Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Боловсрол, соёлын газрын дарга Б.Ундрахтай ярилцлаа. Учир нь тус газрынхан бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар баруун бүсийн аймгийнханд үлгэр дууриалтай ажиллаж байгаа гэдгийг сонссон юм.
-Танай Боловсрол, соёлын газар ямар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Бид 2015-2016 оны хичээлийн жилд хариуцсан салбарынхаа 24 сургууль, 42 цэцэрлэг түүн дээр соёлын талд хөгжимт драмын театр, музей, сумдын соёлын төв, номын сангийн ажилд зөвлөн туслах хэлбэрээр ажилладаг. Тэр дундаа хувийн 14 цэцэрлэг, улсын цэцэрлэгүүдийн ачааллыг хөнгөлж өгч байгаа. Хувийн цэцэрлэгийн сургалтыг төрийн цэцэрлэгүүдийн адил цөм хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан.
-Танай аймагт бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэлээд өндөр төвшинд зохион байгуулсан гэх юм. Үр дүнг нь юугаар хэмжих вэ?
-Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаагийн үр дүн бас байна. Боловсролын салбарын ажлын үнэлгээ бол маргааш, нөгөөдөр л гардаг юм биш. Бүр 12 жилийн дараа төгсөгчид маань элсэлтийн ерөнхий шалгалтаа хэр сайн өгөв гэдгээс харагддаг. Тэгвэл энэ талаар манай аймаг улсад гуравт жагслаа шүү дээ. Тэгэхээр Ховдын хүүхдүүд оюуны чадамжаар тийм түвшинд үнэлэгдэж байна гэсэн үг юм.
-Хөдөөгийн сургуулиудад нэг анхаарал татсан сэдэв дотуур байрны асуудал байдаг. Энэ талаар...?
-Сургуулийн дотуур байрны чиглэлээр бусад аймгаас ялгарахаар онцлог зарим санаа, шийдэл бий. Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх, хөгжил-2” төслийг манай аймгийн хэмжээнд өргөн хэрэгжүүлж байна. Манай 16 сумын сургуулийн нийт 1890 гаруй хүүхэд дотуур байранд суудаг. Тэдний бүтэн 10 сарын амьдрал энд л өнгөрдөг. Тиймээс тэнд ажилладаг багш, тогооч, үйлчлэгч нар хүүхдүүддээ хайр халамж сайтайгаар үүргээ нэгтгэж нэг баг болж ажиллахад төслийн чиглэл оршдог.
Ингэж чадсанаар хүүхдийн сурлага хүмүүжилд ахиц гарч байгаа нь ажиглагддаг. Хүүхдүүдтэй ажилладаг тэр хүмүүсийн ажилдаа хандах хандлага ч өөрчлөгдөж байна. Ер нь манай төсөл, хөтөлбөрийн эцсийн зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлье, хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй болгоё гэсэн уриан дор өөрсдөө шийдвэр гаргах чадвартай зөв Монгол хүүхдийг бий болгож гаргах явдал гэж бид үздэг. Мөн Жайка олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөртэй хамтарч ажилладаг. Үүний нэг нь бага боловсролын сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны систем, дэвшилттэй технологийг ашиглах чиглэлтэй. Энэ төслийг бид сайн хэрэгжүүлж баруун таван аймгийг тэргүүлсэн.
-Багш нарын сургалтдаа ашиглах техник, хэрэгсэл, материал хэр хангалттай байдаг вэ?
-Нэг үед багш нар маань яаж ажиллаж байсан бэ гэвэл аль нэг хичээлийн 30 тестийг олшруулъя гэхэд өөрсдөөсөө мөнгө зардаг байлаа. Нэг сургуульд гэхэд 20-30 мянган төгрөгийн бичиг хэргийн зардал сард очдог. Тэр нь ердөө хэдэн боодол бичгийн цаас аваад л дуусчихдаг. Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэх мөртөө багш нар мөнөөх л самбар, шохойтойгоо зууралдаад байх юм бол зорилгоо яаж биелүүлэх вэ.
Ийм учраас бид аймгийн ИТХ, Засаг даргын түвшинд хандаж сургууль бүрт хүүхдийнх нь тоогоор хичээлийн хэрэглэгдэхүүний зардал өгдөг байя гэсэн саналыг удаа дараа тавьсан. Энэ маань биелэлээ олж өнгөрсөн жилээс орон нутгийн хөгжлийн сангаас хүүхэд бүрт 3000 төгрөгөөр бодож нийт 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгвэл энэ хичээлийн жилд хүүхэд бүрийн зардал 1000 төгрөгөөр өссөн. Оруулсан хөрөнгө ч 75 сая боллоо. Ингэснээр багш нарын санал, санаачилга, хүүхдэд хандах хандлага ч өөр болж байна.
Мөн хичээлийн жилийн сар, улиралд хэрэгтэй ямар хичээлийн хэрэглэл, материал байх ёстойг сургуулиуд багш нарын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд хэрэгжүүлдэг туршлага ч бий болсон. Ер нь багшийн ч, сурагчийн ч боломж бололцоог хангаад өгвөл сургалтын чанар улам сайжирдаг жам байна л даа.
-Цөм хөтөлбөрийн гол үр дүн чухам юу юм бэ?
-Бага боловсролын цөм хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролыг олгоход хэрэгжүүлж байгаа олон давхар үүрэгтэй юм. Цөм хөтөлбөрийн үр дүн нь хүүхэдтэй ажилладаг бүх хүн өөрсдийн үйл ажиллагааны хандлага, сэтгэлгээгээ өөрчлөөд цоо шинэ зүйл рүү орж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тал дээр хянаад, шалгаад байх биш зөвлөн туслах үүрэг нь манай Боловсрол, соёлын газрын ажлын гол чиглэл болж байна.
-Салбарынхаа байгууллагууддаа танай газраас хандаж байгаа хандлага, зохиож байгаа ажлыг БСШУ-ы сайд Л.Гантөмөр дөмөг үнэлж байх шиг санагдсан?
-Тийм л дээ. Сайдын үг аятайхан л сонсогдож байсан шүү. Тэгэхдээ бид магтлаа гэж тайвшрахгүй. Бид энэ сарын 1-нээс ирэх оны тавдугаар сарын 30 хүртэл 240 хоногт яаж ажиллахаа календарчилж төлөвлөсөн. Үүнээс харахад Боловсрол, соёлын газрынхан 240 хоногийн 103-т нь салбарынхаа сургууль, цэцэрлэг бүрт хүрч ажиллахаар тусгасан байгаа. Гол нь хөдөө орон нутагт ажиллана гэсэн үг.
-Танай энэ ажлын хуваарийг харахад хэдийд, хаана ажиллах нь тов тодорхой байх шиг?
-Бид цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийнхантайгаа хамтарч графикийн дагуу явж байна. Аймгийн төвийн III сургуулиас бид зөвлөн туслах ажлаа эхэлсэн. Дараа нь “Цаст Алтай” сургуульд ажиллах хуваарь энэ ногооноор заасан нь. /харуулав/ Мөн Дуут сумын сургуульд цаашлаад баруун гурван суманд ажиллана. Энэ хуваарь бол бидэндээ хууль мэт үйлчилнэ.
Жилийн турш сургууль, цэцэрлэг, соёлын газруудаараа ажиллачихаад бүсийн зөвлөгөөнийг есөн газарт зохион байгуулна. Тэгээд бүсийн зөвлөгөөнөөр шилэгдсэн сайн хичээлүүдээ, олж харсан сайн зүйлүүдээ шилдэг арга туршлага болгож түгээх ажилдаа орно. Бидний ажлын гол чиглэл нь судлагдахуунд суурилсан мэргэжил, заах арга зүйн дэмжлэг үзүүлэх явдал юм.
Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад сургууль, цэцэрлэг бүр өөр өөрийн онцлог, үзэл баримтлалд тулгуурласан арга барилтай болж авдаг. Энэ нь цаашдын ажил хөгжихүйд чухал нөлөөтэй. Манай Боловсрол, соёлын газраас сургууль бүртэй элсэлтийн ерөнхий шалгалтын талаар тодорхой төвшинд хүргэж ажиллах гэрээ байгуулдаг. Ингэснээр найман сургууль гэрээнд заасан зорилгодоо хүрсэн.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин