Д.НАДМИД


Улаанбаатар төмөр замын инженерүүдийн бүтээл “2 загал” серийн гурван илчит тэргийг ашиглалтад хүлээж авах, аян замд үдэх ёслол өчигдөр Төмөр замын төв буудалд болов. Монголын төмөр замынхан ЗХУ-д үйлдвэрлэсэн 2М62М се­рийн ашиглалтын хуга­цаа нь дууссан илчит тэрэгний баазыг ашиглан шинэ зүтгүүр бий болгох талаар 2003 оноос судалгаа хийжээ. Уг судалгаандаа үндэслэн АНУ-ын “GE transpor­tation Parts LLC” компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төслийн дагуу тус компаниас эхний ээлжинд 20 ширхэг дизель хөдөлгүүр бүхий хүчний модулыг худалдан авч “2 загал” нэртэй монгол илчит тэрэг угсарч 2006 он гэхэд тавыг үйлдвэрлэсэн юм билээ. 2009 оны дөрөвдүгээр сард мөн тийм илчит тэрэг хоёрыг нэмж угсарсан байна.
Үүнээс хойш эдийн засгийн зарим шалтгааны улмаас төслийн явц жаахан саатсан бол анхны үйлдвэрлэл эхэлснээс хойш 10 жилийнхээ ойн дээр сүүлчийн гурван илчит тэргийг угсарч бэлэн болгосноо ашиглалтад хүлээн авч, анхны аян замд нь үдэж гаргав. Монгол инженерүүдийн бүтээсэн уг илчит тэрэг ашиглалтын хугацаа нь уртасч, нэг бүрийн хүчин чадал нь хоёр дахин өссөн байна. Тухайлбал, хуучин илчит тэрэг нэг удаа 2400 тонн ачаа чирдэг байсан бол “2 загал” нь 3600 тонн ачаа тээвэрлэнэ. Мөн эвдрэл гэмтэл нь 10 дахин багассан, үйлчилгээ засварын хоорондын зай 1.5 дахин уртассан, 1000 тонн километрт ногдох түлшний зарцуулалт 40 хувь багассан гээд эдийн засгийн үр ашиг нь их гэж төмөр замынхан сэтгэл өндөр ярилцаж байна.
Шинэ илчит тэрэг хүлээн авах ёслолын үеэр Улаанбаатар тө­мөр замын дарга Г.Сэрээнэндоржтой уулзахад “Монгол инженерүүд анх Оросын хуучин тэрэгний бие анги дээр Америкийн хүчний эд анги суурилуулсан нь Казахстан, Польш зэрэг дэлхийн олон орны төмөр замынхан паркаа шинэчлэх үлгэр жишээ болж хөгжлөө. Ийм өндөр хүчин чадалтай, эдийн засгийн үр ашигтай шинэ илчит тэргийг монгол инженерүүд анх бүтээсэн явдал төмөр замчид төдийгүй монголчуудын бахархал юм” гэлээ.
Эзэн Чингисийн хоёр загалаар  нэрлэсэн шинэ илчит тэргийг жолоодож залуу машинч замдаа гарлаа.