгэн байгуулсан тэрээр энэ спортын анхны гавьяат дасгалжуулагч цолыг саяхан хүртсэн юм.
-Саяхан гавьяат цолыг хүртсэн танд баяр хүргэе. Гимнастиктай амьдралаа холбосон үеэ дурсаач?
-Монголд энэ спорт 1955 оноос “Хэрэглэлийн гимнастик” нэртэйгээр хөгжиж эхэлсэн түүхтэй. Харин 1961 онд олон улсын гимнастикийн холбоонд гишүүнээр элссэнээр “Спортын гимнастик” гэдэг олон улсын нэр томъёотой болсон юм.
Миний хувьд 12 настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Гуравдугаар сургуулийн хар шороон дээр нийтийн гимнастикийн хүүхдүүдийг сонгож байхаар нь сонирхож очоод шалгуултал тэнцчихсэн. Дараа жил нь буюу 1960 оны намар тавдугаар ангид байхдаа Спортын ордны гимнастикийн секцэнд орж билээ. Тэр үед Спортын төв ордон руу орж явахдаа өөрөөрөө бахархах сэтгэл төрж, хэмжээлшгүй жаргалтай байсан даа. Түүнээс хойш спортын гимнастикаар хичээллэж, амьдралынхаа 53 жилийг зориулжээ.
-Тамирчин охины спортын замнал Спортын төв ордонтой салшгүй холбоотой байх нь ээ?
-Би энд нэг сонин түүх ярья. Манай гэр одоогийн Спортын төв ордны буйран дээр байсан юм. Энэ газарт Спортын ордон барина гээд манайхыг нүүлгэсэн. Ингээд л би 23 дугаар сургууль руу шилжиж аравдугаар ангиа дүүргэсэн дээ. Долдугаар ангид ороод Улсын шигшээ багт орж, спортын мастер болсон учир аравдугаар ангиа төгсөөд Биеийн тамирын дээд сургуульд шууд орсон.

Тэр үеэс л О.Ягаанцэцэг багштайгаа холбогдсон. Манай ангид хөнгөн атлетик, гар бөмбөг ордог багш байлаа. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтэн ихтэй. Лекц оросоор бичнэ, шалгалтаа ч оросоор өгнө. О.Ягаанцэцэг багш зарчимч, хатуу шаардлагатай учраас бид их айна. Биднийг өөрсдийгөө дайчилж, хариуцлагатай байхад сургасан.
-Анхны тэмцээн, амжилтуудад багшийн тань нөлөө хэр байв?
-Би сургуулиа төгсөөд уран сайхны гимнастикийг үндэслэж, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар 23 жил ажилласан. 1971 оны арваннэгдүгээр сарын 4-нд анхны дасгалжуулагчаар томилогдож байсан хувьтай хүн дээ би. Багш маань хичээл сурлагад хатуу шаардлагатай ч амьдрал ахуйд минь зааж зөвлөдөг дотны минь хүн.
1973 онд би Болгарт 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх курст явсан юм. Энэ үед О.Ягаанцэцэг багшийн хань Ч.Хунжав гуай Зөвлөлтийн элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Багш өөрөө циркийн дунд сургууль, дипломат сургуульд багшилж байсан үе. Би 25 настай анхны хүүхдээ тээж байснаа тухайн үед хүмүүст мэдэгдээгүй юм. Спортын хүн бие давхар болох амаргүй байлаа. Багш маань намайг тосч аваад тэнд байх хугацаанд тусалж дэмжин, зааж зөвлөж байсан.
-Багшийнхаа тухай сонирхолтой түүх яриач. Залуудаа Монголын урдаа барьдаг хөнгөн атлетикийн тамирчин гэгддэг байх аа?
-О.Ягаанцэцэг багш хөнгөн атлетикийн тамирчин хэдий ч цана тэшүүр, гар бөмбөг, дугуй, мотоспортоор хүртэл хичээллэдэг тал бүрийн авьяастай хүн. Энэ бүх төрлүүдээр улсын төдийгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, эхний байруудад бичигдэж байсан. Багш маань Румынд болсон Дэлхийн залуучууд оюутны фестиваль, Варшавын олон улсын хурлуудад оролцож байсан манай урдаа барьдаг сэхээтэн тамирчдын нэг. 1959 онд Монгол Зөвлөлтийн залуучуудын анхдугаар фестивальд оролцож байсан. Багшийн нэг тэмцээнд орж байсан тухай хөгжилтэй түүх ярья.
1953 онд одоогийнх шиг кет, шефи байдаггүй байлаа. Намхан ултай гуталтайгаа л уралдаан тэмцээнд ордог байсан гэдэг. Румынд болсон оюутан залуусын фестивальд оролцохоор багш маань багийнхантайгаа долоо хоногийн өмнө очжээ. Хятадын эмээ гутал, зузаан бэлтгэлийн хувцастай манай тамирчдад Цэрэндорж багш нь “Спартак” нийгэмлэгээс тоглолтын хувцас авчирч өгчээ. Тэгэхэд анх удаа уландаа хадаастай гутал харснаа багш ярьдаг юм. Одоогийнхтой харьцуулашгүй их өндөр хадаастай, хатуу ултай байж. Болгоомжтой өмсөхгүй бол эрээн булчингаа гэмтээдэг гэж сонссоноос болоод айгаад гүйж чадахгүй, бэлтгэл сургуулилтаа хийх гэж хөглөж байснаа ярьдаг юм. Одоо бол манай тамирчид бүх хувцас хэрэгсэл нь стандартынх сайхан болжээ.

-Багшаараа бахархаж, үлгэрлэн дууриаж явдаг зүйл олон байдаг байх?
-Багшийн дээдийн биеийн тамирын факультетийг олон жил хариуцаж ажилласан. Мэргэжилтэн багш нартайгаа нийлж оюутнууд, ерөнхий боловсролын сургуулиудын дунд судалгаа явуулж хөдөөний болон хотын захын, төвийн хүүхдүүдийн бие бялдрын хүмүүжил ямар байгааг судалж гаргасан байдаг. Үүний үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн 1-4, 5-8, 9-10 дугаар ангийн хүүхдүүдийн биеийн тамирын 45 минутын хичээлд ямар бэлтгэл, дасгал сургуулилт оруулах талаар хөтөлбөр батлуулсан нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа. Энэ бол маш том бас бахархмаар ажил.
Мөн цэрэгжилтийн хичээлийг ямар хугацаатай, хөтөлбөртэй байхыг боловсруулж, Батлан хамгаалахын сайдаар батлуулж байсан. Ер нь Монголын биеийн тамирын факультетын бүх сургалтын хөтөлбөрийг гаргаж, батлуулсан гавьятай хүн дээ.
Багш маань далайхдаа сүртэй ч, буухдаа зөөлөн хүн. Манай сургуулийнхан багшаас их сүрдэнэ. Багшийн явж байгаа нь гурван давхраас мэдэгддэг байсан. Туфлийнх нь өсгийн дуу андашгүй. Бид чимээнээр нь бажигдана шүү дээ. Багшийнхаа спортод тавьж өгсөн суурь мэдлэг, уламжлал, ур чадварыг өвлөж авсандаа баярлаж байдаг.
-Багш тань хийсэн ажил, гаргасан ажилтаа зохих ёсоор үнэлүүлж чадсан уу?
-Багшийн дээдийн бүх ангид бие бялдрын хүмүүжлийн онол заах аргазүйн хичээлийг 1965-1990 оны хооронд заасан байдаг. Тэгэхээр энэ үеийн бүх төгсөгчдийн багш юм. Урлагийнхан, ялангуяа драмын ангийнханд биеийн тамирын хичээл орно. 1971 оноос циркийн урлагийнханд ч хичээл заадаг болсон. Сүүлд дуулаачийн ангид хичээл ордог байсан.
1959 онд гар бөмбөгийн нэгдүгээр зэрэг авсан хүн 1990 онд дөнгөж Спортын мастер болж өнгөрсөн жил олон улсын мастер болсон. Багш нь гавьяат аваагүй байхад шавь нар нь үнэлүүлж байгаад заримдаа санаа зовдог юм. Энэ бүхэн тухайн нийгмийн тогтолцоо, үнэлэмжээс болдог байх. Социализмын үед зэргийн нэмэгдэл, гаргасан амжилтын гавьяаг үнэлж чаддаггүй байсан. Нөгөөтэйгүүр нөхөр нь улс төрийн шалтгаанаар донгодуулахад багшийг диканы ажлаас нь чөлөөлж, хэлмэгдүүлж байсан юм билээ.
-Та одоо Монголын биеийн тамир, спортын ахмадын хорооны нарийн бичгийн дарга. Ахмад тамирчдынхаа төлөө юу хийж байна?
-Монголын биеийн тамир, спортын ахмадын хорооны нарийн бичгийн даргын ажлыг 2005 оноос хийж байна. Ахмад буурлуудынхаа амжилтыг үнэлүүлэх, хийсэн бүтээсэн зүйлсийг нь хойч үедээ өвлүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж явна.
Миний багш О.Ягаанцэцэг Багшийн дээдийн биеийн тамирын факультетийн эрдэм шинжилгээний бүх ажлыг хийж, онол практикийн бага хурлыг зохион байгуулж, сургалтын төлөвлөгөөнүүдийг нь гаргасан хүн. Багш гэдэг хүнийг хүн болгох, хөл дээр нь босгох, амьдралд тууштай, сахилга баттай хүнлэг байхыг сургадаг агуу мэргэжил. Хүний хөдөлмөрийг үнэлдэг хүнлэг энэрэнгүй энэ нийгэмд багшийн маань хөдөлмөрийг шударгаар үнэлэх байх гэж итгэдэг.