-Хариултын хуудсыг хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөнө-

Б.Туул

БШУЯ-ны дэр­гэдэх Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч бид элсэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс ерөнхий шалгалтын бүртгэл, элсэлтийн журмын талаар та бүхний сонирхсон асуултад хариулж байгаа билээ.

Энэ удаад манай сонины zuuniimedee@yahoo.com цахим хуудас болон 70116001, 70116002, 88003942 дугаарын утсаар илгээсэн зарим асуултын  хариуг Боловсролын үнэлгээний төвийн  мэргэжилтүүдээс авлаа.

 

ШАЛГАЛТАД ОРООГҮЙ ТОХИОЛДОЛД ХУРААМЖИЙГ ЭРГҮҮЛЭН ОЛГОХГҮЙ

-Тухайн элсэгч шалгалтад орж чадаагүй тохиолдолд хураамжийг нь буцааж олгох уу?

-Ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгох болно. Харин бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд хураамжийг эргүүлэн олгохгүй. Мөн бусдад шилжүүлэн тооцох боломжгүй.

 

ГАДААДАД ДУНД СУРГУУЛЬ ТӨГССӨН БОЛ...

-Гадаадад дунд сургууль болон коллеж төгсөөд ирсэн хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын журам үйлчлэх үү?

-Гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүдэд бүртгэлийн журам адилхан үйлчилнэ. Харин гадаадад сургууль төгссөн хүүхэд БШУЯ-ны Ерөнхий боловсролын газраас аль улсын ямар сургууль төгсөөд ирснийг нь баталгаажуулах шаардлагатай. Ингэхдээ онлайнаар бүртгүүлээд, баталгаажсан бичиг баримтаа бариад шал­галтад орно. Элсэлтийн ерөнхий шалгалт бол тухайн хүүхэд бүрэн дунд боловсролоор юу үзсэн байх шаард­лагатай вэ гэдгийг шалгадаг. Өөрөөр хэлбэл гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн, гадаадад сургууль төгссөн зэргийг үл хамааран нэг л түвшинд шалгалт авна.

 

ГАР УТАС, ТООНЫ МАШИН АВЧ ОРОХЫГ ХОРИГЛОДОГ

-Элсэлтийн шалгалтад орохдоо юуг илүү анхаарах вэ?

-Шалгалтад орохдоо элсэгчид анхаарвал зохих хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, элсэгчид  бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд, мөн шалгалтад өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож хоёр жилийн хугацаагаар шалгалт өгөх эрхийг хасдаг. Мөн шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, толь бичиг, компьютер зэрэг бусдад саад болох зүйл авч орохыг хориглодог. Зарим хүүхэд үүнийг мэдэхгүйгээс болж,  шалгалт өгөх эрхээ хасуулах тохиолдол бий.  Тиймээс эдгээр зүйлийг санахад илүүдэхгүй. Түүнчлэн шалгалт өгөхдөө хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө гэсэн  дүрэм, журам элсэлтийн шалгалтад үйлчилдэг.

 

ШАЛГАЛТЫН ДЭВТРЭЭ НООРОГ БОЛГОЖ АВЧ ҮЛДЭХ БОЛОМЖТОЙ

-Шалгалт өгсөн материалаа буцааж үзэх боломжтой юу?

-Шалгалт өгч буй хүмүүст шалгалтын дэвтэр, хариултын хуудас, гэрээний хуудас, бар код гэсэн дөрвөн зүйл очно. Тэгэхээр шалгуулагч шалгалтын дэвтрээ ноорог байдлаар ашиглаад өөртөө авч үлдэх боломжтой. Хариултын хуудас, бар кодыг шалгалтын комисст хураалгана. Тэгээд сүүлийн шалгалт дууссаны долоо хоногийн дараа  цахим хуудаст зөв хариулт гарна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдана. Тэр үед шалгуулагч ноороглосон шалгалтын дэвтэр дэх хариулттайгаа тулгаж үзэх боломжтой. Тулгаж үзээд ямар нэгэн алдаа, асуудал байх юм бол манайд өргөдөл гаргаж болно.